Энэ онд хүүхэд өртсөн осол 145 бүртгэгдэж, 7 хүүхэд амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 13

“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил-2030” салбар дундын үндэсний чуулганыг угтан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөгийг  өчигдөр зохион байгууллаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дээрх уриан дор дуу хоолойгоо нэгтгэн, байгууллагынхаа гадна талбай болон ойролцоох авто замын дагуу осол, гэмтлээс сэргийлэх уриалга, улаан өнгийн анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж зогсон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд нэгдсэн юм.

Осол гэмтлийн улмаас дэлхий дахинд жилд 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог байна. Мөн зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын дийлэнх хувийг 5-29 насны хүүхэд, залуучууд эзэлдэг гэсэн судалгаа байдаг аж. Ослоос үүдэн жилд 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлж байна. Энэ өдөр нийслэлийн хэмжээнд бүх эрүүл мэндийн байгууллагууд 12:30-13:00 цагийн хооронд байгууллагынхаа гадна талбайд жагслаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээлэл, тандалт судалгааны албаны мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 19 нас хүртэлх хүүхдийн 52,258 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт осол гэмтлийн 36.3 хувийг эзэлж байгаа бөгөөд 27.8 хувь зам тээврийн ослын шалтгаантай  аж. Осол гэмтлээр 375 хүүхэд нас барсан нь нийт нас баралтын 14.3 хувийг эзэлж, жилд 52 хүүхэд нас баржээ. Мөн Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар хүүхэд өртсөн осол 145 бүртгэгдэж, долоон хүүхдийн амь нас хохирч, 33 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амь насаа алдсан хүүхдийн тоо 2.3 дахин өссөн гэдэг судалгаа байдаг. Иймд осол гэмтэлд өртсөн хүүхдүүдийг эмчилж эдгэрүүлж байгаа эмч нарын санал санаачлагаар иргэддээ хариуцлагыг ухамсарлуулах зорилгоор тус өдөрлөгийг зохион байгуулжээ.

ЭНЭ ОНЫ ЭХНИЙ УЛИРЛЫН БАЙДЛААР ХҮҮХЭД ӨРТСӨН ОСОЛ 145 БҮРТГЭГДЖЭЭ

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ш.Уранцэцэг тус өдөрлөгийн үеэр “Өнөөдөр бүх улс даяар эрүүл мэндийн байгууллагууд 12:30-13:00 цагийн хооронд бага насны хүүхэд маш ихээр осол эндэгдэлд орж байгааг анхааруулан лоозон барьж зогсож байна.

Хамгийн гол нь сүүлийн үеийн статистик мэдээллээр 52 хүүхэд нас барсан гэх ба түүнээс гадна тодорхой хэмжээний хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Тиймээс Монголын ирээдүй хойч болсон үр хүүхдүүдээ хайрлан хамгаалах үүднээс эрүүл мэндийн байгууллагуудын ажилчид бид цагаан халаад өмсөн 30 минутын турш зогслоо” гэлээ.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэсүх ярихдаа “Хүүхдийг жолоочийн хажууд буруу тээвэрлэснээс болж хүүхэд гэмтэж бэртэж байгаа бодит жишээнүүд олон бий. Иймд нийт жолооч нартаа сэрэмжлүүлэх үүднээс хамгаалалтын бүс хэрэглэх, зориулалтын суудал хэрэглэх зэрэг хүүхдийг зөв тээвэрлэхдээ анхаараачээ гэж хүсч байна.  Ингэснээр бидний ирээдүй болсон бяцхан үрс минь амь насаа харамсалтайгаар алдах тохиолдол багасах юм.

Өнөөдөр зөвхөн цагдаагийн бай­гууллага урьдчилан сэргийлэх ажил хийх бус нийт төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд иргэн бүр бүгд хамтран оролцож, хүүхдүүдийнхээ амь насыг аврахын тулд бүгдээрээ хамтдаа дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Тийм учраас бид энэ өдөрлөгийг эмнэлгийн байгууллагуудтай хамтран хийж байна” хэмээн уриаллаа.

Дэлгэрэнгүйг "Өглөөний Сонин"-оос уншина уу!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top