Г.Занданшатар: Зарим татвар төлөлтийг хойшлуулах боломжтой

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцсан. Тэгвэл өнөөдөр (2020.02.18) Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) дээр үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, амны хаалт, ариутгах бодис, хүнсний хангамжийн асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үйлдвэрлэл эрхлэгчдэд төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “Хүнсний бүтээгдэхүүний хувьд хангамж харьцангуй тогтвортой, үнийн өсөлт бага байгааг өнгөрөгч амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүдэд хийсэн Үндэсний статистикийн газар болон холбогдох бусад байгууллагуудын судалгаа харуулж байна. Сар шинийн баяр ойртож байгаатай холбоотойгоор махны үнэ бага зэрэг өссөн байна. Супермаркетууд болон зарим үйлдвэр, ханган нийлүүлэгчид үнийн өсөлт гаргахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин эмийн сангуудад амны хаалт хангалтгүй, түүхий эдийн нөөц дутмаг байгаа учраас амны хаалтны зориулалтын бараа, материалыг оруулж ирэх талаар ажиллаж байна. Манай үйлдвэрлэгчид БНХАУ-аас, тэр дундаа Ухань мужаас голчлон түүхий эдээ татдаг байсан. Одоо тэндээс авах боломжгүй болсон тул БНСУ, БНСВУ зэрэг орноос авч байгаа юм байна. Турк улстай яриа хэлэлцээ хийж байгаа.

УИХ дээр бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн хангамжийг хэвийн байлгах асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Цаашид гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, эрсдэлээс урьчилан сэргийлэх баталгаатай нөөц бүрдүүлэх шаардлагатай. Маргааш (2020.02.19) УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болно. Та бүхний санал санаачилгыг УИХ-аар хэлэлцэж, Засгийн газарт санал хүргүүлнэ” хэмээн танилцуулав.

Дэлхийн зах зээл дээр амны хаалтны түүхий эд болон өргөн хэрэглээний гурил, элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тос, улаан буудайн үнэ нэмэгдэх хандлагатай байгаа аж. Энэ нь хүнсний хангамжийн 90 гаруй хувь нь импортоос шууд хамаардаг манай улсын хувьд хүндрэл учруулж магадгүй. Тиймээс валютын ханшийг тогтвортой байлгах талаар анхаарах шаардлагатай гэсэн асуудлыг үйлдвэрлэл эрхлэгчид хөндөж байв.

Тэд стратегийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний гаалийн болон бусад төрлийн татвар төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргах шаардлага байгааг УИХ-ын даргад уламжилсан юм. Ингэснээр бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орохгүйн дээр нөөц бүрдүүлэх боломжтой болно гэлээ.

Уулзалтын үеэр үйлдвэрлэгчдийн хэлсэн зүйлээс толилуулъя.

“Мөнхийн тун” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Батхишиг: Манайх амны хаалт хийх түүхий эдээ БНСУ-аас авах гэрээ байгуулан ажиллаж байгаа. Түүхий эдийн үнэ болон тээврийн зардал өсөж байна. Анх 3 ам.доллар байсан даавуу өнөөдөр 16 ам.доллар болтлоо өссөн. Амны хаалтны үнийг нэг түвшинд буюу 300 төгрөгт барих шаардлагыг төрөөс тавьж байгаа. Нэг удаагийн амны хаалтыг хоёр ээлжээр тасралтгүй үйлдвэрлэж байна. Тээвэрлэлтэд хүндрэл үүсэж байгаа учраас амны хаалтны түүхий эдээ онгоцоор авчирч байна. Амны хаалтыг татвараас чөлөөлсөн хэрнээ түүхий эдийг чөлөөлөөгүй. Тиймээс амаргүй хүнд байдалд ажиллаж байна. Үнийг аль болох нэмэхгүй байхад анхаарч байгаа ч хүндрэл их гарч байна.

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл: Үүссэн нөхцөл байдлыг хамтдаа даван гарах гарц шийдлийг олохоор үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, саналыг нь сонсож байгаад баяртай байна. Хүнсний хангамж хамгийн чухал асуудал. Манай үйлдвэрийн хувьд нэг сарын нөөц бий. Түүнээс цааш хүндрэл гарах магадлалтай. Үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа. Бидний зүгээс ашиг хонжоо хайж, бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй. Түүхий эд, материалаа гаднаас авч байгаа үед валютын ханшаа барих хэрэгтэй байна.  Валютын ханш өсөхгүй бол бид үнийг тогтвортой барьж чадна.

 

“Улаанбаатар гурил” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Доржханд: Манай улс жилд нийт 240 мянган тонн гурил хэрэглэдэг. Сард 20 мянга орчим тонн гэсэн үг. Үүнийг үйлдвэрлэхийн тулд 360 орчим мянган тонн улаан буудай хэрэглэдэг. Хоёрдугаар сарын 10-ны байдлаар манай улсын хэмжээнд 12 мянган тонн гурил, 45 мянган тонн буудайн нөөц байна. Үүнээс үзвэл гуравдугаар сараас цааш нөөцгүй болох магадлалтай. Салбарын яамнаас гурил үйлдвэрлэгчдэд 60 мянган тонн улаан буудай импортлох квот олгосон ч татвартай холбоотойгоор татан авалтаа хийж чадахгүй байна. 2019 оны намар буудайны дундаж үнэ 580 мянган төгрөг байсан. Өнөөдөр ОХУ-аас татваргүйгээр 700 мянган төгрөгийн үнэтэй буудай авч байна. Үүн дээр татвар нэмэгдвэл 800 мянга орчим болно. Аливаа бүтээгдэхүүний үнэ өртөг дээр суурилж гардаг. Буудайг ийм өндөр үнээр авчихвал гурилаа хэдэн төгрөгөөр зарах вэ гэдэг асуудал гарч байна. Тиймээс төр засгаас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх, чөлөөлөх талаар арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Энэ бол хэсэг үйлдвэрлэгчийн асуудал биш. Улсын хэмжээнд хамгийн багадаа 3-4 сарын нөөц байх шаардлагатай.

“АПУ” ХХК-ийн Худалдан авалтын албаны дарга С.Мөнхтөр: Манай байгууллагад эрүүл мэндийн байгууллагуудаас спирт авах хүсэлтүүд ихээр ирж байна. Одоогоор 17 эм, эмнэлгийн байгууллагаас хүсэлт ирсэн байна. Үүний дагуу 17 тонн хүнсний спирт, 88 тонн техникийн спиртийг худалдан борлуулсан. Цаана нь 500 тонн техникийн спирт, 203 тонн хүнсний спиртийн хүсэлт хүлээгдэж байна. Үүний шалтгаан нь мөн л улаан буудайн асуудалтай холбоотой. Манайх спирт үйлдвэрлэдэг учраас улаан буудайн квотыг авч чаддаггүй. 2009 оноос хойш дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдаас түүхий эдээ авч байна. Нөөц хангалтгүй байна.

МҮХАҮТ-аас үйлдвэрлэл эрхлэгчидтэй өмнө нь хоёр ч удаагийн уулзалтыг хийжээ. Тэндээс гарсан саналуудаа нэгтгэн УИХ-ын даргад албан ёсоор гардуулан өгсөн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтаас гарсан саналуудыг судалж, түргэн шуурхай шийдвэрлэхээ илэрхийлсэн бөгөөд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн импортлогч, амны хаалт үйлдвэрлэгчдийн гаалийн татварын төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлтийг шийдэх боломжтой гэж үзэж байна хэмээн мэдэгдэв

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top