Г.Баярсайхан: Бидний олж харж чадаагүй, орхигдсон хэсэг

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 12

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан: Биднийг хармагцаа гүйж ирээд тэврүүлж ямар нэг зүйлийг хэлэх гээд бачимдан уйлж байгаа энэ охиныг А гэж нэрлэе. А охин улсын асрамжийн төвд 10 настайгаасаа хойш амьдарсан. Юм ярьж чаддаггүй, хөл, гарын үйл ажиллагаа хэвийн бус, мөн сэтгэхүйн хувьд жоохон хүүхдийнхтэй ижил түвшинд сэтгэдэг хөгжлийн онцлогтой.

Тэрбээр энэ жил 21 нас хүрсэн. Маш их зүйл илэрхийлмээр байгаа боловч хэлд ороогүй учир чадахгүй. Маш их уйлдаг, чанга дуу чимээ гаргадаг, огцом хөдөлгөөн хийдэг. Ийм асуудалтай хүүхдүүд асрамжийн төвд олон байдаг. Монгол Улсад эдгээр хүүхдүүдээ хамгаалах төрөлжсөн асрамжийн төв байдаггүйгээс шалтгаалан энгийн хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг нь олон эрсдэлийг дагуулж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулиар эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд 21 нас хүртэл улсаас хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Харин жил бүр асрамжийн төвд байгаа хүүхдүүдийн 1/4 гаруй хувь нь хөгжлийн онцлогтой хүүхдүүд байна.

Халамжийн тухай хуулиар төрөлжсөн асрамжийн үйлчилгээг дөрвөн төрлөөр ангилдаг. Хүүхдийн асрамж, халамжийн төвийн орчинд өссөн ийм төрлийн бэрхшээлтэй хүүхдүүд 21 нас хүрмэгц шууд ахмад настны асрамжийн төв рүү ч юм уу шилжихэд хаа, хаанаа үнэхээр их хүндрэл үүснэ. Ер нь бодит байдал дээр бусад төрөлжсөн асрамжууд ч хүлээж авахгүй байгаа нь гашуун үнэн. Гэтэл эдгээр хүмүүсийн ирээдүй хэрхэх вэ???

Энэ бол манай төрийн олж харж чадаагүй, орхигдсон хэсэг мөн. Тиймээс Монгол Улсад хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд чиглэсэн хөгжил, хамгааллын төрөлжсөн төв зайлшгүй хэрэгтэй байна!!!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi bn(103.168.34.204) 2025 оны 08 сарын 14

Harin tiimee zailshgui heregtei

0  |  0
Top