Байцаагч нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 16

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын 25 хүнийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хурлийг хойшлууллаа.

Тодруулбал, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хурлыг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн 2017 онд улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг албан тушаалаа урвуулан ашилаж, хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдож, прокурорын яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан аж.

Авлигын хэрэгт Г.Элдэв-Очих, С.Бүрэнтөгс, Н.Баярсайхан, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Оно, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Батуевич Түвшинов Чингиз нарыг Эрүүгийн хуулийн 22.4.1, 22.4.5, 22.5.1, 22.5.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдэж гэм бурууг нь шүүж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(73.39.102.84) 2019 оны 03 сарын 18

Шүүх хуралаа ч хугацаанд нь хийж чадахгүй ийм дампуурсан шүүхтэй улс. Авах, өгөхөө тохиролцох гээд л хугацаа хожоод байгаа мэт

0  |  0
Зочин(202.9.43.240) 2019 оны 03 сарын 16

эмзэг бараа матерал оруулах гэхээр одоо ч хясан боогдуулж гар хараад байдаг нөхдүүд газар сайгүй байсаар байна хууль зөвшөөрөл нь байсаар байтал хувийн хашаа байшиндаа нэвтрүүлж оруулах гээд байгаа юм шиг байцаагч хөлс мөнгө хуулиас гадуур авах гэж гүрийдэг ховдог шунахай хүмүүс төрд байсаар байна ёстой тамтай

0  |  0
Top