ПРОКУРОР: Гэр бүлийн хүчирхийллийн 250 хэргийг шүүхэд шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Төв аймгийн прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг энэ оны эхний арван сарын байдлаар судалжээ.

Дээрх төрлийн зөрчил Төв аймгийн Зуунмод, Заамар, Батсүмбэр, Лүн суманд хамгийн их бүртгэгдсэн бол Архуст, Баянжаргалан, Баянцогт суманд бүртгэгдээгүй байна. Тус аймгийн прокурорын газраас дээрх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн нийт 250 хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс зөрчил үйлдсэн хүмүүст 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж, 10-50 цагийн албадан сургалтанд хамруулахаар шийдвэрлэжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн хүмүүсийн 46 хувь нь 30-40 насны, 33 хувь нь 40-50 насны иргэд байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэлийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх үүргээ биелүүлээгүй хоёр иргэнд хуульд зааснаар хариуцлага тооцжээ.

Судалгааны дүнг үндэслэн тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг, Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Нарантуяа нар хамтран Батсүмбэр сумын иргэдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулга хийсэн байна хэмээн Төв аймгийн прокурорын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(43.228.129.86) 2019 оны 11 сарын 25

Zuv! Ingeh tsag bolson.

0  |  0
Top