Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын хүрээнд олон нийтэд зориулсан олон улсын үзэсгэлэн Сүхбаатарын талбайд болж байна. Үзэсгэлэнг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа 49 улс орон, олон улсын байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа өөрсдийн бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж байгаа юм. Үзэсгэлэн өнөөдөр, маргааш 18.00 цаг хүртэл гарна.
Үзэсгэлэнг нээж Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэлэхдээ “Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг гамшгийн эрсдэлийг бууруулахад хэрхэн ашиглаж байгаа, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын олсон амжилт, Ази Номхон далайн бүс нутгийн улс орнуудын түүх, соёл, уламжлал, хөгжил зэрэг олон асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцоход оршиж байгаа юм” гээд, “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, туршлагууд миний анхаарлыг их татлаа” хэмээн онцлов.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол Улсын нийслэлийн төв цэг болох их жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэнг Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцогч 50 гаруй улсын 3000 шахам төлөөлөгч үзэж сонирхохоос гадна Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн иргэд, гадаад дотоодын жуулчид ирж танилцан та бүхний амжилт бүтээл, шинэлэг санаа, шилдэг шийдэл, сайн туршлагыг өөрсдийн амьдрал ахуй, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын олон байгууллага, иргэдийн хооронд шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, техник технологи, бизнесийн болоод ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, цаашид өргөжин хөгжих болно гэдэгт миний бие итгэж байна. Та бүхэн нүүдэлчний болон орчин үеийн суурин амьдралын хэв маягийг хослуулан амьдардаг монгол түмний ахуй амьдрал, ёс заншил, түүх, уламжлал, байгалийн хосгүй сайхныг харуулсан аялал жуулчлал, Монгол үндэстний цэнгэл болсон баяр наадмын мэдээлэлтэй танилцаж, Монголын сайхан орноор аялаарай” хэмээлээ.
Сүхбаатарын талбай дээр гарч буй олон улсын үзэсгэлэнд Нийслэлийн онцгой байдлын газар оролцож, аврах ажиллагаанд хэрэглэж байгаа сүүлийн үеийн багаж, техник хэрэгслүүдийг дэлгэсэн байна.
Түүнчлэн уг үзэсгэлэн дээр хүм амын эрүүл, аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус олон улсын байгууллагууд танилцуулах материал бэлдэж, тус тусын үйл ажиллагааг танилцуулж байна.
"Мерси Кор Монгол" олон улсын байгууллагаас малчдад зориулсан маш хэрэгтэй үйлчилгээ гаргажээ. Энэ нь цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утасны мессежээр хүлээн авах боломжтой юм. Тодруулбал иргэн та аймаг, сум багийнхаа код тус бүрээр авахыг хүссэн мэдээллийнхээ харгалзах тоог 130105 дугаарт илгээснээр цаг алдалгүй нөхцөл байдлын мэдээг авах юм.
"Адра Монгол" ОУ-ын байгууллага нь гамшгийн эрсдэл, даван туулах арга зам болон хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр иргэдэд тун хэрэгтэй мэдээллээр хангаж байна. Тухайлбал энэ үзэсгэлэн дээр ирж тус байгууллагын асраар зочилбол эрүүл мэндэд тустай ногооны төрөл бүрийн салат хийх жороос эхлээд төмс хүнсний ногоо тариаллах зааварчилгаа бүхий гарын авлага авч, мэдээлэл авах боломжтой юм.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )