“Хувьсал” продакшн 20 жилийн ойн жилээ дэлгэцийн зургаа дахь бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киногоо өлгийдөж, гуравдугаар сарын 1-ний өдөр үзэгчдийн хүртээл болголоо. Кино зохиолыг тус продакшны жүжигчин Г.Бямбасүрэн бичиж, ерөнхий найруулагчаар Гавьяат жүжигчин У.Уранчимэг ажиллажээ. Харин дүрүүдэд Э.Батнямбуу, О.Дөлгөөн, С.Лхагвасүрэн, О.Мөнхдалай, Стив Эрик Дел Морэл /Steve Eric Del Morel/, У.Уранчимэг нарын жүжигчид тоглосон байна.
Гариг гэх залуу зугаа цэнгэлээ хэтрүүлж, архиныхаа халуунд эхнэрээ жолоожтойгоо хардан, эзгүй хээр орхин явснаар киноны гол үйл явдал эхэлнэ... Алслагдсан сумыг арай ядан олж ирсэн бүсгүй санаандгүй байдлаар тус суманд тусламжийн шугамаар гадаадаас ирсэн, англи хэлний багш Стивтэй танилцана. Тэр монгол ахуй, соёлыг гайхалтай мэддэг, эгэл нэгэн аж...
Энэ л дүрийг бүтээн, монгол залууст нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах сэжмийг өгсөн Франц улсын иргэн Стив Эрик Дел Морэлтай киноны нээлтийн үеэр цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Киноны нээлт амжилттай боллоо. Баяр хүргэе.
-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна.
-Энэ кинонд тоглоход хүндрэлтэй зүйл юу байсан бэ?
-Хамгийн хэцүү зүйл нь хэлний асуудал байлаа. Бусад нь гайгүй. Би франц хүн. Франц хэлний аялга, интернаци, мэдрэмжийн холбоотой зүйлс төсөөтэй. Монгол хэл бол их өөр. Заримдаа франц аялагатай ярьж байсан. Энэ кинонд тоглохын тулд би Бямбаатай /Кино зохиолыг бичсэн, жүжигчин Г.Бямбасүрэн/ зургаа, долоон сар бэлтгэл хийсэн. Гэхдээ бараг жүжгийн чадварт биш хамгийн гол нь монгол хэлний зөв дуудлага, аялага тал дээр ажилласан. Мэдээж текст цээжлэх, жүжиглэх тал дээр бага зэрэг суралцсан. Би кино найруулагч учраас энэ талын мэдлэгтэй байсан.
-Та морь унаж байгаа хэсэг дээр орлон тоглогч тоглуулав уу, өөрөө унасан уу? Их сайн давхиж байсан.
-Морио өөрөө унасан. Өмнө нь морь унаж байгаагүй. Энэ нь бага зэрэг хэцүү хэсэг байсан. Энэ сценийг авахуулахын тулд тав, зургаан удаа морь унах сургалт авсан.
-Гадаад хүн морин хуур тоглож байгаа нь энэ киног чимж, содон харагдлаа. Морин хуур тоглохыг хэр хугацаанд сурав. Анх яаж морин хууртай холбогдож байв?
-Би бараг таван жил морин хуур тоглохыг сурч, тоглож байна. Анх Францад байхдаа нэг цомог сонссон. Үүнд уртын дуу, хөөмий, морин хуур, язгуур хөгжим байсан. Тэр үеэс морин хуур хөгжим намайг маш их татаж, миний зүрх сэтгэлийг эзэмдсэн. Тэгээд л энэ бүхний өлгий нутаг руу явахаар эргэлт буцалтгүй шийдсэн дээ. Монголд ирэхээсээ өмнө морин хуур худалдан авч, морин хуурч монгол эмэгтэйгээр зургаан сар хуур тоглохыг заалгасан. Удалгүй Монголд ирж, монгол соёлтой танилцан, улам их хайртай болсон. Цаашид илүү ихийг мэдэхийг хүсч байгаа.
-Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Кино найруулагч, гэрэл зурагчин. Одоо компьютер график, монгол соёлын судлаач, морин хуурч болж явна. Уртын дуу, монгол бичиг зэрэг олон зүйлд суралцаж байна. Ер нь бол урлагийн хүн. Би үргэлж мэдэхгүй зүйлдээ суралцаж, зорилгодоо хүрэх дуртай.
-Киноны зураг авалт Увс аймагт болсон байна. Өмнө нь та очиж байв уу?
-Өмнө нь Увс аймгийн Тэс суманд бараг хоёр сар амьдарсан. Хэцүү хаданд анх удаа кино зурагт авалтаар очсон. Ерөнхийдөө би магтаал, дууль, язгуур урлаг судалдаг учраас Увс, Ховд руу явах дуртай.
-Таны хамгийн дуртай монгол хоол юу вэ?
-Хонины өөхөнд дуртай. Цагаан сарын ууц их таалагдаж байна. Надад хөдөөний тараг, өрөм, цагаан идээ их таалагдсан. Ер нь бүх л монгол хоолонд дуртай.
-Та тоглосон кинондоо товчхоноор ямар үнэлэлт өгөх вэ?
-Би киногоо үнэхээр сонирхолтой гэж бодож байна. Гүн утга агуулагатай. Мэдээж хайрын тухай... Гэхдээ хот, хөдөөгийн амьдрал, соёл хамт байх хэрэгтэй. Би судалгаа хийж, язгуур соёлыг дэмжмээр байна. Энэ кино яг энэ замаар явж байгаа учраас би тоглосон. Маш гоё мессежтэй. Залуучууд энэ киног үзээсэй. Магадгүй нэг удаа биш хэд дахин үзэж, гүн утгыг нь ойлгож, ухаараасай гэж хүсэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Good lack
Англи Америк ертөнц Оросуудаас ялгаатай нь Нармай Азид элэгсэг.