Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг М-Си-Эс групп 25 жилийн ойгоо тохиолдуулан санаачлан хэрэгжүүлэхээр болжээ.
Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрт үндэсний хэмжээний томоохон төслүүдийг шалгаруулан, 5 жилийн хугацаанд нийт 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгох юм.
Тэтгэлэгт хөтөлбөрийн эхний төсөл болох Чойжин ламын сүм музейн уран барилгын хадгалалт хамгаалалтын ажлыг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Чойжин ламын сүм музей, Монголын Урлагийн Зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран 2019 оноос эхлүүлэх юм.
Монголын Урлагийн Зөвлөл Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахад бэлтгэх зорилгоор 2008 онд архитектурын хэмжилт ба барилгын гэмтэл, 2017 онд байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөлөл зэрэг 9 төрлийн судалгааг Австрали улсын иргэн Рожер Перрийн дэмжлэгээр хийсэн билээ. Уг судалгааны тайлан, дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийн газар ашиглалтын төлөвлөлт, орчны тохижилтын ажлыг хийх аж.
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх удаах төсөл нь Богд хааны ордон музейн уран барилгад байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа бөгөөд мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ онд хэрэгжүүлэх аж. Судалгаагаар музейн одоогийн нөхцөл байдлыг үнэлэн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглах юм.
М-Си-Эс группийн ерөнхийлөгч Ж.Од “Бид 25 жилийн ойгоо ёслон тэмдэглэхээсээ илүүтэй улс орныхоо нийгэм, соёлыг хөгжүүлэхэд хувь нэмэр болох бодит санаачилгуудыг дэмжиж, санхүүжүүлэхээр болсон. 2013 онд 20 жилийн ойгоороо соёлын өвийг хадгалж, хамгаалах зорилготой Монгол кино HD, Занабазарын нууц, Үндэсний дуурь, балетын ноотыг сэргээн цахимд хөрвүүлэх зэрэг томоохон төслүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн. 25 жилийн ойгоороо үүнийгээ уламжлал болгон, улам бүр өргөжүүлж, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт хэд хэдэн томоохон хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэлээ.
Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Чингис хаан одонт, МУСГЗ Г.Мэнд-Ооёо “Өв эрдэнэ соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын ард түмний эрдэм билиг, ур ухаан, оюун соёлын охь дээж болсон түүх соёлынхоо хосгүй үнэт дурсгалуудыг нандигнан хамгаалж, сэргээн хямгадаж, арвижуулан дэлгэрүүлж үеийн үед түүчээлэн хүргэх сайн үйлсийн аян юм” хэмээн хөтөлбөрийн ач холбогдлыг үнэллээ.
Сэтгэгдэл ( 0 )