Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ

2023 оны 11 сарын 04

Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважаваар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөл хуралдсан байна.

Хуралд хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдээс гадна Мөрөн сумын хамтарсан багийн гишүүд, багийн Засаг дарга нар, ерөнхий боловсролын сургуулийн захирлууд оролцжээ.

Хуралдаанаар “хүүхдийн хөгжил, хамгааллын ажлын тайлан, цаашид анхаарах асуудал”, “Мөрөн сумын хамтарсан багийн үйл ажиллагаа, үр дүн, анхаарах асуудал”, “ЕБС-иудын хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагаа, үр дүн, анхаарах асуудал” хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргасан байна. Тухайлбал,

- Хүүхдийг сонсох ажлыг бүх түвшинд тогтмолжуулж, хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг өргөжүүлэхэд анхаарах,

- Зуслангийн менежмент, орчин, үйл ажиллагааг сайжруулах,

- Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, шаардлагатай газруудад гэрэлтүүлэг, камержуулалт, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэх

- Хүүхдийн төлөө зарцуулж буй хөрөнгө санхүүжилтийг 2024 онд нэмэгдүүлэх

- Хүүхдэд аюул учруулж болох газар, эзэнгүй хашаа, байшин, обьектыг судалж тогтоон эрсдэлийг арилгах,

- Такси үйлчилгээнд хяналт тавих,

- Хорт зуршил, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,

- Сургууль, цэцэрлэгийн ойролцоох дэлгүүрүүдэд хүүхдэд хориотой хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй эсэхэд хяналт, шалгалт хийж, зөрчлийг таслан зогсоох,

- ЕБС-иудын ойролцоох газрыг хамгаалж, хүүхдийн чөлөөт бүс болгох зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж, биелэлтийг эргэн тайлагнахаар болжээ.

Мөн “Хамтдаа шалгая, хамгаалья” арга хэмжээг аймагт үр дүнтэй зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, эцэг, эх, иргэн бүр өөрийн байгууллага, гэр, орчны болон гэрээс сургууль, цэцэрлэг хүртэлх орчны аюулгүй байдлыг үнэлж, илэрсэн зөрчлийг бууруулах, арилгах арга хэмжээ авч ажиллахыг даалгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top