Б.Очирхуяг: Бид Роботыг хийдэг роботтой болох ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, инноваци хариуцсан дэд захирал Балдоржийн Очирхуягийг “Технологи” буландаа урьж ярилцлаа. Түүний яриа санаж сэрэх олон шалтгийг олгохын зэрэгцээ нэн сонирхолтой байсныг уншигч тантай хуваалцаж байна.

 


 

Өнөө үед эрдэм шинжилгээ, инноваци, технологийн дэвшил улс орны хөгжлийг чиглүүлж , хөтөлж байна. Бидний ярилцлага ч энэ чиглэлд өрнөх болно. Юун түрүүнд та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? 

Би ЗХУ-ын Львовийн улсын их сургуулийг биохимич мэргэжлээр төгссөн. Ингээд 1987-1995 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Франц улсын Үндэсний хөдөө аж ахуйн хүрээлэнд 1995-1997 онд ажиллахдаа Францын жижиг доктор гэх цолыг хамгаалж, улмаар тус хүрээлэндээ Монголын гүүний сүүний уургийн фракц, айргийн биологийн идэвхит нэгдэл сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Үүнээс хойш Европын холбооны төсөл дээр хоёр жил ажиллаж байгаад 2001 онд Монголдоо ирж МУИС- ийн Биохими, Микробиологийн тэнхмийн эрхлэгч, 2007-2010 онд ШУТИС-ийн Хүнс, биотехнологи, инженерийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2010 оноос МУИС-д Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимд багшилсан. 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн МУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, инноваци хариуцсан дэд захирлаар томилогдон ажиллаж байна даа.

Та эрдэм шинжилгээний хэдэн бүтээл, хэчнээн нээлт хийсэн бэ?  

Би ШУА-ийн тэргүүлэх эрдэмтдээс бүтсэн багт орж ажиллах хувь тохиосон азтай хүн. Миний багш Оросын Батмөнх гэж хүн байлаа. Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийг биохимийн суурь дээр хөгжүүлэх хүсэл зорилготой, энэ чиглэлээрээ их ч судалгаа хийсэн хүн. Багш маш олон төрлийн патент, шинэ бүтээлийн гэрчилгээ авсан. Миний хувьд нэг патент, хоёр шинэ бүтээгдэхүүний гэрчилгээтэй.

Бүтээлийнхээ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?  

Манай судалгааны баг тэр үед хүнсний үйлдвэрийн хаягдал, хөнгөн үйлдвэрийн хаягдлыг дахин боловсруулж, зах зээлийн эргэлтэд оруулах судалгаан дээр ажилласан л даа. Ингээд сүү боловсруулах үйлдвэрээс гардаг ээдэмцэрийн уургийг боловсруулаад казинат натри гэх уургийг гаргасан. Энэ уургийг өнөө хүртэл хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж байна. Улмаар энэ уургаа цааш нь задлаад пептит буюу амин хүчлийн хольц гаргаж авсан. Энэ нь хүний биед маш хурдан шимэгдэлтэй, хүнд хагалгаа хийлгэсний дараа хэрэглэхэд тохиромжой, хоол боловсруулж чадахгүй байгаа хүмүүст тэжээл болдог, өндөр физик ачаалалтай хүмүүст богино хугацаанд сэргэх бололцоог олгодог бүтээгдэхүүн л дээ. Ялангуяа бэлтгэлд гарчихсан байгаа тамирчид, уурхайчдад их хэрэгтэй. Тэдэнд өндөр ачааллын дараа богино хугацаанд сэргэх шаардлага тулгардаг. Тэгвэл энэ уургийг хэрэглэснээр шаардлагатай байгаа пептит амин хүчлээ аваад, бодисын солилцоо тогтворжиж, маш хурдан сэргэж буцаад ажилдаа орох, эргээд дасгалдаа орох боломжтой. Мөн биотехнологийн үйлдвэрийн гол түүхий эд болох бичил биетнийг ургуулах тэжээлт орчин гэдгийг гаргаж авсан. Энэ нь маш сайн бүтээгдэхүүн болсон. Тухайн үедээ Германы “Serva” гэх алдартай компанийн бүтээгдэхүүнтэй харьцуулагдаж, зарим үзүүлэлтээрээ түүнээс илүү гарсан гэдэг нь нотлогдож байлаа. Тэр үед зах зээл дөнгөж эхэлж байсан, мөн эдийн засгийн хувьд энэ үйлдвэрлэлийг дэмжиж хийх бололцоогүй байсан учраас энэ маань амьдралд хараахан өргөн нэвтэрч чадаагүй.

Та мөн гүүний саамнаас шинэ уураг нээсэн. Энэ нээлт гүүний саамыг дэлхийн зах зээлд таниулахад их чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг үнэн үү?  

Францад ажиллаж байхдаа ингэний сүүнээс шинэ уураг нээсэн. Түүнийгээ ингэний сүүний суурьлаг уураг гэж нэрлэсэн. Өмнө нь Норвеги, Итали, Германы эрдэмтэд сүүнд шинэ уургууд байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлж байсан юм билээ. Ингээд би 1997-1999 онд докторынхоо ажлыг хийж байхдаа гүүний сүүний өмнө нь тогтоогдоогүй байсан уургийг тогтоосон. Яагаад үүнийг би нээсэн гэж хэлэхгүй байна гэхээр энэ уургууд нь үхрийн сүүнд байдаг боловч гүүний сүүнд байдаг эсэхийг тогтоогоогүй байсан. Бид сүүнд агуулагддаг уургийг зөвхөн тэжээлт бодис гэдгээр л ойлгож ирсэн. Тэгвэл сүүлийн жилүүдэд зөвхөн тэжээлт бодис биш, бусад биологийн идэвхит нэгдлүүдийг гаргах, үүсгэх боломжтой юм байна гэдгийг мэдэж байна. Гүүний сүүнд хүний даралтыг тогтворжуулах, гаднаас орж ирэх бактериудын эсрэг үйлчилгээтэй идэвхтэй пептитүүд байгааг тогтоосон. Айргийг жишээ нь хүний даралтыг тогтворжуулахад хэрэглэж болохгүй. Учир нь исэлтийн явцад айрганд спирт үүсч байдаг. Спирт нь даралт ихэсгэх эсрэг үйлчилгээтэй. Харин гүүний саамаас энэ чиглэлийн пептитүүдийг гаргаад, эмчилгээний зориулалттайгаар амьдралд нэвтрүүлэх нь зохистой.

Гүүний саамыг Японы зах зээл их сонирхож эхэлсэн нь ийм учиртай байх нь ээ?

Ер нь ганц Япон биш л дээ. Дэлхий нийтээрээ сонирхож байна. Франц, Герман, Унгар зэрэг Европын холбооны улсууд 2000 оноос эхлээд энэ чиглэлээр судалгаа хийж, хэрэглэх болсон байна.

Судалгаанаас хэрэглээнд нэвтэрч эхэлсэн гэж ойлгож болох уу?

Тэгэлгүй яахав. Сайтар мартагдсан хуучин зүйлийг шинэ гэж нэрлэдэг гэж үг бий. Түүнтэй адил европчууд сайн мартагдсан бүтээгдэхүүнээ эргэж нээж байна гэж хэлж болно. Тухайлбал, түүхэнд францчууд гүүний саамыг хэрэглэж байсан. Хатан хаан нь гүүний сүүнд ордог, арьсаа зөөлрүүлэх, залуу сайхан харагдахын тулд хэрэглэж байсан. Тэр нь одоо шинжлэх ухаанаар нотлогдоод явж байна. Гүүний сүүнд агуулагдах уураг задлах пептитүүд нь үхрийн сүүнээс хамаагүй илүү байдаг.

 СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ БОЛНО ГЭЖ ЗОРИЛГО ТАВИАД, МАРГААШ НЬ ШУУД БОЛЧИХДОГ ЭД БИШ Л ДЭЭ. ОЛОН ШАТ ДАРААЛСАН АЖЛУУДЫГ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙЖ ЭНЭ ҮР ДҮНД ХҮРНЭ.

Аливаа инноваци, судалгаа шинжилгээний үр дүн нь зах зээлийг тэлж, амьдралд ашиг тусаа өгдгийн жишээ энэ. Тэгвэл Монголын тэргүүлэх их сургууль энэ чиглэлд хэр анхаарч байгаа вэ?

Төр засгаас 2024 он гэхэд Монгол Улсаас дөрвөн их сургуулийг Азийн 100 шилдэг их сургуулийн эгнээнд багтаана гэсэн том зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд МУИС 2013 онд бүтцийн зоригтой өөрчлөлт хийж, “Либерал арт” дээр суурилсан судалгааны их сургууль болох зорилт тавиад байгаа. Судалгааны их сургууль болно гэж зорилго тавиад, маргааш нь шууд болчихдог эд биш л дээ. Олон шат дараалсан ажлуудыг хийж хэрэгжүүлж байж энэ үр дүнд хүрнэ. Нэгдүгээрт, судалгаа хийх дэд бүтцийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтаа зөв зохистой зарцуулах шаардлагатай. Азийн 100 их сургуулийн эгнээнд багтахын тулд сайн боловсон хүчинтэй болох ёстой. Харин МУИС үүнийг хэрэгжүүлэхэд боловсон хүчний нөөц их баялаг. Манай эрдэмтэн багш нарын 49 хувь нь докторын зэрэг хамгаалсан. Үүнээс ихэнх нь дэлхийн өндөр хөгжилтэй, шинжлэх ухаан асар их хөгжсөн улсуудад докторын зэргээ хамгаалсан эрдэмтэн байгаа нь том давуу тал юм. Нөгөөтэйгүүр, МУИС бол дэлхийд байдаг ховорхон их сургуулиудын нэг гэж би боддог. Яагаад гэхээр, дэлхийн өнцөг булан бүр дэх сургалтын системээс сураад, мэдлэг олоод ирчихсэн хүмүүс энд багшилж байна. Япон, Америк, Европын холбооны улсууд, Австрали улсад боловсрол эзэмшиж, мэдлэгээ баяжуулсан багш нар ажиллаж байгаа нь орон бүрийн сайн туршлага, мэдлэгийг Монголд нэвтрүүлэх, төлөвшүүлэх боломжийг олгоно.

МУИС-ийн зүгээс судалгаа, эрдэм шинжилгээг ямар салбарт түлхүү хандуулж байгаа вэ?

Манай их сургууль улс орны хөгжлийг тодорхойлох бүх салбарт судалгаагаа хандуулдаг. Сүүлийн үед салбар дамнасан интеграцичлал маш хүчтэй явагдаж байна. Дээр нь дэлхий нийтээрээ бид аж үйлдвэрийн IV үеийн өмнө тулж ирлээ. Бидний мэддэг байсан хуучны мэргэжлүүд байхгүй болох хандлага ажиглагдаж байна. Өнөөдөр сард дунджаар 4-5 мэргэжил хэрэгцээгүй болж байна гэсэн судалгаа бий. Тэгэхээр үүнтэй уялдуулж сургалтын хөтөлбөрөө боловсруулах шаардлага тулгарч байгаа гэсэн үг.

Монголд огт судлагдаагүй, судлах шаардлагагүй, боломжгүй салбарууд гэж бий юу. Жишээ нь, далай судлал гэдэг ч юм уу?

Монголд далай байхгүй учраас далай судлал хэрэггүй гэж үзэж болохгүй л дээ. Яагаад гэвэл хэдийгээр далай байхгүй ч далайг судалдаг арга зүй нь Монголд хэрэгтэй. Тэр арга зүйгээр горхи, нуур, усыг судалдаг. Ер нь Монголд судлаагүй салбар гэж байхгүй. Гэхдээ тодорхой нэг салбаруудыг судлах орчин нь бүрдээгүй, эсвэл багаж тоног төхөөрөмжийн дутмаг байдал, дэд бүтэц хангагдаагүй зэргээс болоод судалгааны хөгжлийнх нь явц удааширсан тийм салбарууд бий.

Тэгвэл бүх судалгааны салбар руу хүрч ажиллах боловсон хүчний хүрэлцээ бий гэж үү. Судлаачид, эрдэмтдийн тоо тийм ч олон биш гэж санаж байна?

Тийм л дээ. Энэ нь манай хүн амтай шууд холбоотой. Гурван сая иргэнтэй улсад эрдэмтэн, судалгааны чиглэлд ажиллаж байгаа хүмүүсийн хувь маш бага байх нь тодорхой шүү дээ. Гадаадад бүхэл бүтэн судалгааны хүрээлэн хийдэг ажлыг манайд нэг хэлтэс хийж байна. Нэг хэлтсийн хийдэг судалгааг манайд нэг хүн л хариуцаж хийдэг. Тэгэхээр нэг хүний хийж байгаа судалгааг 30 хүн багаараа хийж байгаа судалгаатай харьцуулахад бүтээмж, цаг хугацаа, хурд гээд нөлөөлөл их бий л дээ. Тиймээс бид энэ сул талаа нөхөхийн тулд гадаадын судлаачидтай хүч хавсрах, хамтрах чиглэлийг баримтлах ёстой. Ер нь дэлхийн ямар ч лаборатори, судалгааны төвд очиход Монгол эрдэмтдийн оролцоогүй, сонирхоогүй салбар, эсвэл судлагдахуун бараг байдаггүй. Эрдэмтэн судлаачид маань чадлынхаа хэрээр Монголын шинжлэх ухааны хөгжлийг дэлхийд таниулж яваа. Тиймээс би Монголынхоо эрдэмтдээр бахархаж явдаг.

Та түрүүнд шинэ шинэ шинжлэх ухааны салбарууд бий болж байна гэж хэлсэн. Тэгвэл тэдгээр салбарт ч Монголын эрдэмтэд бэлтгэгдэж байгаа юу?

Энэ чиглэлээр МУИС үргэлж тэргүүлж явах ёстой. Тиймд шинэ салбарт хүч үзэх боловсон хүчин, мэргэжилтнийг бэлтгээд эхэлчихсэн. Жишээ нь, сансрын салбарын инженерүүдийг бэлтгэж байна. Гэтэл пуужин хийхгүй, хүнээ сансарт нисгэхгүй байгаа оронд сансрын инженер ямар хэрэгтэй юм бэ гэдэг асуулт тавьж байна. Тэгвэл сансрын инженер гэдэг бүх шинжлэх ухааныг хамарсан мэдлэг, өндөр зэрэглэлийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг эзэмшдэг мэргэжил. Төгсөгчдийн 5-6 хувь нь хиймэл дагуул сансрынхаа чиглэлд ажиллана. Үлдсэн 95 хувь нь юу хийх вэ. Тэгвэл тэд Монголын бусад салбарт очиж ажиллана. Маш нарийн боловсорсон, инженерийн шинжлэх ухааныг цогцоор нь харж чаддаг инженерүүд тухайн салбаруудад очсоноор шинэ инноваци, шинэ санаа, шинэ стандартуудыг хэрэгжүүлнэ, нэвтрүүлнэ. Ингэснээр тэр салбарт үсрэлт гарч ирнэ гэж би хардаг. Одоо бидний хэрэглэж байгаа маш олон зүйл сансар судлалын салбараас орж ирсэн. Өнөөдөр хүн бүрийн хэрэглээ болсон компьютерыг хамгийн эхлээд НАСА буюу сансар судлал дээр ашиглаж байсан. Одоо хуучирсан загваруудыг гаргаж ирээд хэрэглээнд нэвтрүүлж байна. Хүнсний үйлдвэрт нэвтрээд буй эгзэгтэй цэгийн хяналт гэж байдаг. Тэр хаанаас гарч ирсэн гэхээр мөн л сансрын нисэгчдийн хоол хүнсийг бэлтгэхэд бүх аюулгүй байдлыг хангах шаардлагаас үүдэж бий болсон.

Ер нь Монголд инноваци болон шинэ технологиудыг нэвтрүүлэхийн тулд яах ёстой вэ?

Монголд нэн тэргүүнд хөгжүүлэх зүйл бол үйлдвэрийг барьдаг үйлдвэрийг бид барих ёстой. Юу гэсэн үг вэ гэвэл, бид роботыг хийдэг роботтой болох ёстой. Ингэж чадвал Монгол Улс маш хурдацтай хөгжиж чадна. Өнөөдөр бид үйлдвэртэй холбоотой бүхнийг гадаадаас авах болдог. Энэ нь үйлдвэрлэлийнхээ өртөг зардлыг өсгөж, эргээд өрсөлдөх чадварыг үгүй хийж байна.

МУИС өөрийн гэсэн судалгааны лабораториудтай. Энэ нь инновацийг хөгжүүлэх зорилготой юу?

МУИС эрдэм шинжилгээ, судалгаа хийхэд зориулж, өөрөө хөрөнгө зарцуулдаг. Ойролцоогоор жилд 800 сая төгрөгийг үүнд зориулж байна. Өнөөдөр манай сургууль дээр гадаадын санхүүжилттэй 98 төсөл хэрэгжиж байна. Нийтдээ 38 эрдэм шинжилгээний лабораторитай. Мөн 10 орчим эрдэм шинжилгээний хүрээлэн бий. Олон улсын чанарын үзүүлэлтийг гаргадаг жагсаалтад манай их сургууль Монголдоо тэргүүлж байгаа. “Web of Science”-д бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд гаргасан нийтлэл, иш татсан байдлаараа бид ШУА-ийн өмнө явдаг.

ШУА-аас түрүүнд явдаг гэсэн үг үү?

Гаргасан бүтээлээрээ нэг номерт явж байгаа. Бидний судалгааны ажил дэлхийн түвшинд хүрч байгаагийн илэрхийлэл л дээ. Жилд ойролцоогоор 60-аад бүтээл нийтлэгдэж байна. Хоёр жилдээ 200-аад бүтээлийг хэвлэсэн тохиолдолд одоо бид дэлхийн их сургуулиудын эрэмбэд багтах боломжтой.

Судалгаа хийхэд мэдээж хөрөнгө санхүү шаардлагатай. Энэ тал дээр өнөөдөр байдал ямар байгаа бол?

Эдийн засаг сайн байх үед үед шинжлэх ухааны судалгаанд зориулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байсан. Харин сүүлийн жилүүдэд эдийн засаг хямарсантай холбоотойгоор хөрөнгө оруулалт зогсонги байдалд орж, хүнд болоод ирлээ. Судалгааны дэд бүтцийг хөгжүүлэх хурдац үүнийг дагаад удаарширч байгаа тал бий. Гэхдээ бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй. Байгаа нөөцөө зөв зарцуулах, мөн буцаад шинжлэх ухаанаа дэмжих хөрөнгө бий болгох чадвартай судалгаанууд хийхийг зорьж байгаа.

Ашиг олох зорилгыг түлхүү анхаарах болсон гэсэн үг үү?

Тийм ээ, санхүүгийн хувьд үр ашиг өгдөг байх шаардлага тулгарсан. Хэрэглээний чиглэлийн судалгаа хийдэг лабораториудыг шинээр байгуулж байна. Эдгээр лабораториудад хэдэн жилийн дараа эргээд сургуулиа санхүүгээр дэмжих судалгаануудыг хийх болно. Гэхдээ дан ганц мөнгө харж судалгаануудыг хийх нь буруу. Монгол Улсын ашиг сонирхлыг хангаж чадах, өв соёлыг хадгалах, батжуулах, үндэстний дархлааг хамгаалах, улс орны тусгаар тогтнолд шууд болон шууд бусаар нөлөө үзүүлэх онолын судалгаануудыг орхигдуулж болохгүй. Бодлогын журмаар МУИС үүнийг хэрэгжүүлэх учиртай. Жишээ нь, молекул биологийн судалгааг хэлж болно. Өнөөдөр биотерроризм гэх аюулаас хамгаалахын тулд энэ талын судалгаа хэрэгтэй. Мөн дэлхийд байхгүй, зөвхөн Монголд байдаг индэмик ургамал, амьтад гэж бий. Тэднийгээ хамгаалах, авч үлдэх үүргийг бид улс эх орныхоо өмнө төдийгүй дэлхийн өмнө хүлээн авсан. Энэ үүргээ биелүүлэх хэрэгтэй. Энэ мэт судалгаанууд шууд орлого өгөхгүй. Гэвч энэ нь судлахгүй орхиж болно гэсэн үг биш.

ЗӨВХӨН МОНГОЛД БАЙДАГ ИНДЭМИК УРГАМАЛ, АМЬТАД ГЭЖ БИЙ. ТЭДНИЙГЭЭ ХАМГААЛАХ, АВЧ ҮЛДЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Инноваци, шинэ технологи гэж их ярьж байна. Үүнийг хөгжүүлэхэд сургалтын систем их үүрэгтэй юу?

Инноваци гэхээр зөвхөн биет бүтээгдэхүүн гэж хүмүүсийн толгойд буугаад байна. Инноваци гэдэг аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шинэ шийдэл гаргах процессыг хэлэхээс гадна хүний бодох чадавхийг өөрчлөхийг мөн инноваци гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн өөрөөр сэтгэх чадвартай болох ёстой юм. Өнөөдөр бид оюутан төвтэй, шавь төвтэй сургалт явуулна гэж яриад л байна. Үнэн хэрэг дээрээ багш нарынхаа тархинд нь инноваци хийж чадахгүй бол энэ нь төлөвшихгүй, хий хоосон яриа болоод л өнгөрнө. Багш нар заах арга зүй, сургалтынхаа үйл явцыг бүрэн өөрчлөх ёстой. Өмнө нь багш нь бүх оюутны өмнө гарч зогсоод хичээлээ заадаг байсан бол одоо дунд нь орж зогсоно гэсэн үг. Шалгалт авах хувилбар мөн өөрчлөгдөнө. Одоогийн ихэнх шалгалт цээжилчихсэн бол хариулах боломжтойгоор явагддаг. Тэгвэл одоо мэдлэгийг бүрэн дүүрэн гаргаж ирэх, өөрт байгаа мэдлэгт синтез, анализ хийсний эцэст үнэнг олж тэрхүү асуултад хариулдаг байх зарчимд шилжих ёстой. Өөрөөр хэлбэл, мэдлэгт биш, мэдлэгийн чанар, чадавхид түлхүү анхаарах учиртай.

Та үүнийг жишээгээр тайлбарлаж өгч болох уу?

Нэгдүгээр ангийн хүүхдийг багш нь “Буруу бодсон байна. Чи сайн бод л доо” гээд байж. Гэтэл хүүхэд “Багш аа, бод бод л гээд байх юм. Бодно гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ” гэж асууж. Өөрөөр хэлбэл, бодох процесуудыг нь зааж өгөөгүй байж, бод гээд байж болохгүй гэсэн санаа. Задлан шинжилж бодох, ургуулж бодох, түүвэрлэн бодох, эргэцүүлэн бодох, харьцуулан бодох, синтез хийх гээд бодох олон аргуудыг анхнаас нь зааж өгөх ёстой. Энэ бүх аргыг мэдсэнээр аливаа мэдлэг бүтээлч сэтгэлгээ болж хувирна.

Дээр үед шинэ бүтээл, шинэ санааг ШБОС гэж нэрлэдэг байсан. Гэтэл өнөөдөр ийм ШБОС-ууд маш бага гарч байна гэсэн шүүмжлэлтэй санал нийлэх үү?

Шалтаг, шалтгаан олон байна. Одоо үед үүнийг инноваци гэж нэрлээд байгаа. Инновацийг хөгжүүлэхийн тулд нэг анхаарах зүйл бий. Тэр нь юу гэвэл, эрдэмтэн судлаачид шинэ бүтээгдэхүүн гаргаад, патент авч байгаа ч түүнийгээ борлуулж, зах зээлд нэвтрүүлж чаддаггүй. Шинэ бүтээлийг нь компанийн эзэн худалдаж авдаггүй. Тэгэхээр бид яах ёстой вэ. Одоогийн байдалдаа инноваци хийх хэрэгтэй.

ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ШИНЖЛЭХ УХААНЧ ЗУРАГЛАЛТАЙ, ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ, ТЕХНОКРАТ ҮЗЭЛ БОДОЛТОЙ ХҮНИЙГ БЭЛТГЭХ НЬ МУИС-ИЙН ЗОРИЛГО.

Танай сургууль үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?

Манай сургууль дэргэдээ инновацийн төв ажиллуулна. Ингэснээр багш нарын бүтээл патент авсан тохиолдолд энэ төвөөс гурван хүнтэй баг гаргах юм. Эхний хүн энэ нээлт нь шинжлэх ухааны үндэстэй байна уу, сайжруулах шаардлагатай юу гэдгийг тогтооно. Хоёр дахь хүн зах зээлийг нь судална. Зах зээл нь Монголд байна уу, гадаадад байна уу, мөн ямар үнээр зарагдах вэ гэдгийг хүртэл судлаад гаргаад ирнэ. Гурав дахь нь эдийн засгийн тооцоо, төлөвлөлт дээр нь ажиллана. Тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ямар өртөг шаардах, ямар ашигтай ажиллах вэ гэдгийг тооцно. Ингээд нэг бүтэн пакет гаргаж ирсний дараа түүнийгээ үйлдвэрлэгч буюу компанийн эзэнд шууд зарах боломжтой.

Нэг ёсондоо ТЭЗҮ нь бүрэн хийгдчихсэн төслийг худалдах нь ээ?

Ямар бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлээд, ямар ашиг гаргахыг нь бүгдийг хийгээд өгчих болохоор компанийн эзэнд ч амар шүү дээ. Дуртай худалдаж авч таарна аа даа? Хоёрт, ажил олгогчид, үйлдвэрлэгчид болон их дээд сургуулийн хоорондын харилцаан дээр инноваци хийх шаардлагатай. Өнөөдөр үйлдвэрлэгчид мөнгө, цаг хугацааны нэг үнэлэмжтэй. Гэтэл манай багш, судлаачид нэг өөр үнэлэмжтэй. Хүний нөөцийн албан дээр бас өөр үнэлгээ явж байдаг. Тиймд манай эрдэмтдийн мөнгө, цаг хугацааны ойлголт нь үйлдвэр, ажил олгогч эздийн мөнгө, цаг хугацааны ойлголттой ойртож очих шаардлага бий.

Одоо тийм их зөрүүтэй байдаг гэж үү?

Маш их зөрүүтэй. Эзэд яадаг вэ гэхээр мөнгөө өгснийхөө маргаашнаас эхлээд ашгаа олох сонирхолтой байдаг. Энэ бол тэдний зохион байгуулалтын систем. Манай багш нар болохоор эхлээд мөнгөө аваад, хоёр гурван жил судалгаагаа хийсний дараа бүтээгдэхүүнээ өгнө гэсэн ойлголттой. Тэгэхээр тэс өөр ойлголтууд байгаа биз? Маргааш ашиг олох гээд байгаа хүн хэзээ ч хоёр жилийн өмнө мөнгөө өгөхгүй шүү дээ. Бизнесмэнүүд манай судлаачид юу ч хийхгүй байна гэдэг. Харин судлаачид болохоор “Бизнесмэнүүд худалдаж авахгүй байна, эсвэл судалгааг минь санхүүжүүлэхгүй байна” гэдэг. Монголынхоо юманд мөнгө, хөрөнгө оруулалтаа оруулахгүй, гадны бэлэн юм авч байна гэдэг яриа ч эндээс л хамааралтай. Бэлэн юм худалдаж аваад, шууд ашгаа хийх нь бизнес эрхлэгчдэд илүү байна шүү дээ. Тэднийг буруутгах аргагүй. Үүнийг өөрчилнө гэдэг бас л инноваци.

Бидэнд дэлхийн зах зээлд нэвтрэх инноваци, технологи бий болгох боломж бий юу?

 Дэлхий хөгжөөд зах зээл нь тогтворжчихсон байна. Монгол Улс тэр зах зээл рүү нэвтэрч ороход маш хүндрэлтэй. Нэг бүтээгдэхүүн, инноваци, технологи гаргалаа гэж үзэхэд том компаниуд түүнийг оруулахгүйгээр залгих, дампууруулах аюул байна. Тиймд бидэнд орох арай дөхөм боломж нь эзлэгдээгүй орон зай руу л хараалах шаардлагатай. Тэнд огт байхгүй бүтээгдэхүүн гаргаж байж л бид дэлхийн зах зээл рүү нэвтэрч чадна. Инноваци бол эдийн засгийг хурдан хөгжүүлэх, ашигтай болгох гол хөшүүрэг. Тиймд инновацийг зөв хөгжүүлбэл эдийн засгийг тогтворжуулна. Эдийн засаг тогтворжих нь улсын тусгаар тогтнолыг дархалж баталгаажуулж өгдөг.

Таны бодлоор Монголын хөгжлийг хойш татаж буй гол зүйл юу вэ?

Дутуу боловсролтой улсууд. Асуудлаа бүрэн харж чадахгүй байгаа учраас буруу бодлого хэрэгжүүлж байна. Жишээ нь царван гэж ургамлыг яг зориулалтаар нь л хэрэглэхийн тулд мэдлэг хэрэгтэй. Түүний талаар бүрэн мэддэг хүн л хэрэглэж болох, болохгүй тохиолдлыг ялгаж чадна. Мэдэхгүй хүн бол ямар ч эмийг хор болгож хувиргана. Тийм учраас л ертөнцийг харах шинжлэх ухаанч зураглалтай, эх оронч сэтгэлгээтэй, технократ үзэл бодолтой хүнийг бэлтгэх нь МУИС-ийн зорилго. МУИС-ийн хувьд 75 жилийн баялаг туршлага дээрээ тулгуурлаж одоо үсрэлт хийх цаг болсон.

МУИС-ийн 75 жилийн ой тохиож байна. Монгол улсын хөгжилд оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүргийг та хэрхэн дүгнэж явдаг вэ?

Би нэг өгүүлбэрээр хариулъя. Өнөөдөр Монгол Улс тусгаар улс байхын тулд оюуны тусгаар тогтнолыг бий болгох энэ чухал үүргийг МУИС хангасан гэж л би хэлнэ. Тиймээс үнэлж баршгүй том үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс одоо хөгжлийн дараачийн түвшинд орохоор зэхэж байна. Судалгаанд суурилсан их сургууль болж, Азийн шилдэг 100 сургуулийн тоонд багтах зорилт удахгүй биелнэ. Дараагийн шатанд ганц МУИС шилжээд, бусад нь үлдэнэ гэсэн үг биш. Харин хаалгыг нээж өгөгч нь МУИС байх учиртай юм.

Ярилцсан: Д.ДАМДИНЖАВ

2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
з(202.9.40.52) 2018 оны 04 сарын 10

Та юу хийж чадахгүй. Мэргэжилийн хяналтийнхан ирээд торгоод хаачихна. Их хуралынхан эсвэл нэг яамныхан хувьцааныхаа 50% ийг зүгээр өг эсвэл зохиогчийн эрхэндээ минй нэрийг оруул үгүй бол зөвшөөрөл өгөхгүй гээд гүрийчихнэ. Монголын үнэн нүүр царай ийм л байна.

0  |  0
l(139.5.218.57) 2018 оны 03 сарын 25

gibrid robot hiine geecho

0  |  0
Энхтор(27.123.212.140) 2018 оны 03 сарын 20

Сайхан ярилцлага байна .Амжилт хүсье.

0  |  0
Top