Дэлхийн театрын өдрийн мэнд хүргэе!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

Өнөөдөр Дэлхийн театрын өдөр. 

Энэ өдөр театрын эх орон Франц улсын Парис хотноо алдарт Сара Бернарын театрт 1961 онд дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын зүтгэлтнүүд цуглаж урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжгээ тоглож, өвөрмөц сайхан баяр болсон түүхтэй. Наадамд оролцогчид 'Эв нэгдэл, харилцан ойлголцол, энх тайван" уриан дор нэгдэж, тэндээс жил бүр театрын баярыг хүн төрөлхтний баяр болгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү Дэлхийн театрын өдрийг тэмдэглэдэг болсон түүхтэй.

Монгол Улсад 1990-ээд оноос энэ баярыг тэмдэглэдэг болж, тухайн жилдээ туурвисан шилдэг бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулж үзэсгэлэн, уралдаан зохион байгуулж, уран бүтээлчид тайлангаа тавьдаг, хүн бүрийн хүсэн хүлээдэг өвөрмөц гэгээлэг баяр болсон билээ.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрынхан энэ жил хорио цээрийн дэглэмтэй байгаа ч уран бүтээлүүдээ үзэгч олондоо хүргэхийн төлөө ажиллаж, олон ажлууд төлөвлөжээ. Хамгийн ойрын жишээ гэвэл Дэлхийн театрын өдөрт зориулж Г.Гомбосүрэнгийн нэрэмжит "Театр-Монолог 90" уралдааныг зарлан явуулж, шалгарсан шилдэг бүтээлүүдээ дээжлэн "Сэтгэлийн хүүрнэл" хөтөлбөрийг хүргэх аж.

Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрт буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч та бүхний баярын өдөр юм. УДЭТ-ын зүгээс Эрхэм хүндэт уран бүтээлчид, театрын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгч та бүхэндээ дэлхийн Театрын өдрийн мэндийг хүргэлээ!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top