Монголын төр МҮХАҮТ-ыг халаасандаа үлдээлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Та буруу сонсоогүй ээ. Бизнес эрхлэгчдийн төлөө дуугарах ёстой, эрх ашгийг нь хангуулах ёстой, татвараар чөдөрлөхийг болиулах ёстой МҮХАҮТ ийнхүү төрийн халаасанд үлдлээ. Санаачлагчид нь Х.Ганхуяг, Д.Энхтүвшин болохоор “халаас”-ны гишүүд тэднийг “том компанийн дохиур” гэж социалист үзэл суртлаар хандаад төслийг буцаан татсан байж болох. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимы тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтыг хийлээ. Санал хураалтад 90 гишүүн оролцсоноос 47 гишүүн нь татгалзаж, тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. 

“Буянт-Ухаа”-аас намын дарга сонгоход танхимаас “Танхим”-ын Б.Лхагважав дэвшсэн. Дэвшсэн ч дарга болж тодроогүй. Танхимынх нь Ерөнхийлөгч намын гишүүн, даргад санаархдаг этгээд байхаар МҮХАҮТ чухам хаашаа чиглэх нь ойлгомжтой. Энэ байгууллага тэртээ 1960 онд “Худалдааны танхим” нэртэй байгуулагдсан. Шинэ нийгэмд хөл алхаж орсны дараа 1995  онд Танхимын тухай хуулийг баталснаас хойш энэ хууль өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй байна. Энэ хугацаанд бизнесийн орчин, эдийн засгийн чадамж, нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Түүнчлэн гадаад, дотоод худалдааны урсгал ч хэд дахин нэмэгдсэн. Гэтэл бахь байдгаараа 20 жилийн өмнөхөөрөө л зохицуулах гээд үзээд байдаг.

Танхимын тухай хууль 1995 онд батлагдсанаас хойш 31 жил өөрчлөгдсөнгүй...

Энэ хооронд татвар нэрээр иргэдээ саасаар байна. Яг одоогийн байдлаар татварын албанд бүртгэлтэй 265 мянган татвар төлөгч бий. Үүний 26% буюу 72.6 мянган нь 6.1 их наяд төгрөгийн татварын өртэй гэж Татварын ерөнхий газрын мэдээлэлд дурджээ. Одоо үүнээс нэг зүйлийг анзаараарай. Өртэй 72.6 мянган татвар төлөгчийн дийлэнх нь 10 хүрэхгүй сая төгрөгийн татварын өртэй байна. Дээр дурдсанаар төсөв хүндэрсэн учраас татварын байгууллага хоёроос дээш жил хуримтлагдсан өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлжээ. Хуулийн дагуу шат дараатай арга хэмжээ авна. Энэ нь нэг ёсондоо шат дараалан дарамтална л гэсэн үг. Өнгөрөгч 2024 онд 17 их наяд төгрөгийн татварын орлого төсөвт төвлөрчээ. Үүний 60 орчим хувийг нь цөөн тооны томоохон аж ахуйн нэгжүүд бүрдүүлсэн байна. Гэвч 2024 оны төсвийн урсгал зардал 22.2 их наяд төгрөгт хүрч, улмаар 2025 оны урсгал зардал 29.6 их наяд төгрөгт хүрч түүхэн амжилтаа тогтоож байв. Ингэхэд МҮХАҮТ хаана байсан бэ гэвэл, Ерөнхийлөгч нь л лав намын байрандаа байсан болж таарах нь.

МҮХАҮТ нь эцсийн дүндээ хувийн хэвшлийн дуу хоолой болохоос илүүтэй Засгийн газрын шийдвэрийг алга хавсран дэмжигч болж хувирсан. Томоохон бодлогын өөрчлөлт гарахад бизнес эрхлэгчдийн эрх ашгийг тууштай хамгаалж, эсэргүүцэл илэрхийлэх чадамж туйлын сул байна. Төрд байсан дарга нар “ЖДҮ” нэрээр сангаа цөлмөж байхад МҮХАҮТ нүдэн балай, чих нь дүлий байсан. Гэвч бодит байдал дээр өдөр тутмын нийгмийн амьдралыг хөдөлгөдөг жиижг бизнес эрхлэгчдийн дуу хоолой энэ байгууллагад тусаж байсныг би л лав мэдэхгүй юм. МҮХАҮТ их чуулган гэж акулуудын, бизнесийн бүлэглэлүүдийн л цугларалт болдог нь нууц биш. Гэтэл жижиг, дундуудын дуу хоолой хаана хүрч, хэн сонсдог гэдэг нь одоог хүртэл эргэлзээтэй байсаар байна.

Татвар нэмэгдэхэд дуу битгий хэл авиа ч гаргаагүй, ЖДҮ-ийн хулгай явж байхад нүд нь сохор мэт өнгөрсөн МҮХАҮТ одоо засаглалын хувьд шинэчлэгдэх шаардлагатай байна!

Ойлгомжгүй зүйлс байсаар атал бас нэг ойлгомжгүй зүйл бий. МҮХАҮТ-аас экспорт, импортын зарим зөвшөөрөл, гэрчилгээг олгодог. Гэвч энэ гэрчилгээг олгох явц бүхэлдээ хаалттай хэвээр. Хүнд суртлаар дарамталж байж “авдаг хэдийгээ нэмдэг” тогтолцоо өнөөг хүртэл явж байгааг үгүйсгэхийн арга байхгүй. Чухам үүнийг шинэ хуулиар өөрчилж, зөвшөөрөл олгох явцыг нээлттэй болгож байж МҮХАҮТ-ын засаглалын шинэчлэл эхэлнэ. Гэхдээ байна аа, бас нэг асуудал бий. Хэн тэргүүн нь болох вэ гэдэг асуудал байна. Яг одоо бол “Урбанек” Б.Лхагважав МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч нэртэй яваа. Өмнө нь байсан Л.Төр-Одыг үүрэгт ажлаас нь огцруулсан. Засаглалын хямрал гээч нь чухам үүнээс харагдсан юм. Ер нь орчин цагийн МҮХАҮТ-ын түүхэнд түүн шиг огцорч байсан тохиолдол үгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top