Хятадын дүрмээр амьсгалах ЦАГААН ХАДНЫ хоёр амьдрал

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25


-МАНАЙ СЭТГҮҮЛЧИД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН НУТАГ ДАХЬ ЦАГААН ХАД БООМТОД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА-

ЗАМ ДЭЭР ӨНГӨРЧ БУЙ АМЬДРАЛ

Цагаан хад боомтоос Гашуун сухайт хүрэх тээврийн зам аль хэдий нь цуван зогсох ачааны тэргээр дүүрчээ. Цагаан хад боомтын зүүн урд байх жижиг толгодоос урд талын жижиг толгодыг ороосон луу адил үзэгдэнэ. Биднийг сурвалжлагаар очихоос өмнө татан авалт гайгүй байжээ. Гэвч Хятадын талын сүлжээ тасарч хоёр хоног хил нэвтрүүлээгүй байна. Сурвалжлагаар очсон яг тэр өдөр Оюутолгойн ачааны тэрэг Гашуун сухайт орчимд осолдсон нь ийнхүү урт цувааг нэмэгдүүлэх үндэс болжээ.

“Би сардаа ердөө нэг л удаа бүтэн тээвэр хийж байна. Он гарснаас өнөөдөртэй нийлбэл энэ гурав дахь нь. Томоохон баяр ёслолоор л хэд хоног гэртээ хонодог. Үлдсэн өдрүүд нь цуваанд дугаарлан зам дээр л өнгөрч байна даа” гэж Багануур дүүргийн иргэн Ш.Жамъянсүрэн ярьсан юм. Тэр бол энд тээвэр хийж буй 800 гаруй жолоочийн төлөөлөл. Сардаа нэг л удаа рейс хийж буй энэ жолооч дахин хэдэн сарыг кабин дотроо өнгөрөөхийг хэн ч таахгүй билээ.

БНХАУ хоёр сардаа нэг удаа сүлжээ тасарсан, эсвэл ямар нэгэн тодорхойгүй шалтгаанаар хил нэвтрүүлэхгүй байдгаас болж ийнхүү урт цуваа үүсдэг байна. Хятад болон Монголын гаалийн ажилчдын мэдээллээр зарим жолооч машиндаа хөлдөөсөн мах хадгалдгаас болж ийнхүү хил нэвтрүүлэхгүй гацаадаг байна. Энд байгаа жолооч нар жилийн 12 сарын дор хаяж зургаан сарыг нь кабиндаа, зам дээр эсвэл дугаарлаж өнгөрөөдөг ажээ. Хилийн цаана нэвтрээд даруй 10 хонож Монголынхоо хилээр орж ирсний дараа дахин нүүрсээ тээвэрлэх гэж хоосон машинуудын ард дугаарладаг байна. Мөн адил 2-3 хоног кабиндаа өнгөрөөнө. Энэ мэт урт дугаараас, дугаарын хооронд тээвэрлэхээ хүлээсээр амьдралынхаа талыг алддаг ажээ. Гэвч энэ бол тэдний сонгосон амьдрал биш. Чөлөөндөө гарсан цэрэг, амжилттай байсан компани нь дампуурсан захирал, өр ширнээс болоод алдаж гишгэсэн нэгэн гээд бүгд л амьдралаа залгуулах гэж зүтгэж яваа эгэл жирийн эрс энд шар нар, бор хоногийг хил нэвтрэхээ хүлээн өнгөрөөж байна.

ТООСОН ДУНДАХ АМЬДРАЛ

Цагаан хад. Газар орны сайхан нэршил. Гэсэн ч энд та дээрх өнгөнөөс тэс өөр өнгийг харах болно. Замын хоёр хажуугаар овоолсон нүүрсний хаягдал, салхинд хийсэх хогтой нийлэн алсаас ямар нэгэн уурхайн тэсэлгээ болж байгаатай адил үзэгдэнэ. Энд байгаа хүмүүс нүүрсний шороонд дарагдсаар дасчээ. Салхи ихтэй байсан ч “Өнөөдөр харин ч салхигүй тогтуун байна” гэж тэнд оршин суугчид ам уралдуулан ярьцгаана. Нүүрсний тээвэрлэлтэд нэмэгдсэн цагаас эхлэн Цагаан хадны амьдрал нэг иймэрхүү болжээ. Аймгийн төвөөсөө 300 гаруй км алслагдсан болохоор энд байгаа барааны үнэ Улаанбаатрын үнээс бараг хоёр дахин үнэтэй. Цахилгаантай холбогдоогүй болохоор мөнгө ихтэй компаниуд мотор залган чамгүй хэдэн төгрөгөөр халуун усаар үйлчилдэг өвөрмөц үйлчилгээ дэлгэрчээ. Тавантолгойн бүлэг ордын нүүрсний борлуулалтын талаас илүү хувийг Цагаан хад нугалдаг гэхээр нүүрсний салбарын амин цэг гэж хэлж болохоор. Гэхдээ амин цэг болсон энэ газрын амьдрал даанч саарал. Тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын талаас илүү хувь нь Хятад эзэнтэй. 10-50 хүнтэй том компани байхад нэг л хятад эзэн хоёр монгол жолооч хөлслөн үйлчилгээ эрхэлдэг нь ч байна.

Энд байгаа татвар маш их учраас Цагаан хаданд газар худалдан авч төлдөг татварынхаа талаар нь амьдралаа залгуулж буй хятадууд ч байгаа аж.

“Цагаан хад үндсэндээ Хятадын дүрмээр л амьдардаг болсноор удлаа. Зарим компаниуд энд газар худалдан авч байна. Уг нь бид эндхийн зам харгуйгаа засах жолоочдын амьдрал ахуйг дээшлүүлэх зорил­гоор тонн тутмаас 100 төгрөг хурааж сан бүрдүүлдэг. Гэтэл хятад эзэнтэй компаниуд энэ татвараа ерөөсөө төлдөггүй. Үндсэндээ төрийн бодлого, зохицуу­лалт энэ газар байдаггүй. Уг нь нүүрсний тээвэрлэлтийн дийлэнхийг энэ хэдэн жолооч Цагаан хаданд нугалж байгаа юм шүү дээ” гэж “Цагаан хад хөгжил” ТББ-ын тэргүүн С.Батбилэг ярьсан юм. 

Цагаан хадыг цахилгаанаар хангах төсөл олон жил яригдаж байгаа ч ажил бололгүй өдийг хүрчээ. Цахилгааны асуудал ший­дэгд­тэл дахиад арав гаран жил байгаа тухай тэнд байгаа жолооч нар ч, албаны хүмүүс ч дуу нэгтэй хэлж байна. Чухамдаа энэ талаар аймаг, орон  нутгаас тодруулга авах гэсэн боловч тайлбар өгөх албан тушаалтан олдсонгүй. 

АМЬДРАЛ ХЭРХЭХ ВЭ?

Тавантолгойн бүлэг ордын гарц нэмэгдэж, өнгөрсөн оны сүүлээр экспортын хэмжээ 33 сая тоннд хүрсэн. Үүний дийлэнхийг Тавантолгойн бүлэг ордоос олбор­лосон нүүрс эзэлж байна. Сүүлийн гурван жилийн турш тогтмол өсөлттэй байж, нүүрс тээвэрлэгч компаниуд нэмэгдсэн ч үүнийг бид бодлогоор зохицуулж чадаагүй. Хятад үүсгэн байгуулагчтай ком­­па­­ниуд олширч, тэдгээр нь жо­лооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, хөдөлмөрийн аюул­гүй байдлын зөвлөмж өгдөггүй, дээрээс нь Цагаан хаданд монгол хүнээр далдлан газар худалдан авах нь газар авсан зэрэг олон саарал зүйлс Цагаан хадыг нөмөрч байна. Хятад компаниас түрээсэлдэг том оврын тээвэр эрхлэгчид сүүлийн нэг жил нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүйг “Баян зам” тээвэрчдийн холбооноос хэлж буй. Хэдийгээр үүнийг Зам тээврийн хөгжлийн яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зохицуулна гэдэг ч бодитой ажил хэрэг болохгүй л явна.

“Үнэндээ энэ хэдэн жолоочийн тухай Эрдэнэс-Тавантолгой ч салбар яамдууд нь ч дурсдаггүй ч нүүрсний борлуулалтын дийлэнхийг энэ хэдэн жолооч нар нугалж байгаа. Гэтэл 60 гаруй хүн жилдээ энэ тээвэрлэлтээс болж амиа алддаг” гэж “Баянзам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Нямжав ярьсан юм. Биднийг сурвалжлагаар очсон гуравдугаар сарын 14-ний өдөр нүүрс тээвэрлэж байсан жолооч кабиндаа шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гараад байлаа. Үүнээс ердөө сар хүрэхгүй хоногийн өмнө Ганц модны боомтод нэвтрээд байсан монгол жолооч мөн л машиндаа шатаж амиа алдсан хэрэг гарчээ. Монголын хилээс гадна болсон учраас БНХАУ-ын зөвшөөрлөөр Монголын цагдаагийнхан нэвтэрч хэргийг шалгаж байгааг тэнд дугаар­лаж байсан жолооч нар дурссан юм.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Тавантолгойн бүлэг ордын олбор­лолт сүүлийн гурван жилд эрс нэмэгдэж, үйл ажиллагааны эрчим хурдацтай нэмэгдсэн нь замын ачааллыг нэмэгдүүлсэн юм. Тавантолгойн бүлэг ордоос нүүрс экспортлох дэд бүтцийн бүс нь уурхайгаас зүүн урагш чиг­лэсэн Гашуунсухайт хилийн боомт хүртэлх 240 км зурвас газар юм. Одоогийн байдлаар нүүрсний тээвэрт 5800 гаруй зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. 2018 оны эхэнд энэ тоо 9000 хүрээд байсан юм. Сүүлийн үед авто замын ачаалал нэмэгдэж, жолооч нарыг бухимдуулах болсон тул дээрх компаниудатай гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулжээ.

Гэвч энэ хооронд Зам тээвэр хөгжлийн яамны сайд гурван ч удаа солигдож яг одоо шинэхэн сайд томилогдоод буй. Нүүрс тээвэрлэлт хэвийн ажиллагаанд шилжин, жолооч нарыг хэзээ хэвийн ажиллуулах вэ гэх бодлогоо тодорхой болгож даруй арга хэмжээ авахгүй бол жил бүр 10 гаруй жолооч энэ замд амиа алдаж, 1000 гаруй осол гарсаар байх болно.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос уншина уу!

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top