ЮНЕСКО-гоос 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг "Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр" болгон зарлажээ. Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр тохиодог аж.
Ингээд энэ өдрийг угтан, “Аймшгийн хаан”-ы санал болгож буй 10 номыг танилцуулья.
Америкийн зохиолч Стивен Эдвин Кинг аймшиг, триллер, уран зөгнөл, драм гээд маш олон төрлөөр уран бүтээлээ туурвидаг ч дэлхий дахин түүнийг “Аймшгийн хаан” нэрээр нь илүү сайн мэднэ. Түүний бүтээлүүд нийт 350 сая хувь зарагдсан бөгөөд номоор нь олон кино, комикс хийгдсэн байдаг. Стивен Кинг бичээд зогсохгүй өөрөө ч ном унших дуртай. Уншсан номныхоо талаар твиттер хуудсаараа дамжуулан уншигчидтай санал бодлоо хуваалцдаг нэгэн.
“Бэлэвсэн эхнэр” – Фиона Бартон (The Widow by Fiona Barton)
Цагдаа нар асуулт тавьж эхлэнгүүт Жин Тейлор огт өөр хүн болон хувирдаг байлаа. Нөхрийг нь гэмт хэрэгт хардан сэжиглэх бүрт тэр хамгаалан босдог сайн эхнэр байсан. Гэхдээ нөхөр нь өнгөрсөн долоо хоногт нас барсан. Харин одоо тэр юу ярих бол? Ямар нууц дэлгэх гэж байна?
Стивен Кинг “Хэрэв танд “Gone Girl”, “The Girl on the Train” триллер таалагдсан бол “Бэлэвсэн эхнэр”-ийг заавал уншаарай. Үнэхээр хурц үйл явдалтай, сэтгэл хөдөлгөсөн бүтээл”
“Хүндэт ноён М” – Герман Кох (Dear Mr. M by Herman Koch)
Зохиолч М-ийн бодит түүхээс сэдэвлэн бичсэн роман түүнд алдар нэр авчирна. Гэвч хэдэн жил өнгөрч, зохиол бүтээл нь зарагдахаа больж эхэллээ. Ядаж байхад этгээд хачин хөрш нь эхнэр тэр хоёрыг мөрдөөд ч байх шиг. Яагаад? Энэ учрыг олох гээд л Герман Кох уншигчдын өмнө учир нууцлаг зохиолч М-ийн хувь заяаг дэлгэн тавина. Харин уншигчид үнэн баримт, сэжиг таамаглалын ертөнцөд хөвсөөр санаанд ороогүй, гэнэтийн төгсгөлтэй учрах юм.
Стивен Кинг “Герман Кох маш хурдан миний хайртай зохиолчийн нэг боллоо. Түүний 3 роман таны тархи толгойг уудлан хаях болно”
“Чөтгөрийн хаданд алга болсон нь” – Пол Трембли (Disappearance at Devil’s Rock by Paul Tremblay)
13 настай хүү Томми Чөтгөрийн хад хэмээн нэрлэгддаг цэцэрлэгт сураггүй алга болно. Түүнийг хамгийн сүүлд харсан найз нар нь худлаа яриад байна уу, цагдаа нар юу ч олж чадсангүй. Томмигийн сүнс гэртээ эргэн ирж, аймшигт зүйлийн талаар яриад байгаа мэт ээжид нь санагдах ч...
Стивен Кинг “Пол Тремблигийн энэ романыг уншаад хамаг бие чичирсэн. Та заавал уншаарай”
“Газар дорхи зам” – Колсон Уайтхед (The Underground Railroad by Colson Whitehead)
Хар арьст боол Кора оргохоор шийднэ. Газар дорхи төмөр замаар зугатаасан Кора зогсоох гэж оролдсон цагаан арьст хөвгүүнийг алж орхино. Ингээд түүний араас ан эхлэнэ. Иргэний дайны өмнө хар арьстнууд ямар хэцүү амьдарч байсныг Уайтхед уран тодоор харуулсан юм.
Стивен Кинг “Өс хонзон, орголт, золиосын тухай гайхалтай сайхан зохиол”
“Түүний нүдэнд” – Сара Пинбороу (Behind Her Eyes by Sarah Pinborough)
Өрх толгойлсон эмэгтэй Луиза зугаалж яваад нэгэн эртэй танилцана. Үнсээд одсон тэр залууг бодон сэтгэл догдолж байтал харин Дэвид шинэ дарга нь байжээ. Удалгүй Дэвидийн эхнэр Адельтэй танилцсан Луиза тэдний гэрбүлийн учрыг олох гэж оролдоно. Харахад төгс хос мэт боловч яагаад Адель нөхрөөсөө ийм их айна вэ, яагаад Дэвид бүгдийг хянах гэж оролдоно вэ? Энэ дурлалын гурвалжин уншигчдыг гайхшралд оруулна.
Стивен Кинг “Энэ номыг бүтэн өдөржингөө уншиж суулаа. Үнэхээр гайхалтай. Браво”
“Харанхуй хот” – Томас Мюллен (Darktown by Thomas Mullen)
1948 он. Дээрээс өгсөн тушаалын дагуу Атланта хотын Цагдаагийн газар хар арьстнуудыг ажилд авахаас өөр аргагүй болно. Гэхдээ хар арьст цагдаа нарыг цагаан арьст бусад нь дайсагнан хүлээж авна. Тэд цагаан арьстныг баривчилж болохгүй, эргүүлийн машинд сууж болохгүй, тэр байтугай Цагдаагийн газрын байранд ч орох эрхгүй, хонгилд сууцгаана. Хар арьст эмэгтэйг алсан цагаан арьстны хэргийг мөрдөх болоход Америк дахь арьс өнгөний үзэл бүрэн утгаараа илрэн гарах болно.
Стивен Кинг “Гэмт хэрэг, нууц, Америкийн түүхийг гайхалтай сайхан хослуулсан зохиол байна. Сонирхол татсан, гайхамшигтай ном”
“Чи намайг таньж байна уу” – Меган Эббот (You Will Know Me by Megan Abbott)
Мөрөөдлөө биелүүлэхийн тулд та юу ч хийсэн чадах уу? Энэ асуултыг гимнастикийн дасгалжуулагч Кейти, Эрик нарт тавина. Авьяаслаг тамирчин Девон мөрөөдлөө ямар үнээр биелүүлэх вэ?
Стивен Кинг “Ёстой л хамаг үс босоод явчихсан”
“Хорин гурав” – Линвуд Баркли (The Twenty-Three by Linwood Barclay)
Бямба гараг. Тавдугаар сарын 23. Промис Фолз хэмээх жижиг хотод өвчин гарч, хүмүүс үхэж эхлэнэ. Энэ үеэр гарах аллага, осол аюулд бүгдэд нь 23 гэсэн тоо хамаатай.
Стивен Кинг “Энэ ном их таалагдлаа. Промис Фолз хотын тухай та ч гэсэн уншиж, зугаацаарай”
“The Nix” – Натан Хилл (The Nix by Nathan Hill)
2011 он. Профессор, зохиолч Сэмюэл Андресен-Андерсоныг багад нь хаяад явсан ээж нь гэнэт гарч ирнэ. Ээжийнх нь хийсэн гэмт хэрэг зурагтаар гарч, бүгд түүнийг аюултай этгээд гэж байх аж. Харин Сэмюэл ээжийгээ жирийн бүсгүй байсныг сайн мэднэ. Ингээд тэр ээжийгээ хамгаалахын тулд мордоно. Гэвч ээж нь түүний мэддэгээс огт өөр хүн байсан мэт.
Стивен Кинг “Натан Хиллийн энэ номыг яг одоо уншиж байна. Дөнгөж эхэлж байгаа ч тэнэг хүн шиг л инээж байна даа би. Эхний 50 хуудас нь л энэ номны үнэтэй тэнцэхүйц байна”
«Гүн» – Ник Каттер (The Deep by Nick Cutter)
Гетц хэмээх халдварт өвчин хүн төрөлхтнийг мартамхай болгон хувиргана. Эхлээд тэд түлхүүрээ хаана тавьснаа мартаж байсан бол удалгүй машин барихаа мартаж, цагаан толгойн үсгүүдээ санахгүй. Энэ өвчнийг эдгээх эм олдох уу? Номхон далайн гүнд эм олдож болох гэх. Ингээд л гүнд шумбана. Харин тэнд аймшигтай.
Стивен Кинг “Энэ зуны халуунд аймшгийн зохиолоор сэрүүцэх хүсэлтэй байвал би энэ номыг санал болгож байна. Тун сайн бичиж, маш сайн ч айлгах юм
Сэтгэгдэл ( 0 )