С.Дэмбэрэл: МҮХАҮТ-ын ажлыг одоо би яриад дэмий

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Дэмбэрэлтэй товч ярилцаж, нөгөөдөр /2019.02.28/ болох МҮХАҮТ-ын Их хурал, ерөнхийлөгчийн сонгуулийн талаар байр суурийг нь сонслоо.


-Та МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр олон жил ажилласан. Өнөөдөр энэ байгууллагыг хэр сайн ажиллаж байна гэж хардаг вэ?

-Мэдэхгүй шүү дээ, би энэ талаар ярьж болохгүй. Одоо би танхимын ажлыг дүгнэх эвгүй шүү дээ. Тийм болохоор дүгнэж яриад дэмий. 

-Тэгвэл ямар зарчмаар ажиллах ёстой гэж боддог вэ?

-МҮХАҮТ гэдэг бол хамгийн ардчилсан байгууллага. Гишүүдээрээ удирдуулдаг, Төрийн бус байгууллага. Гишүүдийн Их хурал гэдэг бол танхимын дээд байгууллага. Дэлхийн бүх танимд үндсэн хоёр чиг үүрэг байдаг. Нэг нь бизнесийн өмгөөлөл, бодлогын өмгөөлөл. Хоёр дахь нь бизнесийн урамшуулал. Тэгэхээр энэ чиглэлийнхээ ажлыг л эрчимтэй хийх хэрэгтэй. Тийм хүмүүс сонгогдоно гэж найдаж байна.

-Та өөрөө танхим удирдаж байх үедээ ямар зарчим илүү баримталдаг байсан бэ? Өөрийнхөө ажилласан жилүүдэд үнэлэлт, дүгнэлт өгч болох уу?

-Миний үед чих тайван байлгадаггүй байлаа. Мэдэгдэл гаргана, янз бүрийн хурал хийнэ. Мэдээж хэрэг эцсийн дүндээ бид өөрсдөө шийдвэр гаргадаггүй, төр шийдвэр гаргадаг. Тэгэхээр хэцүү байдаг. Гэхдээ энэ бол бизнесийн өмгөөллийн ажлаа сул хий гэсэн үг биш. Бид бизнесийн орчны хүнд суртлын индекс гаргадаг байлаа. Бизнесийн орчныг сайжруулах төрийн зохицуулалтын реформ явуулахыг оролдсон. 2012-2016 онд гадаад худалдаа, бизнесийн орчны реформ хийсэн. Гадаад худалдаанд бүрдүүлдэг 12 баримт байсныг цөөлж, таван бичиг бүрдүүлдэг болгож байсан бол өнөөдөр эргээд бүрдүүлэх баримтын тоо 10 болчихсон байна лээ. Бизнесийг төлөөлдөг төрийн бус байгууллага, тогтмол бизнес эрхлэгчдийн санаа бодлыг янз бүрийн хэлбэрээр авч, төрд өгдөг биш тэрнийг нь боловсруулаад төрийн бодлого, эдийн засгийн бодлогын алтернатив хувилбарыг гаргаж ирэх ёстой юм. Энийгээ бас итгүүлж үнэмшүүлж, бодлого болгож гаргах нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой ажил болгодог. Энэ байдал байхгүйгээс ЖДҮ гэсэн нэр томъёо үүссэн юм шүү дээ. Хөндлөнгийн хараат бус хяналтын системийг тогтоож яваагүй, энэ чиглэлээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ерөөсөө хөгжөөгүй, өөрөөр хэлбэл сануулж хэлэх хүнгүй бол сайн засаглал ч гэсэн ялзардаг гэдэг эртний үг байдаг. Ямар ч Засгийн газар өөрийгөө ухаантай гэж боддог бол амьдрал түүнээс илүү ухаантай байдаг юм. Ялангуяа бизнесийн зовлон, жаргалыг мэдэж байгаа хүмүүс илүү их прагматик, бодитой юм ярьдаг. Тэр бодитой зүйлийг бодлого болгож, макро эдийн засаг, мөнгөний бодлого, төсвийн бодлого, үүн дээр нэмээд бодит секторыг дэмжих бодлогыг гаргах нь төрийн үүрэг байдаг. 

-Танхимын дэргэд Тусгай сангуудыг байлгах хэрэгтэй санал гарах болжээ. МҮХАҮТ-аас ЖДҮХС-гийн үйл ажиллагааг хянаж болох уу?

-Тэр бүтэхгүй ээ. Нэгдүгээрт, тийм хэмжээний засаглал Монгол Улсад үүсээгүй. Хоёрдугаарт, Төр, хувийн хэвшлийн үр дүнтэй ил тод, ийм түншлэлийн механизмаар дамжуулна уу гэхээс бизнесийн төлөөлөл гэж нэг хүн суулгачихаад, найм есөн хүн нийлж, шийдвэр гаргаад байх нь утгагүй. Өнгөрсөн алдаа бол ерөөсөө л тэр байсан. Ил тод байдлыг хангаж чадаагүй, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тэнцвэртэй байдлыг хангаагүй зэрэг дутагдалтай зүйлүүд бий. Энэ санаа бол бизнесийнхний л хүсэл. Бид нар байсан бол ингэх байсан, Ерөнхий сайд байсан бол тэгэх байсан гэдэг ч юм уу хүмүүс яриад байдаг л даа. Монгол Улсын өнөөгийн хуулийн орчинд, өөрчлөх хуулийн орчинд ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, төрийн болон татвар төлөгчдийн мөнгийг бизнесийнхэн өөрсдөө зарцуулна гэдэг санаа шүү дээ. Тийшээ тэмүүлэх талын юм ярина уу гэхээс эрх зүйн орчин, бодлогын соёл энэ төвшинд байж чадахгүй юм шүү, өнөөдрийн байдлаар лав. 


ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.27.54) 2019 оны 02 сарын 26

Дэмбэрэл яагаад МҮХАҮТ-ын талаар Яагаад ярих Дэмий гээд байна цаад талдаа Но-той болоод тэгж байна уу яг Үндсэндээ МҮХАҮТ гэж Бизнес эрхлэгчидээсээ Татвар авсан ямарч Дэмжлэггүй байгуулага ш дээ

0  |  0
Зочин(103.26.195.217) 2019 оны 02 сарын 26

Энэ Лхагважав гэгч албан тушаал, алт мөнгөний төлөө нэг намаас нөгөө нам руу урваж явдаг хогийн шар шувуу шүү. МХАҮТ-ын 50 сая төгрөгийг дээрэмдэж 2 өрөө байр өөртөө завшсан хулгайч зайлаа.

0  |  0
Top