УЛС ТӨРИЙН ТОЙМ: Онцлох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 28

Монгол Улсын 2019 оны төсөв, Сонгуулийн тухай хуулиудыг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбоотойгоор Монголын улс төрийн “тогоо”-нд энэ долоо хоногт олон сонирхолтой үйл явдал өрнөлөө. Эдгээрээс цар хүрээ болон ач холбогдлоор нь эрэмбэлэн ОНЦЛОХ үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 -Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы нээлтэд оролцлоо-

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган энэ жил 10 дахь удаагаа Швейцарийн холбооны улсын Женев хотноо /2018.10.22/ албан ёсоор эхлэв.

Энэ удаагийн чуулганд төр, засгийн тэргүүнүүд, сайдууд, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, тэр дундаа гүйцэтгэх захирлууд, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, зарим улсын төр засгийн тэргүүний илтгэлийг сонсож, ярилцав. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны Ядуурлыг тогтвортой бууруулах хөрөнгө оруулалтыг дэмжих шагналыг “Лесото” үндэсний хөрөнгө оруулалтын агентлагт гардуулж, чуулганы төлөөлөгчид дурсгалын зураг татуулснаар нээлтийн ёслол өндөрлөлөө.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы улс орнуудыг сурталчилах павильонуудаар явж, Монголыг сурталчилж буй павильонын урд саатан албаны хүмүүстэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы хуралдаанд оролцож, үг хэлсэн юм. 

-УУХҮЯ хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлнэ-

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргав.

2022 онд ашиглалтад оруулах газрын тос боловсруулах үйлдвэрийн хүнд даацын тусгай зориулалтын 17.5 км замын ажил 35, авто болон төмөр замын холбоос 3.7 км гүүр 50, төмөр замын 27 км далан, хиймэл байгууламжийн ажлын явц 65 хувьтай байна. Үйлдвэрийн 110 кВ-ын цахилгаан  дамжуулах агаарын шугам, дэд станцын барилгын ажлыг ирэх сарын нэгэн гэхэд дуусгахаар төлөвлөжээ.   

Засгийн газраас мөн Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барихаар шийдвэрлэснийг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замтай хамтад нь барих нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр нүүрсний экспорт жилд 18-20 сая тонн хүртэл нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан байна.

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр замтай болсноор нүүрсний экспорт болон боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, байгаль орчин, экологид учрах сөрөг нөлөөлөл багасах зэрэг олон давуу талтай юм.

 Сонгуулийн тухай хуулиудаар улс төрийн намууд хэлэлцүүлэг өрнүүлэв-

УИХн Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг”-ийг  /2018.10.25/ Төрийн ордонд зохион байгуулав. 

Хэлэлцүүлэгт УИХ-гишүүд, УИХ дахь намын бүлгийн дарга нар, хуулийн шинэ төслүүдийг боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсгийн болон ажлын дэд хэсгийн гишүүд, Сонгуулийн ерөнхий хороо, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн судлаачид оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсад УИХ-ын ээлжит сонгуулийг 1992, 2005, 2011 онуудад батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 1993, 2012 онд батлагдсан хуулиар, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 1996, 2007, 2012 онд батлагдсан хуулиар тус тус зохион байгуулж иржээ. Харин 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэгдсэн Сонгуулийн тухай хууль батлагдаж, уг хуулиар Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг тус тус зохион байгуулж явуулсан нь зохион байгуулалтын явцад хуулийг зөв ойлгож хэрэглэхэд бэрхшээлтэй асуудлууд үүсгэсэн байна.

Иймээс Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан сонгуулийн тогтолцоо, үндсэн зарчим, журмыг улам бүр тодорхой болгох, сонгууль тус бүрийн онцлогт тохирсон тусгайлсан бие даасан хууль боловсруулах, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах зэргээр сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн байна. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулсан ба улс төрийн нам, судлаачдын санал, хүсэлтийг тусгахаар ийнхүү хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

 -“2018-2019 оны өвөл 93.700 тонн түүхий нүүрс, 660 тонн тоосонцор, 650 тонн хүхэрлэг хийг бууруулна”- 

Агаарын бохирдлыг бууруулах УИХ-ын тогтоолын биелэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат /2018.10.24/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүргийн гэр хорооллын 117 мянган өрхөд шөнийн тарифын хөнгөлөлтөд 5,9 тэрбум төгрөгийн татаасыг эрчим хүчний салбарт өгсөн. Нийт өрхийн 15.2 хувь нь цахилгаан халаагуур хэрэглэдэг. Иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэх хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс нийтдээ таван дүүргийн 41.964 айлыг 4 квт цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Үүнд 81.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн улсын болон нийслэлийн төсвөөс нийт 27 тэрбум төгрөгөөр 78 нам даралтын халаалтын зуухыг буулгаж, нэгдсэн дулааны шугамд холбож, 70 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж ажиллалаа.

Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас нийт 86 өрхийн газрыг авч орон сууцжуулсан. Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан дэд бүтцийн  бичил төв төслийг хэрэгжүүлэх 50 байршлыг тодорхойлж, энэ жилийн хувьд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 280 өрхийг инженерийн шугамд холбож, үүний үр дүнд 80 тонн түүхий нүүрсний хэрэглээг багасгах юм. Мөн иргэдийн гэр сууцны дулаан алдагдлыг багасгахын тулд салбарын яамнаас гэр хорооллын хэсгийн ахлагч нараар дамжуулан тодорхой ажлыг хийсэн. Дэлхийн банкны санхүүжилтээр агаарын чанарыг сайжруулах бүсийн 373 өрхийн дулаан алдагдлыг бууруулсан. Нийтийн тээврийн утааг багасгахын тулд хоёр цахилгаан автобус, газаар ажилладаг CNG –ийн 30 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байгаагийн зэрэгцээ ЖАЙКА-гийн төслөөр 24 автобуст шүүлтүүр тавьсан гэлээ.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нийт 8 хорооны 26,340 мянган өрхөд сайжруулсан түлш нийлүүлэх ажлыг хийж эхлээд байна. “Таван толгойн түлш” ХХК нь сайжруулсан түлш үйлдвэрлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд  2019 оны есдүгээр сарын 15-н гэхэд шаардлагатай байгаа 600 мянган тонн түлшний тодорхой хувийг төрийн өмчит үйлдвэрээ түшиглэж бэлтгэнэ. Үлдсэн хэсгийг хувийн хэвшлийн 11 аж ахуй нэгж нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллана. 2018-2019 оны өвлийн улиралд 93.700 тонн түүхий нүүрс, түүнээс ялгарах 660 тонн тоосонцор, 650 тонн хүхэрлэг хийг бууруулна. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй 2,860 иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 348 албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 42 сая 940 мянган төгрөгийн торгууль ногдуулан, гурван зуухны үйл ажиллагааг түр зогсоох акт тогтоосон” хэмээн танилцуулгадаа дурдав.

Цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2019 оны төсвийн төсөлд 154 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд шөнийн тарифын хөнгөлөлт 16,4 тэрбум, бага дунд оврын 3,000 мянган зууханд фильтр суурилуулахад 22,5 тэрбум, сайжруулсан түлшний татаас олгоход 54,7 тэрбум, гэр хорооллын 20,602 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд баригдах “Хүчит шонхор” дэд станцын барилга угсралтын талбайн шарилыг шилжүүлэх зардалд 1,4 тэрбум, өрхийн зуухны индукцийн фильтрт 51 тэрбум, хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээний зардалд 3,3 тэрбум, олон нийтийн мэдлэг мэдээллийг түгээх сурталчилгааны зардалд-350 сая, индукцийн суурилуулалтанд-2,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар тус тус төлөвлөөд байгаа аж.

 -Г.Доржзодов: 60 тэрбум авлига, албан тушаалын хэрэг биш-

УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнөхөн төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, "наймаалцаж" байгаа бүхий бичлэг цацагдсан. Уг бичлэгийг анх олон нийтэд иргэн Г.Доржзодов энэ долоо хоногийн лхагва гарагт /2018.10.24/ 60 тэрбумын асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр "Анх 60 тэрбумын хэргийг олон нийтэд дэлгэснээс хойш бараг хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Тиймээс энэ асуудлаар дахин дуугарах цаг нь болжээ. Миний бие аль нэг намын гишүүн биш. Өмнө нь ч намд элсэж байгаагүй. Өнөөдрийн шуугиан болоод байгаа энэхүү бичлэг төрийн нууцтай ямар ч хамаагүй. Харин ч эсрэгээрээ үндэсний аюулгүй байдал, төр нийгмийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Гэтэл нийгэмд авлига, албан тушаалын гэмт хэрэг мэтээр ойлгуулж байна. Би 2009 онд төрийн албанд, төрд тангараг өргөсөн. Өргөсөн тангарагт минь дуусах хугацаа гэж байдаггүй. Би тангарагтаа үнэнч явж ирсэн. Өнөөдрийг хүртэл 60 тэрбумтай холбоотой асуудлаар мэдээ, мэдээлэл, ярилцлага өгч ирсэн. Тэр бүх зүйл минь үнэн. Би ярьсан зүйлээсээ буцаагүй" хэмээн ярилаа.

-ЖДҮ-ийн сангийн хөрөнгийн зарцуулалтаар шаардлага хүргүүллээ-

Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн хөрөнгийн зарцуулалтын чиглэлээр шаардлага хүргүүлэх шийдвэрийг өнгөрөгч баасан гарагт /2018.1026/ УИХ дахь Ардчилсан намаас гаргалаа.

Тус бүлгээс Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн хөрөнгийг улстөрчдөд ямар ч шалгуургүйгээр олгогдож байна гэж үзэн, нэн даруй таслан зогсоохыг шаардлаа.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн хуваарилалтыг хуулийн хүрээнд бус шууд сайдын тушаалаар олгогдож байгаа нь шударга бус зүйл гэв. Тэрбээр мөн “МАН-ын олон гишүүн зээлийн асуудалд холбогдсон. ХХААХҮ-ийн сайдын 2018.05.14-ний өдрийн А88 тушаалаар шударга бус хуваарилалтыг шууд тараасан байж болзошгүй байна. Нэг УИХ-ын гишүүнд дунджаар 950 сая төгрөг олгосон байна” гэсэн юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top