“Шилдэг бүтээл- 2019” үзэсгэлэнгийн нээлт болно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн оюутнуудын “Шилдэг бүтээл- 2019” уран бүтээлийн уралдаан, үзэсгэлэнгийн нээлт дөрөвдүгээр сарын 11-ны 17:00 цагт “Norphei” арт галерей-д зохион байгуулагдах гэж байна.

СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх дизайн урлагийн сургуулиас оюутнуудынхаа бие даах чадварыг сайжруулах, мэргэжлийн чиглэлийн дагуу уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварт эерэгээр нөлөөлөх, "Бүтээлч-оюутан” үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор “Шилдэг бүтээл”-ийн уралдаант үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Жилээс жилд оюутнуудын идэвхи, оролдлого, бүтээлч сэтгэлгээний цар хүрээ, уран бүтээлдээ хандах хандлагад өөрчлөлт орж байгаа нь уралдаанд ирж буй оюутнуудын ажлуудаас тодорхой харагдаж байгаа бөгөөд уралдааны ач холбогдлыг ч мөн адил тодорхойлж байна. Энэ удаагийн уралдаанд уран зураг, монгол зураг, зураасан зураг, монументаль уран зураг, уран баримал, уран дархан, уран сийлбэр, чимэглэх урлаг, арьсан урлаг, график дизайны мэргэжлийн оюутнууд авъяас, ур чадвараа сорин оролцжээ.

Тус уралдаанаас Гран при шагналын эзэнд СУИС-ийн захирал доктор, профессор Э.Сонинтогос, Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн захирал доктор, дэд профессор Д.Уранчимэгийн нэрэмжит шагнал, сэдэв тус бүр дээр 1, 2, 3-р байрыг эзлүүлэн урамшуулах юм байна. Монголын ирээдүйн дүрслэх урлагийн төлөөлөл болсон оюутан залуусын уран бүтээлээр мэлмийгээн мялаан төгс мэдрэмж, сэтгэлийн цэнгэл эдлэн тус үзэсгэлэнд морилон саатахыг урьж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top