Танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигчид ЮУ ХЭЛЭВ

2019 оны 02 сарын 21

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын /МҮХАҮТ/ XX их хурал хоёрдугаар сарын 28-ны өдөр болох гэж байна. Бизнес эрхлэгчдийг амжилт руу хөтөлсөн, ХӨТӨЧ нь байх зорилготой тус байгууллага 4 жил тутамд Их хурлаа хийж, Танхимын удирдах дээд байгууллагын тайлант хугацаанд  хийсэн ажлыг хэлэлцэн дүгнэж, цаашдын үйл ажиллагааны чиглэлүүдээ тодорхой болгож, удирдлагын түвшний сонгон шалгаруулалтаа хийдэг уламжлалтай.

 

Тэр дагуу энэ удаагийн ээлжит Их хурлаар МҮХАҮТ болон Хяналтын зөвлөлийн   2015-2018 онд  хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэнэ. Мөн МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгуулийг явуулах юм.

 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал  Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, танхимын одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав нар өрсөлдөнө гэдэг нь тодорхой болоод байна. Нэр дэвшигчдийн байр суурийг хүргэж байна. 

Б.Лхагважав хэлэхдээ “Миний хувьд нэг удаа дахин сонгогдох эрх байгаа. Энэ боломжоо ашиглаж, нэр дэвшинэ. Би маш тодорхой гурван зүйлийг дэвшүүлж, түүнийхээ төлөө л тууштай ажиллана. Одоогоор өрсөлдөгчид эцэслэн тодорхой болоогүй учраас юу хийхээ нууцалж байгаад Их хурал дээр илэрхийлнэ” гэж байгаа юм.

 

Эргэн сануулахад, Б.Лхагважав танхимыг удирдах эрх авсныхаа дараа “МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн хувьд юуны өмнө хууль тогтоомжийг сайжруулах, тодруулбал Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулахаас ажлаа эхэлж цаад агуулгаар татвартай холбоотойгоор улс орны хэмжээнд санхүүгийн шинэчлэл хийгдэж ингэснээр тулгараад буй хямралаас хурдан, бага хохирол амсан гарах боломж бүрдүүлэхийн төлөө ажиллана.Түүнчлэн төр засагт хямралаас гарах чиглэлд ирэх он жилүүдэд тавих зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх бизнесийнхний санал бодлыг хүргүүлэн бодлого шийдвэрт тусгуулахын төлөө ажиллах болно” хэмээж байв.

 

Харин 2018 оны долдугаар сард МҮХАҮТ, Засгийн газартай Бизнесийн хууль, эрхзүйн орчинг сайжруулах, Төр, хувийн хэвшлийн хэлэлцээ, түншлэлийг хөгжүүлэх, Бизнесийн орчны судалгааны тайлан, мэдээлэл солилцох тухай тусгасан Санамж бичиг байгуулах үеэр Б.Лхагважав “Бид бизнес эрхлэгчдийнхээ санал, бодлыг нэгтгэн Засгийн газарт уламжилна. Цаашид макро эдийн засгийн гол томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр урт, удаан хугацаанд тогтвортой хамтран ажиллана” гэж байсан.

Тэгвэл танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигч О.Амартүвшин  хэлэхдээ “Аятайхан зөв бодлого бариад явсан бол нэр дэвшихгүй гэж бодож байсан. Харамсалтай нь дөрвөн жилийн өмнөхөөс урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс арав гаруй байраар ухарчихлаа. Бизнесийн орчин дахь төрийн нөлөө, оролцоо ихэсч байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан юм алга. Эдийн засгийн өсөлт долоо руу дөхсөн, өнөө жил найман хувь хүрнэ гэж ярьж байна. Энэ өсөлт бодит бизнес эрхлэгчдэд үр дүнгээ өгөөгүй. Монголын эдийн засгийн өсөлт ерөөсөө л үнэ нь дажгүй байгаа зэс, алт, нүүрс, төмөр. Эдийн засгийн өсөлтийг бизнесийнхэндээ яаж өгөөжтэй болгох вэ, тэднээр дамжуулж ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, татварын механизмыг ямар гарц замаар зөв оновчтой болгох вэ гэсэн асуултын хариуг танхим төртэй хамтарч хайж байх ёстой байгууллага” гэсэн байна.

Харин нэр дэвшигчдийн нэг Ч.Ганхуягийн тухайд өөрт нь МҮХАҮТ-ыг удирдах боломж олго гэсэн үгийг Б.Лхагважавт хэвлэлээр дайгаад байгаа юм. Тэрбээр "Би энэ сонгуульд өрсөлдөнө. Танхимыг өөрчилнө. Би сонгогдсон ч, сонгогдоогүй ч дотоод үйл ажиллагааны хувьд зөрчилд идэгдэн хэдэн хүмүүс барьцалдаж, найр тавьсан, гадагшаа хандсан ажлын хувьд үр дүнгүй үлбэгэр энэ байдлыг өөрчилнө. Баялаг бүтээгчид хүчээ нэгтгэх цаг болсон. Би арай өөрөөр ажиллаад үзье. Миний ажиллах арга барил тусдаа шүү дээ. Би  100 хувь хүмүүст таалагдах гээд байгаа юм биш. Өнөөдөр бизнес, баялаг бүтээгчдэд үүрдэг ачаа нэмэгдэж байхад МҮХАҮТ амаа үдүүлсэн мэт сууж болохгүй” гэж байр сууриа илэрхийлээд байгаа юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.166) 2019 оны 02 сарын 28

Ганхуяг Ерөнхийлөгч болвол Танхимын нэр хүнд навс унана. Шизо маягийн тавьтаргүй хүн шүү

0  |  0
Зочин(103.26.195.217) 2019 оны 02 сарын 26

Энэ Лхагважав гэгч албан тушаал, алт мөнгөний төлөө нэг намаас нөгөө нам руу урваж явдаг хогийн шар шувуу шүү. МХАҮТ-ын 50 сая төгрөгийг дээрэмдэж 2 өрөө байр өөртөө завшсан хулгайч зайлаа.

0  |  0
F(66.181.185.173) 2019 оны 02 сарын 22

Энэ ногоон одоо болноо

0  |  0
Top