Топ ЗУРГААН банкны нийт ашиг 255.9 тэрбум төгрөг болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Монголын банкны салбарын нийт хөрөнгө 2018 оны хоёрдугаар улиралд анх удаа 30 их наяд төгрөгийн босго давж байсан бол Монголын банкны холбооноос /МБХ/ гаргасан дөрөвдүгээр улирлын тоймд өмнөх улирлаас 6.5 хувиар өсч 33.1 их наяд төгрөгт хүрлээ гэсэн байна. Тоймд дөрөвдүгээр улирал мөнгөний нийлүүлэлтийн өсөлт өндөр хэвээр, валютын ханш хэлбэлзэл өндөртэй улирал байсныг онцолсон байна.

Өмнөх улирлаас 6.5 хувиар өсч 33.1 их наяд төгрөгт хүрсэн активын өсөлтийг бүтцээр нь харвал банкны нөөц 46 хувь, дотоодын цэвэр зээл 4.7 хувь, үндсэн хөрөнгө 11.7 хувийн өсөлт үзүүлсэн байна. Харин төв банкны үнэт цаас 3.6 хувь, Засгийн газрын авлага 5.6 хувиар буурчээ. Ийнхүү төв банкны үнэт цаас болон Засгийн газрын авлага буурч байгаа нь банкны нөөц өндөр өсөлттэй гарахад нөлөө үзүүлжээ. Мөн 2018 оны эцсээр улсын төсөв ашигтай гарсан нь банкны сектор дахь авлагыг бууруулах нөхцлийг бүрдүүлжээ.

Нийт зээлийн үлдэгдэл дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт өндөр байгаатай уялдан нийт зээлийн үлдэгдэл ч өсөлтөө хадгалсан хэвээр байна. Нийт зээл, ДНБ-ий харьцаа 2017 оны эцэст 49 хувь байсан бол 2018 оны эцсээр 53 хувь болж өсчээ.

Банкны системийн чанаргүй зээлийн хувь сүүлийн 7 улирлын дунджаар 8.7 хувь байсан бол дөрөвдүгээр улирлын дундаж 11.6 хувь болж өссөн. Дөрөвдүгээр улирлын байдлаар нийт зээлийн 10.4 хувь чанаргүй байна. Зээлийн чанаргүйдэл ийнхүү өссөн нь банкуудад Активын чанарын үнэлгээ хийгдсэнтэй холбоотой. Зээлийн эрсдэлийн сангийн хувьд улирлын эцсээр 1.5 их наяд буюу нийт чанаргүй зээлийн 87.2 хувьтай тэнцэж байна. Салбараарх чанаргүйдлийн хувьд хамгийн өндөр нь уул уурхайн салбар бөгөөд дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас 18 нэгж хувиар өсч 38 хувьд хүрсэн байна. Мөн боловсруулах салбар болон барилгын салбарын чанаргүйдлийн хувь системийн дунджаас өндөр гарчээ.

Банкны системийн оны эхнээс хуримтлагдсан ашиг 2018 оны гуравдугаар улиралд 42 тэрбум төгрөг байсан бол дөрөвдүгээр улиралд 97 тэрбумын алдагдал хүлээсэн байна. Банкны системийн ашигт ажиллагаа буюу өөрийн хөрөнгийн өгөөж -3.3 хувьд хүрсэн. Дөрөвдүгээр улирлын байдлаар 14 банкнаас 12 банк санхүүгийн тайлангаа зарласан бөгөөд 12 банкны нийт ашиг 257.3 тэрбум төгрөг байна. Төв банкнаас зарласан статистикт алдаа гарсан эсвэл тайлангаа зарлаагүй 2 банк 354 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байх магадлалтай байна. Банкуудын 2018 оны ашгийг харвал Хаан банк 171.5 тэрбум төгрөг, Голомт банк 45.7 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 19.6 тэрбум төгрөгөөр тэргүүлж байна. Харин өөрийн хөрөнгийн өгөөжийн үзүүлэлтээр Хаан банк 17 хувь, Голомт банк 9 хувь, Хас банк 6 хувиар эхний 3-т орсон байна. Топ 6 банкны нийт ашиг 255.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Банкны секторын нийт активын 87 хувийг Топ 6 банк, 64 хувийг топ гурван банк эзэлж байна. Активын улирлын өсөлтийн хувьд дөрөвдүгээр улиралд Голомт банк 16 хувийн өсөлт, Төрийн банк 13 хувийн өсөлт үзүүлсэн. Сүүлийн 4 улирлын өсөлтийг харахад Хаан банкны активын өсөлт тогтвортой 6 хувь орчимд байгаа бол Хас болон Голомт банкны активын өсөлт хэлбэлзэл өндөртэй байна. Банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгө өмнөх улирлаас 162 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Банкуудаар задлан харвал Хаан банк 38 тэрбум, Голомт банк 79.5 тэрбум, Худалдаа хөгжлийн банк 177 тэрбум, Төрийн банк 15.4 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлжээ. Ашигт ажиллагааны үзүүлэлт буюу өөрийн хөрөнгийн өгөөжөөр Хаан банк 17 хувиар тэргүүлж есөн хувиар Голомт банк, зургаан хувиар Хас банк удаалжээ.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top