Бизнесийг авлигаас ЧӨЛӨӨЛНӨ  гэж амласан О.Амартүвшин ерөнхийлөгч  боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын /МҮХАҮТ/ XX их хурал өчигдөр өглөөний 09:00 цагаас эхэлж, шөнийн 03:00 цаг  болтол хуралдлаа. Танхимын шинэ ерөнхийлөгчөөр UFC группийн ТУЗ-ийн дарга  О.Амартүвшин сонгогдлоо. Тэрбээр нэр дэвшихээсээ өмнө юу хэлж байсныг эргэн сануулъя.

“Танхим нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг, бодлогын өмгөөлөгч, төр хувийн хэвшлийн түншлэлийн гүүр болдог, зөв ажиллаж чадвал улс орны гадаад, дотоод худалдаа болон эдийн засгийн орчинд хамгийн чухал  нөлөө үзүүлэгч байгууллага. Тиймээс бид нэгдэх хэрэгтэй байна.

 Аятайхан зөв бодлого бариад явсан бол нэр дэвшихгүй гэж бодож байсан. Харамсалтай нь дөрвөн жилийн өмнөхөөс урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс арав гаруй байраар ухарчихлаа. Бизнесийн орчин дахь төрийн нөлөө, оролцоо ихэсч байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан юм алга. Эдийн засгийн өсөлт долоо руу дөхсөн, өнөө жил найман хувь хүрнэ гэж ярьж байна. Энэ өсөлт бодит бизнес эрхлэгчдэд үр дүнгээ өгөөгүй. Монголын эдийн засгийн өсөлт ерөөсөө л үнэ нь дажгүй байгаа зэс, алт, нүүрс, төмөр. Эдийн засгийн өсөлтийг бизнесийнхэндээ яаж өгөөжтэй болгох вэ, тэднээр дамжуулж ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, татварын механизмыг ямар гарц замаар зөв оновчтой болгох вэ гэсэн асуултын хариуг танхим төртэй хамтарч хайж байх ёстой байгууллага” гэж байсан. Мөн тэрбээр “Тэмцэж байснаа санхүүжилт аваад чимээгүй болчихдог ТББ олон бий. Танхимын хувьд ийм байгууллага биш. Хамгийн ил тод, хамгийн хурдтай институци байх ёстой. Бизнесийн байгууллага хэрэглэгчээсээ түрүүлж явж байж зах зээлээ өргөтгөнө. Танхим эднээс нэг алхмын урд алхах ёстой. Бүгдэд нь суурь судалгаа, мэдээлэл өгч, хамтдаа зөв хөгждөг байгууллага байх учиртай. Хамгийн гол нь үүнийг ойлгодог баг танхимын удирдлагад ажиллах ёстой. Шинэлэг, реформын шинжтэй өөрчлөлтийг зоригтой хийж байж танхим хүчирхэгжинэ. Компаниуд авлига өглөө гэдэг. Танхим ажиллаж чадахгүй байгаа учраас авлигын асуудал үүсдэг. Ганц нэгээрээ асуудлаа шийдэх гэж оролддог. Эцэстээ тэр нь авлига руу түлхдэг. Нийлээд зөв лоббигоо хийгээд явбал асуудлуудаа шийдэж чадна. Хүчтэй танхимтай бол бизнесийнхэн хэнд ч авлига өгөхгүй. Эцэст нь хэлэхэд компаниудыг томруулж, эдийн засгийг тэлэх реформын шинжтэй өөрчлөлтийг бизнес ойлгодог, зовлон, жаргалыг нь мэдэрсэн хүн танхимыг удирдаж байж хийнэ. Бизнес мэдрэхгүй, ачааны хүндийг үүрч үзээгүй, улстөрд чанагдсан гэх мэт танхимаас хол хөндий хүн энэ суудалд очвол байдал өнөөдрийнхөөс ч дордох эрсдэлтэй. Миний хувьд танхимтай хориод жил хамтран ажиллаж байна” гэж ярьсан юм.

Тэгвэл тэр танхимыг удирдах эрхийг авлаа. Танхим эдийн засгийн орчинд хамгийн чухал нөлөө үзүүлэгч байгууллага гэж тэр хэлсэн. Хэлснийхээ дагуу танхимын оролцоог улам нэмэгдүүлж ажиллаж чадах уу гэсэн хүлээлт өнөөдрөөс ийн эхэлж байна.

Тэгвэл тэр танхимыг удирдах эрхийг авлаа. Танхим эдийн засгийн орчинд хамгийн чухал нөлөө үзүүлэгч байгууллага гэж тэр хэлсэн. Хэлснийхээ дагуу танхимын оролцоог улам нэмэгдүүлж ажиллаж чадах уу гэсэн хүлээлт өнөөдрөөс ийн эхэлж байна.

О.Амартүвшинг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа нэр дэвшигчдийн нэг Ч.Ганхуяг өөрийн сошиал хуудаснаа “Танхимын сонгууль болж дууслаа. 4 хүн өрсөлдөж Амартүвшин үнэмлэхүй ялалт байгуулав. Баяр хүргэж, амжилт хүсье!” гэж бичсэн байна.

Танхимын хурлаар МҮХАҮТ болон Хяналтын зөвлөлийн   2015-2018 онд  хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцсэн юм.  МҮХАҮТ-ын мөнгөн хөрөнгө 7.3 тэрбумаар хэмжигдэж байна. Нийт хөрөнгө нь 9.7 тэрбум төгрөгт хүрчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дарь(66.181.178.77) 2019 оны 03 сарын 01

хамгийн буруу хүн нь болчихлоо бишүү?

0  |  0
Зочин(64.119.17.140) 2019 оны 03 сарын 01

Чадах уу?

0  |  0
Top