Азийн хөгжлийн банк шинэ сан үүсгэх хэрэггүй гэж зөвлөлөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 07

Монголын эдийн засаг 2019, 2020 онд тогтвортой өсөх төлөвтэй байгааг Азийн хөгжлийн банкнаас өчигдөр дуулгалаа. АХБ-ны эдийн засгийн голлох нийтлэл болох жил тутмын “Азийн хөгжлийн төлөв 2018” тайлангийхаа шинэчилсэн дугаарт Монгол Улсын эдийн засаг 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6.1 хувиар өснө гэсэн таамаглалыг оруулж байсан билээ. Тэгвэл уг тайлангийн энэ оны дугаарт Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 6.9 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7 хувь, 2020 онд 6.3 хувь болно гэж таамагласан байна. АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен өчигдөр Монголын эдийн засгийн төлөв байдлыг танилцуулах үеэр хэлэхдээ “2018 оны эдийн засгийн өсөлт төсөөллөөс давсан. 2019, 2020 оны Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг хандлагатай байна. 2018 онд макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж макро эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд дэм болж байгаа юм. Засгийн газрын зүгээс үр ашигтай макро эдийн засгийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь эдийн засгийн нөөц, бодлогын орон зайг бүрдүүлэхэд төдийгүй, Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Төсөвт тусгагдаагүй шинэ сан үүсгэхийн оронд төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад анхаарах нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр хязгаарлахгүйгээр төсвийн сахилга батыг бэхжүүлэхэд туслах болно” гэсэн юм. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард манай эдийн засгийг дүгнэхдээ “Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл 2018 онд хүлээлтийг давлаа. Энэ оны эхний хагаст өмнөх оны өсөлтийг ахиулж 6.3 хувийн өндөр өсөлттэй гарсан нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлсэн, өрхийн зээл олголт нэмэгдсэнээс хэрэглээ өссөн зэрэгтэй холбоотой” гэж байсан билээ.

Эдийн засгийн төлөв байдлын шинэ нөхцөл байдлыг тодотгоход, дотоодын эрэлт өсөх, үйлчилгээ болон боловсруулах үйлдвэрлэл тогтворжих, хөдөө аж ахуйн салбар сэргэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт тогтвортой байх төлөвтэй байгаа аж. Эрэлтээс гадна үйлчилгээний салбар нь өсөлтийн гол хөдөлгүүр болох бөгөөд уул уурхайн бүтээг­дэхүүний экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор тээврийн салбарын орлого сайжирна гэж үзжээ. Уул уурхайн салбарын өсөлт болон өсөн нэмэгдэж буй махны экспорт нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт эерэгээр нөлөөлнө. Төсвийн хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэнээр барилгын салбарын үйл ажиллагаа сэргэх бөгөөд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт мөн энэ онд үргэлжлэх юм байна.

Инфляци тогтворжино гэж үзэв

Инфляци 2018 онд дунджаар 6.8 хувь байсан бол 2019 онд 8.5 хувьд хүрэхээр байна. Үүнд, төсвийн зардал нэмэгдсэнээс үүдсэн дотоод эрэлтийн өсөлт, мөн 2018 оны сүүлийн хагаст төгрөгийн ханш суларсан болон шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь нөлөөлөхөөр байна. Эдгээр нөлөөллүүд нь 2020 онд буурч, инфляцийг 7.5 хувьд тогтворжих боломжийг олгоно гэж таамаглажээ. Сануулахад, АХБ есдүгээр сард инфляцийн таамаглалаа бууруулж байсан юм. 2016 оны ханшийн уналтын нөлөө суларч буй, түлшний үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газар түлшний онцгой татварыг цуцалсны араас нэмэлт арга хэмжээ авч болзошгүй байгаа тул энэ нь үнийн өсөлтийн түвшнийг дээшлүүлэхгүй байхад чиглэсэн үр дүнг дагуулна гэж тэд харсан. Тэгвэл засгаас өгсөн чиглэл, шаардлагын дагуу түлшний үнэ тодорхой хэм­жээнд буурсан дүр зурагтай байгаа билээ.

Манай эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй. Хөрөнгө оруулалт ДНБ-ий 12.6 хувийг бүрдүүлж байгаа бол өрхийн зээл эрс өссөнтэй холбоотойгоор хэрэглээ нь ДНБ-ий 3.9 хувийг бүрдүүлсэн тоо байгаа. АХБ-наас 2019 онд Засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна гэж мэдээллээ. 2017, 2018 онуудад өндөр байсан төсвийн орлого бага зэрэг буурах хүлээлттэй байгаа ч, өсөлтийн төлөв дэх эерэг боломжуудаар сайжирч болно гэлээ. Урсгал дансны алдагдал нь 2018 онд ДНБ-ий 14.6 хувьтай тэнцэж байсан бол 2019 онд 9.6 хувьд хүрч буурахаар байна. Үүнд, экспортын өсөлт, ялангуяа алтны экспорт ихээр өсөхөөр байгаа төлөв болон машины импортын удаашрал нөлөөлнө гэж харжээ. Урсгал дансны алдагдал нь 2020 онд эргээд ихэсч, ДНБ-ий 13.0 хувьд хүрэхээр байгаа нь экспортын өсөлт саарах мөн импортын эрэлт тогтвортой хадгалагдах зэрэгтэй холбоотой аж. Олон улсын зах зээлд бонд гаргасан болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэргээс гадаад валютын улсын албан нөөц 2018 онд 500 сая ам.доллараар өсч 3.5 тэрбум ам.долларт хүрчээ. 2018 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш дунджаар 1.1 хувиар суларсан бөгөөд жилийн эцсийн байдлаар 8.9 хувьд хүрснийг АХБ-ны тайланд дурдсан байна.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top