Бидэнд юу саад болж байна?!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нээрээ бидэнд юу саад болж байгаа юм бол. Бодлого энэ тэр гэж том юм бодохоос илүүтэй наана байгаа нэг зүйлийг олж харъя. Тэр нь авлига. Ердөө сарын өмнө гаалийн 40 орчим ажилтнуудын оролцсон авлигын схем гэрэл цохив. Одоо ч шалгалтын ажиллагаа үргэлжилж буй. Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур АТГ-аас Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газар, Замын-Үүд дэх гаалийн газрын нийт 34 албан тушаалтантай холбоотой авлигын сүлжээг илрүүлсэн. Үүнд нь хоёр аж ахуйн нэгж оролцдог байж. Хуурамч бүрдүүлэлт, гаалийн татвараас бултдаг, гаалийн хяналтын бүсэд хяналт хийдэггүй гэх энэ үйлдэлд одоо холбогдон шалгагдаж байгаа ажилчдын тоо 50 гараад явчихсан. Энэ ч яахав хуулийн хараанаас бултах аргагүй. Хамгийн хорлонтой нэгэн тоо байгаа нь гаалийн шалгалт эхэлснээс хойш дараагийн сарын гаалийн татвар 23% өсжээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл 123.8 тэрбум төгрөг. Хуулийн хонгил гэдэг шиг авлигын хонгил гэдэг нь гааль байжээ гэдгийг энэ тоо хангалттай гэрчилнэ.

Яг арван жилийн өмнө дөө Транспаренси Интернэшнл олон улсын байгууллагын авлигын тайланд Монгол Улс 182 улсаас 72-рт жагсаж байлаа. Тухайн үед цөөнх байсан Ардын намынхан авлигаар 70-аас хойш жагслаа, сүйрлээ гэж халаглаж байсан юм. Сүүлд авлига албан тушаалын хэргээр намаасаа жийгдсэн Ж.Мөнхбат ч, Ерөнхийлөгч болж тодорсон У.Хүрэлсүх ч ингэж  байлаа. Гэтэл одоо яасан гээч 182 улсаас 124 дүгээрт жагсаж байна. Өмнөх жилээсээ хоёр байр ухарсан үзүүлэлт. Арван жилийн дотор бүтэн 52 байраар ухарч. Бидний дээр Жибути, доор Найжер жагсаж байна. Бүгд ардчилсан нийгмийн үнэргүй цэргийн дэглэмтэй эсвэл сөрөг хүчнээ намнадаг автократ төртэй улс орнууд.

Монгол Улс авлигын төсөөллийн индексээр арван жилийн дотор бүтэн 52 байраар ухарчээ. Бидний дээр Жибути, доор Найжер жагсаж байна.

Монгол Улс авлигын индекст авах ёстой 100 онооноос бид 31 оноо авсан. Ази номхон далайн бүс нутгийн дундаж нь 45. Бүс нутаг даяар нийт хүн амын 68% авлигын индексийн 50 онооноос доош түвшинд амьдарч байна. Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Төв Азийн улсуудтай харьцуулахад Монголын оноо хоёроор бага байгаа юм. Бид үндсэндээ гажуудсан ардчилалтай африк тивийн улс орнуудтай зуузай холбон давхиж байна. Биднийг ийм байгааг Бертельсмэн сан, Дэлхийн эдийн засгийн чуулган зэрэг 9 байгууллагын хөндлөнгийн судалгаагаар дүгнэчихсэн гэсэн үг. Авлигын индексийг ерөнхий 13 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг. Тухайлбал улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан эсэх, нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, төр засаг авлигын эсрэг тэмцэж, төрийн байгууллагуудад шударга ёсыг хэвшүүлж байгаа эсэх зэрэг 13 шалгуур үзүүлэлт бий. Үүнээс хамгийн чухал нь төрийн үйл ажиллагааны мэдээлэл олон нийт, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлд нээлттэй байгаа эсэх гэдэг үзүүлэлт юм. Байгууллагын нууц нэрийн дор бүх хулгай луйвраа нууж, гэрэл цохиулах хэдийгээ зохион байгуулалттай “түлхдэг” манай улсад төр засаг нээлттэй байгаа юу гэдгийг дахин бодох цаг нь болсон. Түүнчлэн хэвлэл мэдээллийн тухай хуультай, түүндээ сэтгүүлчдийг хамгаалах тогтолцоотой бол авлигын индекст бид арай дээр түвшинд бичигдэх байлаа.

Хоёр жилийн дараа Ардын нам бүрэн засагласны 12 жилийн ой тохионо. Хүний амьдралын бүтэн нэг үе гэсэн үг. Эрх мэдэл нь төвлөрсөн учраас Ардын нам дотроо хуваагдсан.

Яахав дарга ангийнхан аудитын тайланг ил мэдээлээд, дансыг нь шилэн болгоод, аль болох нээлттэй болгоод байгаа гэж биеэ өмөөрч болох л доо. Угаасаа тэд ингэж биеэ өмөөрдөг юм. Гэвч үнэн хэрэгтээ үгүй юм. Авлигын индекст дараах зүйлсийг хамааруулж үздэггүй. Яагаад гэдгийг тайлбарлая. Авлига өгсөн, авсан хэрэг тус бүр, татвараас зувчуулж, зайлсхийсэн эсэх, хууль бус санхүүгийн гүйлгээ, авлигад өртөмтгий мэргэжил болох хууль, нягтлан бодогч, санхүүгийн зөвлөх үйлчилгээ гэх мэт. Түүнчлэн мөнгө угаах гэмт хэрэг, далд эдийн засаг, авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг төсөөллийн индекст авч үздэггүй юм. Тиймээс авлигатай тэмцэж, хэрэгтнүүдийг олж тогтоож байгааг огт харгалзан үздэггүй байх нь. Авлигатай улс орноос л авлига, албан тушаалын хэрэг илэрч байгаа учраас авлигажсан гэж дүгнээд системтэй нь, үр дүнтэй нь ярьдаг болж таарч байна.

Ер нь хаана эрх мэдэл төвлөрнө тэнд авлига гаардаг. Сүүлийн 10 илүү жил хаана эрх мэдэл төвлөрсөн бэ гэдгийг уншигч та бодоод нэг үзээрэй. Өнгөрсөн гурван сонгуульд Ардын нам ялалт байгуулсан. Хоёр жилийн дараа Ардын нам бүрэн засагласны 12 жилийн ой тохионо. Хүний амьдралын бүтэн нэг үе гэсэн үг. Эрх мэдэл нь төвлөрсөн учраас Ардын нам дотроо хуваагдсан. Эрх мэдлийн тэмцэл нь яв, явсаар Ерөнхий сайдаа хоёр, хотын даргаа нэг тонгороход хүргэсэн. Тэглээ гээд чухам хэн ялж байгааг уншигч та бодоод үзээрэй, Монголчууд л лав биш...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top