ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг БХ-нд шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг олонхийн саналаар огцруулах хуулийн заалт буюу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 

УИХ-ын 40 орчим гишүүн УИХ-ын даргыг ажил, албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх шаардлага тавьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа гацаж, УИХ-ын чуулганы үйл ажиллагаа тасалдаад байгаа учраас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагын хүрээнд Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан хэмээж буй.

 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Одоо МАНАН бүлэглэлийг нураах тухай л яриад байгаа. МАНАН-гийн толгойлогч нь нэг хүн гэж бичих боллоо. Сүүлийн үед цоо шинэ МАНАН үүсээд байгаа юм биш үү. Энэ танхимд байгаа олон хүн МАНАН-гаас сайд болж байсан. Х.Баттулга, Л.Болд, Ц.Нямдорж, Ч.Улаан нар бүгд хамтарсан засгийн үед сайд болсон. Мэдээж өнөөдөр энэ хууль хэлэлцэгдээд явна. МАНАН арилснаар Монгол оронд шударга ёс тогтно гэдэгт би огтхон ч итгэхгүй байна. Харин хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулъя. Төрийн бодлогыг нэтгэж, Засгийн газраа хуулийн хүрээнд шахаж шаардаад ажиллаж явах тухай л яривал үнэнд дөхнө. Энэ бүхнийг бид бодож ажиллах болсон шүү” гэсэн юм.

 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Монгол Улс парламентын засаглалтай орон. Өнөөдрийн хууль үнэн хэрэг дээрээ үүсээд байгаа нөхцөл байдлын гацааг гаргаж магадгүй. Нэг хүнийг буулгах тухай ч байж магадгүй. Яг үнэндээ Монгол төрийн босго намсаж байна. Цаашдаа Монгол Улс, Монголын төр байна. Үүнийг бид бодох ёстой. Гэхдээ энэ хуулийг батлахгүй гэж байгаа юм биш. Амин чанарыг нь хадгалж үлдэх бодлого барих хэрэгтэй. Төрийн дархлааг сайжруулахын тулд 19 гишүүн гарын үсэг зураад 39 гишүүний кнопоор Засгийн газрын асуудлыг шийдэж байгаа. Түүнтэй адил дараа дараагийн парламентад уур нь хүрсэн 39 хүн даргаа авч шидээд байдаг буруу жишиг рүү бид алхаж байна. Би хэн нэгэн хувь хүнийг өмөөрөөгүй. Тиймээс “50+1”-ээр өргөн бариад 2/3-аар огцруулдаг байх санал гаргасан” хэмээн санал хэлэв.

 

Харин УИХ-ын дарга М.Энхболд “Бид чинь хууль эрх зүйт төртэй улс орон. Монгол Улс хуульгүй юм шиг загнаж болно гэж олон түмнийг турхирах нь зохимжгүй. Магадгүй энэ үгэн дээр дөрөөлөөд нийгэмд асуудал үүсгэж болзошгүй. Тиймээс УИХ-ын гишүүд үг хэлэхдээ анхаарахыг хүсье. Миний эхнэрт шаардлага өгөөд яах юм. Миний ажилд манай гэр бүлийн хүн оролцож байгаагүй. Намайг хотын дарга байхад М.Энхболдын эхнэр Ж.Туяацэцэг архины зөвшөөрөл олгодог байсан гээд байх юм. Харин ч Ц.Нямдоржийн эхнэр олгодог байсан шүү. Зориуд гүтгээд байгаа юм уу. Ж.Батзандан хамгийн чанга дуугардаг. Яг асуудал үүсэхээр зугтаадаг. Манай өрөөнд долоо, найман хүн орж ирэхэд хамгийн түрүүнд Ж.Батзандан цэнхэр малгайгаа өмсөөд зугтаасан. Манай намын байрыг шатааж явсан хүн. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшье гээд явж магадгүй. Тиймээс манай залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байгаагаа бодох хэрэгтэй. Халдашгүй байдлын дэд хороо ЖДҮ-тэй холбоотой гишүүдийг олонхиороо аваад үлдье гэсэн. Тэгээд ямар ёс зүй яриад байгаа юм бэ” гэсэн юм.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 18:00 цагт хуралдах товтой байгаа юм.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top