ТОЙМ: Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 02

Энэ долоо хоногт Венесуэлд болж буй эрх мэдлийн төлөөх тэмцэл дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээр байлаа.

 

Европын Холбооны парламент тус улсад нээлттэй, шударга сонгууль явуултал 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр өөрийгөө ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч хэмээн өргөмжлөөд буй Хуан Гуаидог де факто төрийн тэргүүн гэдгийг нь хүлээн зөвшөөрлөө. Испани, Их Британи, Франц, Нидерланд, Герман зэрэг улсууд Мадуро найман хоногийн дотор сонгууль зарлахгүй бол Гуаидог ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч хэмээн хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдсэн юм.

 

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчнийхэнтэй болон олон улсын зуучлагч нартай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэж, дахин сонгууль хийхээс татгалзлаа. ОХУ болон НҮБ сөргөлдөгч талуудын хооронд зуучлахад бэлэн буйгаа мэдэгдэв.


Венесуэлийн Дээд шүүх Хуан Гуаидог хилээр гарахыг хориглож, түүний банкны данснуудыг царцааж, үл хөдлөх хөрөнгөө худалдахыг мөн хориглосон бол АНУ-ын эрх баригчид Венесуэлийн төрийн өмчит газрын тосны “PDVSA” компанийн эсрэг хориг тавьсан тухай зарлаж, Хуан Гауидог хууль ёсны “түр” ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхийг дэлхийн улс орнуудад хандан уриалав.


Хуан Гуаидог АНУ, Бразил, Канад, Аргентин, Чили, Колумб, Коста-Рика, Гватемал, Гондурас, Панам, Парагвай, Перу, Гүрж, Албан зэрэг улсууд хүлээн зөвшөөрөөд байгаа бол Николас Мадуро ОХУ, БНХАУ, Турк, Иран, Мексик, Куб, Болив зэрэг улс орнууд дэмжиж байгаа юм.

 

Энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 30-31-ний өдрүүдэд Вашингтонд АНУ, БНХАУ ээлжит худалдааны хэлэлцээ хийлээ. Талууд Америкийн компаниудын Хятадын компаниудад технологи шилжүүлэх арга зам, Хятад улсад оюуны өмчийн эрхийг хамгаалах, хэрэгжилтийг хангах шаардлага, Хятад улсад үйл ажиллагаа эрхэлдэг АНУ-ын компаниудад тулгардаг тарифын болон тарифын бус саад зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв. Түүнчлэн, талууд зах зээлийн саад, Америкийн аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг хязгаарлаж буй гаалийн татвар, АНУ, БНХАУ-ын худалдааны харилцаанд валютын гүйцэтгэж буй үүрэг зэргийг хөнджээ.


АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны хэлэлцээ энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд хангалттай үр дүнд хүрэхгүй бол АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй гаалийн татвараа нэмнэ гэж Цагаанд ордноос мэдэгдэв.


Хэлэлцээний үеэр талууд хэд хэдэн   тохиролцоонд хүрлээ гэж Хятадын тал мэдэгдэв. Хоёр улсын эрх баригчид АНУ, БНХАУ-ын худалдааны харилцааг хөгжүүлэхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авна гэж онцлов. Хятад улс АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эрчим хүчний эх үүсвэр, аж үйлдвэрийн байраа, үйлчилгээний импортын хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ.

 

Энэ оны нэгдүгээр сарын 23-нд эхэлсэн Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяаг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн шүүх хурлын талаар олон улсын хэд хэдэн хэвлэлүүд мэдээлэв.


Шүүх хурал Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо арав хоног үргэлжлэх бөгөөд шүүх хуралд хохирогчийг төлөөлж Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комисс болон хохирогчийн аав С.Шаарийбуу, том хүү Б.Баярхүү, ар гэрийнхэн оролцож байгаа юм.


Шүүх хурал дээр Б.Баярхүү мэдүүлэг өгчээ. Тэрбээр ээжийнх нь талаар гарсан сөрөг мэдээлэл, олны хандлага  нэрээ солиход хүргэсэн талаар, ээжийнхээ тухай, өвөө болон гэр бүлийнхэндээ туслах үүднээс гудамжинд CD, DVD зарж, мөнгө олдог байсан тухайгаа мөн Шүүх хурлын үеэр ярьжээ. Б.Баярхүү ээжийгээ "Хүнийг хайрладаг, зоригтой эмэгтэй байсан" гээд хүүхдүүдтэйгээ хамт кино үзэж, аялал, зугаалгаар явж, тоглоомын талбайд тоглоход байнга хажууд нь байдаг байсан талаар дурсав. Талийгаачийн гэр бүл Ш.Алтантуяагийн үхлээс болж сэтгэл санааны асар их хохирол амсч, сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орсон гэж нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандсан байна.

 

2018 оны нэгдүгээр сарын 30-31-ний өдрүүдэд АНУ-ын төв болон хойд хэсгийг ер бусын хүйтэн болсны улмаас 20 гаруй хүн амиа алдаж, мянга гаруй нислэг цуцлагдаж, сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагууд, музей зэрэг хаалгаа барьжээ.


Хойд туйлын циклоны улмаас агаарын температур Миннеаполис хотод -33.5 – 45 градус, Чикагод -30 градус хүртэл буурч, хүйтэн салхины нөлөөгөөр -45 градусын хүйтэн мэдрэгдэж байжээ. Цаг уурчид, 10 минут гадаа хүйтэнд байхад хөлдөх аюултайг анхааруулсан байна.


 Хүчтэй салхинаас гадна их хэмжээний цас орж, нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Төмөр замын хөдөлгөөнд саатал гарч, 10 мужид шуудангийн үйлчилгээ доголджээ.


Чикаго хотод  160 орчим дулаацуулах төвийг нээж, Миннеаполис хотын удирдлагууд оршин суугчиддаа нийтийн автобус, галт тэргэнд дулаацах боломжийг олгов. АНУ-ын нийслэл Вашингтон хотод онц байдал зарлаж, орон гэргүй хүмүүст нэмэлт үйлчилгээ үзүүлж байна.


Эрдэмтэд цаг агаарын энэ үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.


Энэ долоо хоногт Хятад улс энэ жил сансрын тавь гаруй хөлгийг сансарт хөөргөхөөр төлөвлөж буйгаа зарлаж, Япон улсад анх удаа ижил хүйстэн хосыг хүлээн зөвшөөрч, Samsung 1 терабайт багтаамжтай ухаалаг утас худалдаанд гаргахаар болж, АНУ-ын Баруун Виржиниа мужийн төлөөлөгчдийн танхимд сонгогдсон 19 настай Кэйлеб Ханна тус улсын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэн дэх хамгийн залуу төлөөлөгчөөр тодорч, Ираны дүрвэгч Бехруз Бучани уран зохиолын салбарын Викторианы шагнал авсан зэрэг үйл явдлаар дүүрэн долоо хоног байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top