Л.Энх-Амгалан: Сонгуулийн хуулийг дөрвөн жилээр өөрчилдөг байдлыг хална

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

 УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Улсын их хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг хамтран “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг”-ийг Төрийн ордонд зохион байгуулсан.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Сонгуулийн ерөнхий хороо, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд энэ үеэр УИХ-ын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалангаас дээрх төслүүдтэй холбогдуулан тодруулга авсан юм.

-УИХ-ын болон Ерөнхийлөгч, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг боллоо. Сонгуулийн хуулиудад өөрчлөлт оруулах шалтгаан юу байна вэ?

-Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 26 болж байна. Энэ хугацаанд долоон удаагийн сонгууль зохион байгуулсан байна. Долоон удаагийн нутгийн өөрөө удирдах шатны байгууллага буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийг долоон удаа, Ерөнхийлөгчийн сонгуулийг долоон удаа, УИХ-ын сонгуулийг мөн долоон удаа явуулсан байна. Сонгууль явуулах болгондоо Сонгуулийн тухай хуулиа өөрчилж ирсэн байна. Сонгуулийн хууль нь сонгууль болгоноор өөрчлөгддөг нь буруу. Бусад улс оронд байдаггүй жишиг. Эрх баригч нам өөрт тохирсон буюу өөрийнхөө ялах хувилбарыг хүчээр тулгадаг нөхцөл байдал үүсч ирсэн. Гашуун ч гэсэн өнгөрсөн хугацаанд бид ингэж ажиллаж ирлээ. Өнгөрсөн хугацаанд бид сайн ч туршлага хуримтлуулсан, муу ч туршлага хуримтлуулсан. Сонгуулийн дараа сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх нөхцөл үүсдэг. Гашуун сургамж гэвэл долдугаар сарын 1-ний үйл явдал байна.

Өмнө нь УИХ-ын сонгууль мөн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулиуд тус тусын хуультай явж байсан. Харин 2015 онд эрх барьж байсан Ардчилсан нам бүх сонгуулийг нэг хуулиар явуулдаг болгосон. Нэг хуулиараа бид 2016 онд УИХ-ын сонгууль, аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлын сонгуулийг хийлээ. Гэтэл харамсалтай нь нэг хуулиар гурван өөр сонгуулийг явуулах ямар ч боломжгүй гэдэг нь амьдрал дээр батлагдсан.

-Сонгуулийн хуулиудыг нэгтгэснээс урган гарсан зөрчил хэр гарсан бэ?

-Монгол Улсын Үндсэн хуулинд энэ гурван сонгуулийг тус тусдаа хуультай, тус тусдаа журамтай байхаар хуульчилсан байдаг. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн сонгуулийн нэгдсэн хууль батлагдаж гарснаар бидэнд өнгөрсөн хугацаанд сонгуулийн байгууллагтай холбоотой маргаанууд их гарсан. Зөвхөн 2016 оны сонгуулийн дүнг авч үзэхэд 600 гаруй маргаан гарсан байна. Тэгэхээр сонгуулийн тухай хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна.

Түүнчлэн УИХ-ын болон аймаг, дүүргийн иргэдээс биш шүүхийн тогтоолоор сонгогддог нөхцөл байдал гарсан. Тухайлбал, 2012 онд Өвөрхангай аймагт ард түмний мандатыг авсан хоёр гишүүн өөр тойргийн буюу Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр ялагдсан улсууд нь УИХ-ын гишүүн болж байсан. Гэх мэтчилэнгээр сүүлийн үед шүүхийн тогтоолоор иргэдийн хурлын төлөөлөгч болох үзэгдэл нэмэгдээд байна.

-Сонгуулийн тухай хуульд орж байгаа гол өөрчлөлт юу вэ?

-Сонгуулийн хууль дөрөв дөрвөн жилээр өөрчлөгддөг байдлыг л халъя гэж байгаа юм. Өмнө нь сонгууль эхлэхээс зургаан сарын өмнө сонгуулийн хуулинд гар хүрэхгүй байх дархлаатай байсан. Харамсалтай нь, АН эрх барьж байхдаа сонгууль зарлагдаад явж байхад хүртэл хуулинд гарч хүрч байсан. Одоо бол манай ажлын хэсэг дээр парламентад суудалтай нам, дэд ажлын хэсэгт Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 28 намын төлөөлөл оролцсон байгаа.

Мөн сонгуулийн тойргийг зохион байгуулахдаа нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоог харгалзаж үзэхээр зохицуулж өгсөн. 2016 оны сонгуулийн тойргийг яаж зурсныг хүн болгон мэдэж байгаа. Зөвхөн өөрийнхөө нам, нэр дэвшигчийг ялуулахын тулд зурсан шүү дээ. Намын санхүүжилт, нэр дэвшигчийн санхүүжилтын асуудал байна. Сонгогчдын саналыг худалдаж авдаг. Сонгогчдын саналд хөндлөнгөөс нөлөөлдөг байдлыг арилгах гээд Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдах олон зүйл бий.

-Сонгуулийн үеэр нэр дэвшигчид биелэгдэх боломжгүй амлалтууд өгдөг байдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Нэр дэвшигч нь аймаг, сумын иргэдийн хуралд нэр дэвшиж байгаа мөртлөө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хэмжээний амлалтууд амлаж, ард иргэдийг хуурч, мэхэлж гарч ирдэг асуудлууд бий. Дээр нь шилжилт хөдөлгөөн буюу “царцаа”-ны асуудал байна. Тойрог жижгэрсэн үед тухайн тойрогт байгаа сонгуульд санал өгөх насны иргэдийнх нь 20 хувьтай тэнцэх хэмжээний шилжилт хөдөлгөөн хийгдэж байсан. 2000, 3000 “царцаа” нүүж байсан тохиолдол бий. Энэ шилжилт хөдөлгөөнүүдийг цэгцэлж байгаа. Зөвхөн албан томилолт болон эрүүл мэндийн шалтгаануудаар шилжилт хөдөлгөөнийг хийх байдлаар шийдэж байна. Гэх мэтчилэн урд өмнө нь гарч байсан гашуун сургамжуудыг нэг тийш нь болгохоор зорьж байна. Хэвлэл мэдээллийн сурталчилгаа, олон нийтийн сүлжээ гээд олон асуудлыг сонгуулийн үед хэрхэн ашиглах тухай, хариуцлага алдсан хүмүүст хэрхэн хариуцлага хүлээлгэх зэрэг зохицуулалтуудыг хийнэ.

-Сонгуулийн хуулийн өөрчлөлтөд тогтолцооны асуудлыг яаж тусгасан бэ?

-Сонгуулийг мажоритараар явуулах уу, пропорционалаар явуулах уу гэдэг тогтолцооны асуудлыг хөндөөгүй. Энэ бол цэвэр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийгдэх ёстой. Бидний өргөн барьсан хуулийн гол өөрчлөлт нь УИХ, Аймаг, сум, нийслэлийн иргэдийн хурлын гишүүд шууд ард түмнээсээ сонгогддог байх ёстой гэдэг тухай юм. Түүнээс биш намын жагсаалтаар орж ирдэг, “хаалгаар хөөгөөд гаргахаар тооноор ороод ирлээ” гэгддэг ард түмний хүсээгүй хүмүүс орж ирэх асуудлыг хөндөөгүй.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.160.124) 2018 оны 10 сарын 26

Идэж уух 4 жил нь багадаад байгаа юм уу ихдээд байгаа юм уу. Яг юу гэж ойлгох вэ?

0  |  0
Top