Хөшигийн хөндийд Олон улсын нисэх буудлын ажлыг эхлүүлээд 10 жилийн нүүр үзэж байгаа ч ашиглалтад өгөх болоогүй гэдгийг салбарын удирдлагуудаас илэрхийлжээ. Уг нь Хөшигийн хөндийн нисэх буудлыг энэ оны арваннэгдүгээр сарын 8-нд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байсан ч ийнхүү ирэх оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл ашиглалтад өгөх хугацаа хойш сунажээ. Япончууд менежментийг нь шууд удирдаж ажиллах шинэ нисэх буудлын ашиглалтад өгөх хугацаа хойш сунасан нь дэд бүтцийн ажилтай холбоотой гэнэ. Учир нь Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд очих хурдны замын ажил дуусаагүй байгаагаас гадна агаарын хөлгөө өвлийн цагаар байрлуулах байгууламж ч баригдаж дуусаагүй аж.
Монгол, Япон хоёр улсын хэлэлцээрийн дагуу эхэлснээс хойш арван оны нүүр үзэж байгаа нисэх буудлын ажил нэгэн өдөр дуусч, агаарын хөлгүүдээ хүлээн авах нь тодорхой. Харин Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал ашиглалтад орохоор “Чингис хаан” нисэх буудлыг яах вэ, ямар замаар ашиглах вэ гэдэг асуудлыг эцсийн байдлаар тодорхой болоогүй л байна.
Юуны өмнө буюу нэгдүгээрт, ерөнхий зориулалтын нислэгт ашиглах төсөл яригдаж байгаа. Ерөнхий зориулалт гэхээр аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлд ашиглах бөгөөд энэ тал дээр Засгийн газрын шийдвэр гарч, хөтөлбөрөө баталгаажуулсан учраас хэрэгжих өндөр магадлалтай аж. Бусад олон газраас боловсруулсан төслүүд байгаа ч одоогоор албан ёсны тогтоол шийдвэр гарч баталгаажаагүй байна. Гэхдээ хэлэлцээрийн түвшинд яригдаж байгааг эх сурвалж хэлсэн. Улаанбаатар хотын зүгээс гэхэд чөлөөт бүс болгоод үүнийгээ түшиглэн казино байгуулъя гэсэн төслийг хүргүүлсэн гэдэг. Энэ нь нэлээд олон жилийн өмнөөс яригдаж байсан төсөл хэдий ч мөнхүү шийдвэр гаргах түвшинд дэмжигдэж, эцсийн шийдэлд хүрээгүй байгааг дуулгасан.
МИАТ-ийн хувьд олон улсын стандартад нийцсэн засвар үйлчилгээ үзүүлдэг Олон улсын буудал болгож ашиглана гэсэн санал гаргасан нь нэлээд үр өгөөжтэй төсөл хэмээн нисэхийн мэргэжилтнүүд сайшааж байна.
Үүнээс гадна Монгол Улсын агаарын тээвэрт ашиглая гэсэн төсөл ч бий. Энэ нь цэрэг, онцгой байдлын чиглэлд ашиглах тухай бөгөөд байгалийн давагдашгүй хүчин зүйлс, ган зуд, гал түймэр, хилийн аюулгүй байдал гэх мэт зүйлд яаралтай нислэг хийхэд зориулсан талбай болгож ашиглах төсөл юм.
Харин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын удирдлагуудын зүгээс "Нисэх буудал өөрөө байнгын засвар үйлчилгээ хийхээс эхлээд маш том хөрөнгө оруулалтаар босдог ажил учраас олон жил ашигласан энэ буудлаа нисэхийн чиглэлээр нь авч үлдэх нь зөв шийдэл" гэсэн байр суурьтай байгаа. Мөн нөөц аэродромоор ашиглах ч боломжтой. Манай улсад запас аэродром байдаггүй, нислэг нь цаг агаарын байдлаас үүдэн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух боломжгүй болж, Бээжин, Эрхүүд байх аэродром рүү нисэж буудаг аж. Харин “Чингис хаан” нисэх буудлыг нисэхийн чиглэлээр үйл ажиллагааг хадгалан үлдэж, запас аэродромоор ашиглах нь зардал хэмнэхээс эхлээд олон давуу талтайг дурьджээ.
Юутай ч Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал ашиглалтад орохоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг ямар нэгэн байдлаар ашиглаж таарна. Гагцхүү дээрх төслүүдээс аль нь илүү ашигтай байхыг нисэхийн салбарын зүтгэлтнүүд шийдвэр гаргах түвшинд зөвшилцөж байж, эцсийн шийдвэр гарна. Нисэхийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нисэх буудал нь асар их хөрөнгөөр бүтдэг учраас олон жилийн хөлс хүч, хөрөнгө мөнгө шингэсэн талбайг өөрийнх нь зориулалтаар авч үлдэх сонирхол байгаа нь хамгийн зөв шийдэл гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 9 )
Угаасаа олон онгоцгүй.Олон нисэх буудал хэрэггүй.100 айлыг нүүлгэж аваач.
AIMAG BURT HUVIIN ONGOTS BUUH BUUDAL BARIJ NISEHIIN DUREMEER UILCHIL AVTOZAMIIN DUREM SHIG
Хөшигтийн хөндийд бол хөшиглөсөн манантай газар тул онгоц буухад асар их аюултай гэж японы мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Иймд олон зуун сая доллар салхинд хийссэн байх магадлалтай. Харамсалтай нь хариуцах эзэн байхгүй л боловуу энэ монголд.
het hongon ongotsiig hotruu oirtuul
Tiim uuriinh ni zoriulaltaar l abch vldeh heregtei
hulgaich nar onilchihson bga da, ug n boldogson bol oron nutgiin nislegiin buudal, surgaltiin zoriulaltaar ashiglaval heregtei de, aimguudad nisleg hiideg bval mun saihnaa,