Монголын барилгын салбарын ууган байгууллага “Улаанбаатар барилга” компанийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал, Монгол Улсын зөвлөх инженер Д.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр их барилгад 53 жил хөдөлмөрлөж, тэр тусмаа нэг байгууллагад буюу “Улаанбаатар барилга” компанид тасралтгүй ажиллаж, сүүлийн 30 гаруй жилд барилгын үйлдвэрлэлийн бүх шатны удирдах ажлыг гүйцэтгэж буй манай улсын шилдэг инженер юм.
-Таныг “Улаанбаатар барилга” компанийг Улаанбаатар хотын барилга трест нэртэй байхаас нь эхлээд 53 жил ажиллаж байгаа гэж дууллаа. Хотын барилга трест нийслэлийг барьж байгуулсан түүхтэй. Тэгэхээр таны бүтээлийг харъя гэвэл нийслэл хотыг харахад хангалттай байх нь.
-Тийм шүү. Хотын барилга трест бол нийслэлийн түүх юм. Эмнэлэг, цэцэрлэг, сургуулиуд, Улсын цирк, “Чингис” зочид буудал гээд голлох барилгуудыг барьсан. Барилга гэдэг ганц хүний бүтээл байдаггүй, хамт олны хүч хөдөлмөрөөр бүтдэг болохоор барилгууд маань олон хүнээр овоглодог юм даа.
Би 1964 онд Зөвлөлт Холбоот Улсын Техник мэргэжлийн сургуульд суралцаж, 1966 онд төгсч ирээд Улаанбаатар хотын барилга трестэд ажиллаж эхэлсэн. Тэгэхээр бараг 53 жил барилгад зүтгэсэн байна. Энэ олон жилд барьсан барилгаа тоолоход хэцүү. Хэдэн зуугаар яригдах байх.
-Таныг “Улаанбаатарын Лхагвасүрэн” гэдэг нэрээр барилгынхан андахгүй юм билээ. Албан байгууллагаар тань овогложээ?
-Би гэдэг хүн Зөвлөлтөд сургууль төгсч ирээд л Хотын барилга трестэд орсон цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. Хотын барилга трест маань өнөөдөр “Улаанбаатар барилга” компани болсон. Тиймээс л намайг “Улаанбаатарын Лхагвасүрэн” гэж дууддаг юм. Энэ сайхан байгууллагаараа овоглож яваа би азтай хүн шүү.
Д.Лхагвасүрэн гэдэг хүн хөдөлмөрийн гараагаа мэргэжилтэй ажилчнаас эхэлсэн. Энэ хугацаанд барилгын үйлдвэрлэлийн бүхий л албан тушаалын ажлыг гүйцэтгэсэн байна. Өрлөгчин мужаан, бригадын дарга, үйлдвэрлэл техникийн хэлтсийн дарга, конторын ерөнхий инженер, пүүсийн захирал, ерөнхий инженер зэрэг албан тушаалуудыг хашиж байсан бол одоо дэд захирлын албан тушаалыг хашиж байна. Бүхий л залуу халуун насаа зориулсан болохоор энэ байгууллагадаа чадах бүхнээрээ тус нэмэр болох юмсан гэж боддог хүн.
-Таны барилгын мэргэжил сонгосон шалтгаан юу байв?
-15 орчим настай жаахан хүүхэд байхдаа гадаадад сурна гэхээр нь барилгын мэргэжил сонгосон хэрэг. Анх Санхүүгийн техникумд элссэн ч дараа жил нь барилга руу урвачихсан. Бидний үед долдугаар анги төгсөөд техникумд ордог байсан. Хэдийгээр тохиолдлоор мэргэжлээ сонгосон ч алдаагүй ээ. Харин ч хувь тавилан намайг их барилга руу хөтөлсөн гэж боддог. Хамгийн анх Хөдөө аж ахуйн яамны урд байдаг хоёр давхар цэцэрлэгийн барилгыг барьж байлаа. 1966 оны их үерээр Чех, Герман, Югослав гээд олон улсын барилгачидтай хамтран Хүүхдийн паркт ажилласан. Үерийн дараа ажил дээрээ иртэл хийсэн бүгдийг маань урсгачихсан байж билээ. Дараа нь Майдарын долоон барилга гээд барилгачдын орон сууц, мөн Гандангийн 60 айл гэгддэг барилгыг барьж, тэндээ анхныхаа гал голомтыг бадрааж байв. 2 өрөө байранд хоёр залуу ордог байсан. Бид тэгэхэд дөнгөж ТМС төгссөн, орох оронгүй, ганц бие залуус байв. Ер нь тэр үед шинээр ирж байгаа барилгачдыг их харж үзнэ. “Зүчи” гэж 12 давхар зочид буудалд хүртэл байрлуулдаг байлаа. Дөрвөн замын Барилгын хөгжлийн төв байгаа байранд мөн байрлуулна. Ингээд дурсахад миний амьдралын бүхий л дурсамжтай үе барилгатай салшгүй холбоотой байдаг юм.
-Та алтан үеийн хөдөлмөрийн баатрууд, гавьяатнуудын гараар хүмүүжсэн гэж дуулсан. Ямар баатруудтай хамт ажиллаж байв?
-Улаанбаатар трестээс гарсан бүх баатартай ажиллаж байжээ. 1966 онд Улаанбаатар хотын тэтгэвэр, үйлчилгээний барилга, одоогийн Хотын үйлдвэрчний эвлэлийн барилгыг барьсан юм. Тэнд Д.Намсрай гэдэг хүн манай бригадын дарга байв. Д.Намсрай өрлөгийнхөн, мужааныхан, заслалын гэсэн хэсгүүд байгуулан томоохон хэмжээний нэгдсэн бригад зохион байгуулж ажиллаад 1969 онд баатар болсондоо. Тэр үед барилгачдын анхны зөвлөгөөн Засгийн газрын ордонд болоход зөвлөгөөний дундуур манай бригадын дарга баатар болоод, барилгын сайд О.Тлейхан биднийг хүлээн авч, баатар төрүүлсэн бригадынхан гэж хүн болгоныг 25 мянган төгрөгөөр шагнаж байлаа. Тэгэж анхныхаа баатрыг төрүүлж байв.
1967 онд шүүх прокурорын барилгыг барьж байхад даамал нь “одон” Цэдэндорж гэж настай хүн байдаг байлаа. Тэр үед одон авсан хүмүүс нэр хүндтэй, шагналын үнэ цэнэ өндөр байсан. Тийм хүмүүсээ их хүндэлдэг, одонтой хүмүүс нь ч бусаддаа сургадаг, зөвлөдөг байв. Энэ барилга дээр мастераар нь Ш.Хүрэлтогоо инженер ирж байсан. Одоо гавьяат барилгачин шүү дээ. Бид адилхан залуус, ЗХУ-д сургууль төгссөн болохоор зураг уншдаг, өөрсдөө хэмжээ тавьчихдаг байсан. Тэр үед Б.Цогоо гуай баатар болчихсон. Үргэлжлүүлээд Д.Дармаа, Ж.Ишгэнхүү, Ш.Галсан гээд бүх баатартай цуг ажиллажээ. Барилга угсралтын хоёрдугаар конторын дарга Балдорж гэж хүн байсан. 1965 онд байв уу даа, их сургууль төгсөж ирээд шууд конторын дарга болсон юм. Тэр хүний удирдлага дор их зүйл сурсан. Би мужаан, угсралт, өрлөг, шавар гээд хийхгүй зүйлгүй. Ер нь хос мэргэжилтэй байхыг шаарддаг үе. Мэргэжлийн боловсон хүчин ховор байв шүү дээ. Тийм болохоор мэргэжлийн барилгачдыг их хайрладаг, орон сууцаар хангадаг, цэрэгт явуулдаггүй байлаа. Ингэж байж одоогийн барилгачдын эх үүсвэр тавигдсан юм.
-Тухайн үед арвилан хэмнэлтээс эхлээд олон ажил санаачилдаг байсан. Ийм санаачлагуудын сайн болон дутагдалтай тал юу байв?
-Аль л шинэ санаачлага юу байна, тэрийг нэвтрүүлэхийг удирдаж байгаа хүмүүс эрмэлздэг байсан. Ажилчин бид түүнийг нь биелүүлдэг байлаа. Наад зах нь талбай цэвэрхэн байх ёстой. Ганц ч муруй хадаас хаях ёсгүй. Тал тоосгыг ч ашиглана. Шаврыг хэмнэлттэй хэрэглэх гээд бүгдэд биднийг сургасан. Арвилан хэмнэснийхээ хэрээр биднийг урамшуулдаг байлаа. Авдар хадаасыг дахин хэрэглэсэн бол хэмнэлт гаргалаа гээд тодорхой хувиар нь шагнадаг байсан.
Би анх ажилд орсон цагаасаа нэг байгууллагад ажилласан хүн. Энэ хугацаагаа гурван үе шатад хувааж ойлгодог юм. 1966-1977 он хүртэл өрлөгчин, мужааны ажил хийсэн. 1977 онд оройгоор техникум төгсөөд бригадын дарга болсон. 1985 он хүртэл 60-90 хүнтэй, аж ахуйн тооцоотой нэгдсэн бригад удирддаг байлаа. Бригадын даргын ажил их хариуцлагатай. Бид өөрсдөө материалынхаа захиалгыг хийнэ, өөрсдөө цалингаа бодно, өөрсдөө тайлангаа гаргана. Аж ахуйн тооцооныхоо үр дүнгээр цалингаас гадна урамшуулал олгоцгооно.
Талбайн эмх цэгц, материалын хэмнэлт, төлөвлөгөө биелүүлэх зэрэгт дэвшилттэй байсан боловч тэр үед техникийн удирдлага хоцрогдоод байдаг байв. Яагаад гэвэл бригадын дарга бүх зүйлийг мэднэ. Ийм нөхцөлд инженерүүд мэргэжлийн шаардлага тавихад хүндрэлтэй болж байсан. Ийм байдлаар бригад удирдаж ажиллаад хамгийн сүүлд Эх нялхсын барилгыг барьж байсан даа.
1985 онд их сургууль төгсөөд үйлдвэр хэлтсийн дарга боллоо. Бригадын дарга байхдаа бусдаас ялгарах юмгүй, жирийн л ажилчин байсан бол одоо жинхэнэ дарга болж байгаа хэрэг. Дарга болох өөр юм билээ. Нэг ч албан бичгийн толгой хийж мэдэхгүй хүн л үйлдвэр хэлтсийн дарга болж байв. Ганц чаддаг зүйл нь үйлдвэрийн зохион байгуулалт байсан ч одоо хүртэл тэр ажлаа хийгээд явж байна.
-Та “Улаанбаатар барилга” компанийн дэд захирал. Хотын барилга трестийн бий болгосон нэр хүндийг өнөөгийн “Улаанбаатар барилга” компани хэрхэн үргэлжлүүлж байна вэ?
-Хотын барилга трест салбартаа бүх зүйлийн анхдагч байлаа. Ажилчид нь нэр хүндтэй, чанартай гүйцэтгэлтэй байлаа. Энэ залгамж халаа хэвээрэй явж байгаа. Улс орны нүүр царай болсон томоохон бүтээн байгуулалт явуулсан хэвээр байна. 100 жилийн баталгаатай Нарны гүүрийг манай хамт олон барилаа. “Буянт-Ухаа” хорооллуудыг богино хугацаанд хүлээлгэн өглөө. Бусад ерөнхий гүйцэтгэгч байгууллагуудтай нэгдэн Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийг байгуулан илүү том хэмжээний бүтээн байгуулалт өрнүүлэхээр ажиллаж байна. Хуучны баатрууд, гавьяатнууд төрдөг хамт олны үргэлжлэл болсон сайхан залуучууд ажиллаж байна. Энэ л залуус үйл ажиллагаагаа орчин үеийн удирдлагын менежментээр өөрчлөн зохион байгуулж байна. Барилгын удирдлага, технологи асар хурдацтай өөрчлөгдөж байна шүү дээ. Энэ бүхнийг манай хамт олон соргогоор мэдэрч, олон улсын жишгээр шинжлэх ухаанч менежментийг салбарын хэмжээнд тэргүүлэн нэвтрүүлж байна.
Өнөөдөр 81 жилийнхээ ойтой золгож байгаа энэ байгууллага Монголд барилгыг хөгжүүлсэн тулгын чулуу нь гэхэд хилсдэхгүй. Голлох барилгуудыг энэ трест барьсан. Дээрээс ч сайн үнэлж, ажилчдыг урамшуулдаг байсан. Барилга бол хамтын хүчин зүтгэл шаарддаг ажил. Тооцоо бодоод суусан нягтлан бодогч хүртэл барилгад оролцдог. 100 айлд материал зарж байгаа хүн ч оролцоно. Баг хамт олон, бусад байгууллагын оролцоо бий юм шүү.
-Та аль нутаг вэ, гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?
-Би Өвөрханай аймгийн Уянга сумын уугуул. Бага нас маань бусдын адил мал хариулж, хурдны морь унаж өнгөрсөн. Манай гэр бүлийн хүн засал чимэглэлийн мэргэжилтэй барилгын хүн. Мэргэжил дээшлүүлээд ТМС-д багшилж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Би ч мөн тэтгэврийн насны хүн л дээ. Гэхдээ байгууллага маань хэрэгтэй гэж үзээд ажиллуулж байхад гэртээ суугаад яахав гэж боддог юм. Гурван охинтой. Орчуулагч, сувилагч бас нэг охин маань барилгын мэргэжил эзэмшсэн. Олон ч зээтэй боллоо, зээ нар түрүүчээсээ гэрлэх насанд хүрчихэж. Амьдрал баян юм даа.
-Та залуу инженерүүддээ юу гэж сургадаг вэ?
-Нас ахиад ирэхээр сургамж их өгдөг болчихдог юм байна. Дээр үед барилга дээр учирсан бэрхшээлүүдээс жишээ болгож ярина. Би анх барилгын мэргэжлийн ажилчин байх үедээ ахмад хүмүүсийн туршлагаас цаг ямагт суралцдаг байв. Үндсэндээ өөрийн идэвхи зүтгэлээр өрлөгчин, шаварчин, мужаан, плитачин зэрэг мэргэжлийг эзэмшсэн хүн. Сурах хүсэл эрмэлзлээрээ л барилгын мэргэжлийн үйл ажиллагааны бүхий л процесст ажиллах чадвартай болсон юм даг. Суралцах, аливааг шинээр сэдэж хийнэ гэдэг сайхан. Бидний үеийн залуус бүгд л их ажилладаг байж. Юм юманд эвсэлтэй. Бидний үед “Ард”, “Элдэв-Очир” кинотеатр байсан. Найзуудтайгаа кино их үзнэ. Аливаа тэмдэглэлт ойгоор тэмцээн уралдаан зохион байгуулдаг, түүндээ оролцдог, нийгмийн идэвхтэй залуу байлаа. Бас ноцолдоно. Бидний үед чөлөөт бөх хөгжиж байв. Чөлөөт бөхийн секцэнд явдаг, тэмцээнд нэлээд оролцдог байлаа.
Тэр үед өвөл, зунгүй барилга барьдаг, өрдөг байв. Ихэвчлэн мод тоосгоор барьдаг болохоор өвлийн хүйтэнд зогсдоггүй. Залуу болохоор гоёж гангалахаа бодоод нормын эсгий гутал өмсөхгүй бакалтай л гүйнэ. Өнөөх бакал нь хөлдчихөөд чичирч дагжсан л нөхөр явдаг байлаа. Энэ бүхэн барилгачин хүний жаргал юм даа.
Өнөөдөр би залууст мэргэжилдээ үнэнч байхыг захидаг. Тэгсэн цагт бүтээл төрнө. Бүтээл гэдэг бол барилга. Хөдөлмөрийн үр дүнг дагаад алдар нэр олж, эдийн засаг дээшилдэг учиртай. Би нэг газар 53 жил ажиллаж байгаа болохоор залууст тогтвор суурьшилтай ажиллахыг зөвлөдөг. Мөн барилгадаа дуртай байхыг сануулдаг. Барилгаа Улсын комисст хүлээлгэн өгөх шиг жаргал байдаггүй. Залуу сайхан насандаа хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн нас ахиад ирэхээр дурсах зүйлтэй байна шүү дээ. Үр хүүхдэдээ ч ярьж суухад сайхан. Намайг Улаанбаатарын бүх сургууль, цэцэрлэгийг барилцсан гэхээр зарим хүн дэгстүүлж байна гэдэг. Хүүхдүүд маань бүр ганцаараа барьсан гэж миний өмнөөс онгирно. Үнэндээ барилга олон хүний хамтын бүтээл болохоор барилга дээр зайлшгүй хэрэгтэй хүн нь байх хэрэгтэй. Миний хувьд хамт олон маань яв гээгүй байхад зүтгээд л байхыг хүсдэг. Залуу инженерүүд маань надаас их зүйл асуудаг. Тэд “Лхагваа инженер байхад түшигтэй байдаг” гэлцдэг. Ийм үг сонсох сайхан.
-Өнөөгийн барилгын чиг хандлагын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Барилгын чиг хандлагыг би тодорхойлж арай чадахгүй. Гэвч бодож явдаг зүйл бий. Манай барилгын салбар дэлхийн барилга яаж хөгжиж байна, тэр жишгээр хөгжиж байгаа. Гаднын орнуудад туршигдаад батлагдчихсан дэвшилтэт технологийг манай барилгачид ашиглаж байна. Тэгэхээр хамгийн сайн технологийг ашиглаж байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд бүх барилгыг түргэн хугацаанд сайн чанартайгаар бүрэн цутгамал технологиор барьдаг боллоо. Дээр үед хэдэн жил барьдаг барилгыг өнөөдөр ганцхан жилд барьдаг болсон. Энэ бол хөгжил. Гэхдээ бусдын технологийг хуулбарлахаасаа гадна дагалдах баримт бичгийг нь нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол байгууллага болгон тусдаа карт зохиогоод байна.
Мөн практик, онолыг хослуулдаг баймаар байна. Герман, Солонгос, Японд хэрэглэдэг технологи бүр Монголд тохирно гэсэн үг биш. Хэдий сайн технологи байлаа ч эрс тэс уур амьсгалын нөлөөллийг шалгах хэрэгтэй. Манай орон жилдээ хэд дулаарч, хэд хөлддөг цаг ууртай. Таван жилийн турш -50 градуст хөлдөөд, +50 градуст гэсээд байхаар тухайн технологийн чанар муудахаас өөр аргагүй.
-Инженерүүдтэй уулзаад ярилцаж байхад “Мөрөөдлийнхөө байшинг бариагүй байгаа” гэж хэлдэг. Таны хувьд?
-Монголд байгаа бүхий л том барилгыг барилцлаа даа. Тийм болохоор хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун байдаг. Хамгийн анхны шилэн барилга гэгддэг Улаанбаатар банк, “Чингис” зочид буудал, “Чингис хаан” нисэх онгоцны буудал гээд олон бүтээн байгуулалтыг дурдаж болно. Ганцаараа ч Дорнодын нисэх буудлыг барьж байлаа. Би 1966 оноос эхлэн гадаадуудтай ажиллалаа. Эх нялхас 1987 онд ашиглалтад орсон. Оросын мэргэжилтнүүдийн сүүлч Эх нялхаст ажиллаад буцсан байх. Хамгийн сүүлд Нарны гүүрэн дээр япончуудтай ажиллаж уг гүүрийн далангийн хашлага хана, ус зайлуулах иж бүрэн системийн төмөр бетон эдлэлүүд, арматур хэвний бэлдцийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн нийлүүллээ. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 МВт-ийн хүчин чадалтай “Дархан Нарны цахилгаан станц”-ын инвентерийн барилгын үндсэн гүйцэтгэгч, Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын туслан гүйцэтгэгчээр амжилттай ажиллаа. Ингээд бодохоор гаднын инженерүүдтэй олон төсөл дээр ажиллажээ. Монголчуудыг гадаадынхан их үнэлдэг. Аливааг шинээр сурахдаа сайн, алдаагаа давтдаггүй, овсгоо сайтай гэлцдэг. Гэхдээ манайхан назгайрчихдаг тал бий.
-Барилгын салбарын зөв голдрил, ирээдүйн чиг хандлагын талаарх бодлоо хуваалцахгүй юу?
-Бүтээн байгуулалтыг нэгдэж нийлж л хийхгүй бол амжилтад хүрэхгүй. “Улаанбаатар барилга” компани салж дөрвөн компани болж байлаа. Би ч нэг компани байгуулаад гарч байв. Тэгээд томоохон ажил гүйцэтгэх гэхээр хүн хүч хүрэлцдэггүй. Ганц машин, ганц крантай, 10 хүнтэй компани барилга барина гэвэл худлаа. Тиймээс нэгдэж нийлэх нь чухал. “Улаанбаатар барилга” компани үүнийг сайн ойлгодгийн хувьд “Дельта Констракшн”, “БҮТИ”, “И Си Си”, “Эрэлт Импэкс” компаниудтай нэгдэн Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийг байгуулсан. Нэгдэж ажилласны үр дүн төрийн бодлого зорилтыг бид хэрэгжүүлж ажиллалаа. Иргэдийг орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажилд энэ байгуулагууд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Гэхдээ тэр бүр томоохон төслүүд хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай, барилгууд зогсоод байна гэцгээх болсон. Бид тэр байтугай хүнд хэцүү цагийг даван туулсан шүү дээ. Зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн үед би Барилга угсралтын конторын даргаар ажиллаж байсан. Тэр үед барилгын салбар уналтад ороод байсан ч компанийн үйлдвэрлэлийн зохион байгуулалтын өөрчлөлтийг зоригтой хийж, аж ахуйн дотоод тооцоотой аж ахуйн нэгж байгуулан, ажилчдаа зах зээлийн хүнд хэцүү үед тогтвортой ажлаар ханган цалин хөлстэй байлгаж болоод л байсан юм даа. Мэдээж хямрал удахгүй дуусна. Тэгэхээр хямарлаа гэж бодолгүй ажлаа сайн хийхэд аяндаа болно гэж хэлмээр байна.
Сэтгэгдэл ( 3 )
Гавьяат цол хаана байнаа? Шагнал нүдээ олдог уу?
Shagnal herwee eznee oldog bol haaguur ni tuurch ywaa yum boldoo gawyat bitgii l baatar bolohoor hvndee manai injiner
ГАВЬЯАТ ЦОЛЫГ ЭНЭ ХҮНД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ....