
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын шинийн 8-ны өлзийт сайн өдөр Монголын ХХ зууны үргэлжилсэн үгийн нэгэн тод том төлөөлөгч зохиолч Намсрайн Банзрагчийн мэндэлсний 100 жилийн ойг түүний үр хүүхэд, хамаатан садан, төрөл төрөгсөд, урлаг, соёлын салбарын болоод Завхан нутгийн зон олны төлөөлөл ёслон тэмдэглэлээ. Тэрээр “Зам”, “Хошуу цагаан нутаг”, “Сүүлчийн буун дуу” зэрэг нэрд гарсан найман роман, “Тал нутгийн хавар”, “Мөнх зул”, “Өгсүүр зам”, “Долоон улиас”, “Намрын шөнө намуухан”, “Цэнхэр дурдан алчуур” тэргүүтэй 40 шахам тууж, 160 гаруй өгүүллэг, арав орчим кино, жүжгийн зохиол, олон шүлэг, хэдэн зуугаар тоологдох сэтгүүл зүйн үнэт бүтээл туурвин үлдээсэн цуцалтгүй авьяаст нэгэн байсан билээ.
Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо, Гүйцэтгэх захирал О.Энхжавхлан, нэрт зохиолчийн төрсөн нутаг Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Алдархаан сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Доржжүгдэр, зохиолч, судлаачид хүндэтгэл үзүүлэн ирсэн байв. “Зохиолчийн зам зөндөө гэрэлтэй” гэх Н.Банзрагч зохиолчийн үгийг алтлаг үсгээр бичин хөргийг нь залсан хүндэтгэлийн танхимд гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж, зохиолчийн болон түүний нэгэн насны хань, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад нарын ховор нандин зургуудыг олны мэлмийд толилуулсан юм. Уртын дууч, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батмэнд “Эртний сайхан” дуугаар мялаалга өргөхөд Н.Норовбанзад агсантай ая хамтардаг асан Монгол Улсын ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан аялгуу хамтатгалаа.
Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо, судлаач Д.Галбаатар нар соён гэгээрүүлэгч, их зохиолч, Монголын сэхээтний нэгэн том төлөөлөл Намсрайн Банзрагчийн үйл амьдрал, уран бүтээл, үлдээсэн их өвийн талаар илтгэл сонордуулсан юм.
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нэрт зохиолч Намсрайн Банзрагчийг Завхан аймгийн хүндэт иргэнээр нэхэн өргөмжилж буйг танилцуулж, энгэрийн тэмдэг, үнэмлэхийг зохиолчийн отгон охин, хуульч, улстөрч, дипломатч Б.Дэлгэрмаад гардуулан өгөв. Мөн аймгийн төв Улиастай хотод зохиолчийн нэрэмжит гудамж, талбай гаргахаар болж буйг дуулгав.
Ирсэн зочдын дундаас хүүхдийн зохиолч Данигайн Даваанямын охин Д.Аззаяа аавынхаа нэрийн өмнөөс нэгэн нандин бэлэг гардуулсан юм. Өдгөөгөөс хагас зууны тэртээ 1974 онд “Пионерийн үнэн” сонинд нийтлэгдсэн алдарт дуучин Н.Норовбанзадын тухай сурвалжилгыг жаазлан бэлдэж, басхүү зохиолч Н.Банзрагчийн тухай “Намсрайн хүү” хэмээх дурсамжийг “Заяа тавилангийн үргэлжлэл” номдоо багтаасныг охин Б.Дэлгэрмаад нь тийнхүү гардуулав. Сонин бичиг хэмээгч нь хэзээд үнэ цэнээ алддаггүй түүхийн бичээс байдгийг гэрчилсэн нэгэн явдал энэ болов. Мөн өөрийн гараар урлаж, өлзий хээгээр чимсэн хос торгон вааданг “Аав ээжийнхээ дээлийг ваадагнан хадгалж яваарай” хэмээн өгсөн нь олон ч хүний аньсгыг чийгтүүлсэн билээ.
Нэгэн жарныг түүчээлсэн их зохиолчийн билэг авьяас, хөдөлмөр зүтгэлийг үнэлж Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналыг хүртээж, төр, засгаас Алтан гадас” одонгоор гурван удаа, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор мөн л гурвантаа шагнасан билээ. Өнөө цагт бол аль хэдийнэ гавьяат бүү хэл ардын цолтон болох учиртай тийм л эрхэм нандин бүтээлүүд туурвисан эрхэм хүн байв. Нэрт зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан ёслол тийнхүү хүндэтгэл, дурсамж дүүрэн боллоо.

Сэтгэгдэл ( 0 )