Өнөөдөр /2019.03.27/ олон улсын театрын өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулж дэлхийн хамгийн алдартай таван театрыг танилцуулья.
Театр, театрын соёл 2500 гаруй жилийн өмнө үүссэн хамгийн эртний түүхтэй сонгодог урлаг юм. Хамгийн анх эртний Грек, Ромоос эмгэнэлт, инээдмийн болон туульсийн жүжгийн зохиолчид төрөн гарчээ. Анх зөвхөн эрэгтэй хүмүүс жүжиглэх эрхтэй байсан гэдэг. Ахуй амьдралын бодит байдлыг шог болон эмгэнэлт байдлаар дүрслэн хүмүүст хүргэсэн нь өнөө цагийн сонгодог урлагийн суурь болсон гэж үзэж болно.
Сонгодог театрт дуурь, бүжгэн жүжиг, хөгжим болон бүхий л тайзны бүтээлүүд тоглогддог. Хамгийн анхны театр ч эртний Грек, Ромд үүссэн түүхтэй. Өдгөө түүхийн үнэт өв болсон "Задгай театр"-ууд жуулчдын хөлд дарагдсаар байна.
1.Палау де ла Музыка Каталана, Испани /Palau de la Musica Catalana, Spain/
Испани улсын Барселона хотод байрлах "Палау де Ла Музыка Каталана" театр нь тус улсын урлагийн үнэт өвд ордог байна. Цогц гантиг барималууд бүхий уг театрын барилгыг анх 1900-аад оны эхээр Каталаны найрал дууны нийгэмлэгт зориулж барьжээ. 1997 онд "ЮНЕСКО"-ийн "Дэлхийн өв"-д бүртгэн авсан байна. Өдгөө тус театрт симфони, жазз, Каталан зэрэг хөгжмийн олон тоглолтуудыг сонсох боломжтой.
2.Минак Театр, Англи улс /Minack Theatre, United Kingdom/
Англи орны байгалийн үзэсгэлэн бүрдсэн хамгийн өмнөд хэсэг болох Атлантын далайн хадан цохион дээр Минак театр байрладаг. Жил бүрийн тавдугаар сард шинэ улирал нь эхэлдэг гэнэ.
3."Өвлийн цэцэрлэг" Театр, Канад /The Winter Garden Theatre, Canada/
Канад улсын хамгийн том хот болох Торонтогийн "Өвлийн Цэцэрлэг" театрт орсон хүмүүст энгийн цэцэрлэгт хүрээлэнд оччихсон мэт мэдрэмж төрдөг гэнэ. Театрын дотоод хана таазнаас цэцэг, мод дүүжлэгдсэн байдаг ба тариалангийн талбайг ханан дээр буулгасан байдаг ажээ. Анх 1914 онд нээгдсэн театр эвдэрч, хэдэн арван жилийн турш хаалттай байсан байна. Улмаар 1987 онд эргэн сэргээсэн бөгөөд тэр үеэс хойш дэлхий даяар театрт дурлагчдын очих дуртай театруудын нэг болжээ.
4.Одеон Герода Аттикус, Грек /Odeon of Herodes Atticus, Greece/
Эртний Грекийн задгай театр. Энэ бол түүхийн томоохон өв юм. Акрополисын баруун урд хэсэгт байрлах Херос Aттикусын Одеон нь дэлхийн хамгийн эртний зугаа цэнгээний газруудын нэг. Дээвэргүй задгай театрт хүмүүс тухлан сууж үзэх зориулалттай. Тус чулуун театр нь өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг.
5."Фокс" Театр, Америк /Fox Theatre, United States/
Детройт театр нь тансаг, чамин, сэтгэл хөдлөм мэдрэмжийг төрүүлдэг. Хамгийн анх 1920-иод онд 5048 суудалтай театрын барилга баригджээ. Театр 1980-аад онд бүрэн хэмжээгээр сэргэсэн бөгөөд АНУ-ын үндэсний бүртгэлийн жагсаалтад оруулжээ. АНУ-ын хамгийн том театруудын нэг. Одоогийн байдлаар тус театрт жүжигчид, дуучид, олон төрлийн хөгжмийн болон хүүхдэд зориулсан тоглолтууд зэрэг зохион байгуулдаг.
Сэтгэгдэл ( 0 )