Үе үеийн хөлбөмбөгчид нэгэн дээвэр дор чууллаа

2019 оны 02 сарын 23

Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнээс анхны оноогоо авсан түүхэн өдөр буюу жил бүрийн хоёрдугаар сарын 19-нийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо “Үндэсний шигшээ багийн өдөр” болгон тэмдэглэх болсон билээ.

МХБХ-ны түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй эхний ажил нь “Үндэсний шигшээ багийн өдөрлөг” байсан бөгөөд урьд өмнө нь хэзээ ч байгаагүй цар хүрээг хамарлаа. Тодруулбал 1960 оноос өнөөг хүртэлх бүх шигшээ багаас тоглогч, дасгалжуулагч нийлсэн 200 хүн нэгэн дээвэр дор чуулж, үнэт түүх, дурсамжаа хуваалцан, мартагдашгүй үдшийг өнгөрөөсөн юм.

Шигшээ багийн түүхийг бичсэн, бичилцэж яваа тоглолгчдын хувцас хэрэглэл, гэрэл зургууд “Шигшээ багийн өдөрлөг”-т хүрэлцэн ирсэн хүн бүрийн анхаарлыг татаж байв. Мөн 60 жилийн хугацаан дахь үндэсний шигшээ баг, тоглогчдын гаргасан амжилт, статистик тоон үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучаар Б.Буман-Учрал, хамгийн залуудаа гоол оруулсан тоглогчоор Г.Төгсбаяр, хамгийн хурдан хугацаанд гоол оруулсан тоглогчоор Ц.Мөнх-Эрдэнэ, хамгийн ахмад насандаа тоглосон тоглогчоор Ш.Насанжаргал, хамгийн хожуу орсон гоолын эздээр Б.Буман-Учрал, Н.Цэдэнбал нар тус тус тодорлоо.

Эх орныхоо төлөө эргэлт буцалтгүй хүчин зүтгэж явсан шигшээ багийн тоглогчдод Монголын Хөлбөмбөгийн Холбооноос талархал илэрхийлж үндэсний шигшээ багт өөрийн зүүж явсан дугаартай өмсгөлийг, МХБХ-ны талбайд болох бүх тоглолтыг үнэгүй үзэх эрх бүхий картын хамт дурсгав.

Шигшээ багт тоглож, эх орноо төлөөлж байсан болон одоо төлөөлж байгаа бүх тоглогч, дасгалжуулагч нарт эрүүл энх, аз жаргал бүхний дээдийг хүсэн ерөөе.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top