АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн газрын “шатдаун” буюу үйл ажиллагааны түр зогсолтын талаар ард түмэндээ хандан үг хэллээ. Цагаан ордны тэргүүн "Мексиктэй залгаа хил дээрх хямрал аюулгүй байдал болон хүмүүнлэгийн салбарын хямрал юм" гэж мэдэгдэв.
Тэрбээр “Хууль бус цагаачлалаас болж америкчууд бүгд хохирч байна” гэлээ. Цагаачлалаас үүдэлтэй гэмт хэргийн улмаас цагаачид ч тэр, америкчууд ч тэр мянга мянган хүн амь үрэгдэх эрсдэл бий гээд лхагва гарагт /2019.01.09/ Конгрессын удирдлагуудтай хийх уулзалтын үр дүнд Засгийн газрын “шатдаун” зогсоно гэж найдаж буйгаа илэрхийлэв. Ардчилсан намынхан хил хамгаалахад зарцуулагдах зардлыг тусгасан хууль баталж, Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бололцоо олговол асуудал шийдэгдэнэ гэж Трамп мөн онцолжээ.
Тэрбээр ардчилсан намынханд буулт хийхэд бэлэн гэдгээ нотолж, хилийн бетон хана барих бус харин ган төмөр хаалт босгохыг зөвшөөрөх гэнэ.
Мексиктэй байгуулсан худалдааны хэлэлцээрийн үр дүнд тус хилийн хана өөрийн өртгөө богино хугацаанд нөхөх боломжтой гэдэгт итгэлтэй байгаа аж. “АНУ-д борлуулагдаж буй хууль бус хар тамхины өртөг 500 тэрбум ам.долларт хүрдэг. Үүнээс хамаагүй бага мөнгө буюу 5.7 тэрбум ам.долларыг бид Конгрессоос баталж өгөхийн хүсч байна“ гэж тэрбээр нэмж хэллээ.
АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )