Одоогоос хоёр сарын өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хоолны хордлого гарч, 71 хүүхэд хордсон ноцтой тохиолдол гарч байв.
Хордлогын дэгдэлттэй холбогдуулан тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газраас хордлогын голомтод ажиллаж, дүгнэлт гаргасан юм. Шинжилгээний дүнгээр тус хордлого нь и.коли хэмээх бактериар үүсгэгдсэн хоолны хордлого болох нь тогтоогдсон бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас сургуулийн захиралд 15 заалт, сумын Засаг даргад таван заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
Үүрэг даалгаврын биелэлтийг энэ сарын 13-14-ий өдрүүдэд шалгахад, гүний худаг гаргаагүй, дотуур байрны хүүхдүүд усанд орох нөхцөл боломж бүрдээгүй, дотуур байрны бохирын цооног ажиллагаагүй, гал тогоонд цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй зэргээр дотуур байрны үйл ажиллагааг сэргээх боломжгүй, биелэлт хангалтгүй байжээ. Иймд тус сумын болон сургуулийн удирдлагуудад асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг, чиглэл өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )