Шувуу бүхэн жиргэдэггүй /өгүүллэг/

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 10

Жамц ойрын жилд барааг нь хараагүй нутагтаа хэд хоног амрахаар ирэв. Таанын цагаан замбага хөл гишгэх зайгүй шахам ургаж, холоос харвал халуун намраар юун их цас унаа вэ гэж дуу алдмаар эл хуль хээр талд эмээлтэй морио чөдөрлөж тавьчихаад, хоёр гараа алдлан нүдээ анин хэвтэхэд, тэртээ тэнгэрийн хаяанд ус руу цувж яваа олон адууны туурайн чимээ бараг хажууханд нь сонсогдох шиг болно.

Багадаа, хонь хурга хариулж явахдаа шинэ сар бүрийн эхээр тэнгэр, газар нүргэлүүлэн дээгүүр нисэн өнгөрдөг том цагаан онгоцны ирэх өдрийг болзсон юм шиг хүлээж, өөрсдөө дотор нь суугаад явах юм шиг хоног тоолдог байсан тэр цаг чухам хэдийд сэн билээ.

Томчуудын ярихыг сонсвол түүнийг Бээжин орохоор яваа шуудангийн онгоц гэх бөгөөд дотор нь дөч, тавин хүн элбэгхэн багтдаг, олон суудалтай хамгийн том онгоц гэнэ. Их өндөрт яваа учраас сүүдэр нь ч ядаж газарт үзэгдэхгүй. Тэр онгоцыг тэнгэрийн хойд хаяанаас нүргэлэн гарч ирээд тэртээх өмнөд хязгаарт цэнхэртэх Их, бага Тариачийн нуруу, Үзүүр, Олон шандны хэцийг давж нүдэнд харагдахгүй болж бараа тасартал нь ширтэж зогсохдоо хүүхдүүд бид нар яаж ийгээд нэг удаа ч болов онгоцонд сууж үзэх юм сан гэж хорхойсно. Манай нутгийн Насангийн Баатар гэдэг архи ууж, айлын найр тараадаг танхай залуу аймгийн шоронд яваад ирэхдээ онгоцны жолооч болчихсон байсан гэдэг. Ой ухаан сайтай, газар сайн мэддэг хүнийг онгоцны жолооч болгодог ажээ.

Шоронд ороод ч хамаагүй онгоцны жолооч болох юм сан гэж Жамц багадаа мөрөөддөг байлаа. Гэвч Жамц том болоод Зөвлөлтөд онгоцны жолоочоос дутуугүй сайхан сургууль дүүргэсэн ч дэд хурандаагаас дээш гарч чадалгүй тэтгэвэрт гарснаа бодохоос одоо хүртэл сэтгэл дундуурхан явдаг билээ. Энгийн хүмүүс “Хурандаагийн амрыг эрье” гэж мэндлэхээр нь хурандаа болж чадаагүйг нь тавлаж, дооглож тохуурхаад байгаа юм шиг гомдолтой санагдана. Цагтаа Орост Командын сургууль төгссөн залуухан офицер гялалзаж явахдаа “Генерал” болно доо гэж өөртөө итгэлтэй хэлдэг байсан өдөр бий. Хэдий тийм ч санаснаар болдоггүй хорвоод сансандаа хүрч чадаагүй ээ.

Хурандаагийн алтан мөрдэс тухайн цагтаа Монгол байтугай Орос хүүхнүүдийг ч хуйлруулдаг цол байсан үе бий. Бага байхдаа Жамц их хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байжээ. Хайр эгдүү хүргэсэн долоо, наймдугаар ангийн годгоносон охидыг барьж аваад учир зүггүй гижигдэх далимдаа цээжийг нь сэмхэн тэмтэрч, мөөмийг нь ургасан эсэхийг үзэж “Хамайсалдаг” байж билээ. Одоо тэр хөөрхөн охид нь ач гучаа тойруулсан, нас намба тогтсон налайсан эмээ нар болцгоогоод харин Жамцыг янз бүрийн үгээр шүүмжлэн аяга цайныхаа хачир болгон суух нь хааяа, хааяа чих дэлсэнэ.

–Багынхаа л нэг ийм байж ядсан, ноцолдохын донтой нохойн гөлөг шиг амьтан байсан юм. Өдий насыг насалсан ч олигтой өвгөн болж амжилгүй үхэх нь шив дээ. Насаараа л цэрэг командалж, төв суурин газар өндөр алба хашиж, цол хэргэм хүртсэн нь дуулддаг ч ээж, аавыгаа өнгөрснөөс хойш нутагтаа ховорхон ирсэн тухай авгай хүүхнүүд түүнийг ам дамжуулан баалдаг болжээ. Тэр үхэр тугалын зэлэн дээр эхнэр хүүхнүүдийн амны зугаа болсон Жамц гэдэг энэ эр эдүгээ морины сүүл хөдөлгөх төдий нуг нуг шогшуулан “Ангийнхаа охин” Цэмбэлсүрэнтэй уулзах гэж яваа нь энэ ажээ. Нэг үе цэргээс ирсэн даруйдаа нөхөр нь эхнэрийнхээ толгой дээр эр шувууны сүүдэр туссан ч дороос нь буудахаас буцахгүй их хартай гайхал байсан гэж Цэмбэлсүрэнгийн нөхрийг зарим нэг хүмүүс ярих боловч Жамц үнэн худлыг нь мэдэхгүй.

Олон жил уулзсангүй, залуухандаа царайлаг, сүрхий ажилсаг чилгэр бор хүүхэн байсан юм сан. Одоо ямаршуухан эзэгтэй болсон бол. Аль эрт л хэдэн жилийн тэртээ аймаг сумын аварга малчин болсон гэж сонсогдож л байсан. Сумын сургуульд хамт сурч байсан нэг ангийнхан маань ажил амьдралын мөр хөөгөөд ихэнх нь төв суурин газар бараадахад нутгаа сахиж үлдсэн цөөхөн хүний нэг нь Цэмбэлсүрэн билээ.

Наашаа, наана цаана гэж сүйд болох ахан дүүс ховорхон ч Жамц нутагтаа ирснийх цагийн сайханд овоо толгой дээр гарч, багадаа тоглож өссөн хонь, адууныхаа бэлчээрээр явж, чулуун тоглоом, гэр бараагаа эргэж, мартаж санасан дурдатгал юугаа сэргээе гэж ирсэн тэрбээр суман дээрээс нэг хөл дүүжлэх номхон морь олж унаад наашаа гарсан нь энэ. Өвгөд хөгшдийн унадаг номхон унаа гэдэг ихэвчлэн шар усандаа баригдсан хөгшин морь байдаг учраас ул таваг сайтай ч урагшаа гишгэхдээ ургаа хад л гэсэн үг. Хар залуугаасаа хартай хүний гарт орж, амьдаараа “арьсаа хуулуулж” хаширсан Цэмбэлсүрэн хоёр хүүхэд гаргаад л нөхрөөсөө арай чүү салж, хоёр яс хагацсан дуулдсан.

Намрын шар наран ар зооноос төөнөж, алсын уул, толгод зэрэглээнд тасархайтан агаарт хөвж, тойром бүрдийн захаар тогоруу шувууд гэзэг үсээ намируулан, хөл нүцгэн дэгдээхийгээ дагуулан, зүү тэвнэ гээчихсэн мэт тонголзон алхана. Аав ээжийгээ амьд сэрүүн байхад уралдааны морь унахаас өөр ажилгүй, айлын эрх танхи хүүхэд байсан Жамц сахал үс цайж, санчиг шанаа нь бууралтсан өвгөн болсон өдий насандаа ямар хэргээр Цэмбэлсүрэнгийнхийг зорьж гарснаа өөрөөсөө асуугаад ч хариу эс олов. Очих газаргүй болоод хоног төөрүүлэх гэж яваа гэвэл хэн ч үнэмшихгүй. Яах гэж тэднийхийг зорьж гарав гэвэл үеийн маань улс цөөрснөөс эрүү толгой зодолдуулж, хол ойрын хов жив ярья гэж яваа гэвэл бас худлаа. Тэгээд нууц нь юу вэ гэвэл бага залуугаасаа түүнийг сонирхон харж явсан тэр л хүүхэд насны шохоорхол нь наашаа хөтөлснөөс зайлахгүй. Өтөлснөөс ямар үхсэн биш гэдэг л энэ биз ээ.

Эмэгтэй хүн нас ахилаа ч эрээн мяраан даавуу, ээмэг бөгжнөөс ямар уйдах биш гэж санаад гар хоосон, ганзага сул очсоноос гэсэн шүү юм бодоод товгор хээтэй дээлийн торго авч гарсан билээ. Хүүхдүүд нь өсөж, аймаг, улсын аварга болсон хүн ганц дээлийн гадрыг бараг тоож харахгүй биз, гэхдээ цаана нь өгье гэсэн хүний өчүүхэн сэтгэл байгааг эрх биш ойлгох байлгүй гэж бодогдоно. Хажуу, саахалтын хүмүүс харвал хань ижилгүй ганц бие авгайг эзгүйчлэн, шиншилж яваа зөнөг өвгөн үү гэж намайг ад үзэж магадгүй хэмээн бодсоор гаднаа, цөөнгүй тэрэг чарга угсруулан тавьсан их бага хоёр цагаан гэрийн гадаа очиж дөрөө мулталбал тэрэгний сүүдэрт унтаж байсан хөгшин нохой толгойгоо залхуутайхан өргөн ёс төдий хэд боргон хуцмар болсноо буцан хэвтэв. Энэ үед гэрээс нэгэн эмэгтэй гарч ирснийг сайтар болгоон харвал яах аргагүй Цэмбэлсүрэн мөнөөсөө мөн байлаа. Гэрийнх нь гадаа бус, хээр хөдөө, олны дунд таарсан бол бараг залуухан гэмээр нас тогтож ядан яваа танихын аргагүй чилгэр бор авгай зогсож байлаа. Юун эмээ манатай. Яасан ч өтөлж хөшрөхөө мартсан амьтан бэ, яг л залуугийнхаа галбир төрхийг алдаагүй байна шүү гэж бодох зуураа Жамц морио тэрэгнээс уяад бүс, малгайгаа засах зуур гэрийн зүг алхлаа. Гэрийн эзэгтэйтэй мэнд усаа мэдэлцсэнээс тэртээ хойно Цэмбэлсүрэн гэнэт дуу алдаж:

–Хүүе ээ, энэ чинь Жамц байна шүү дээ, зураг ч үгүй, сураг ч үгүй алга болсон хүн газрын хаанаас гэнэт гараад ирэв ээ. Чи чинь төрөл арилжсан юм шиг яасан их өөр болсон юм бэ. Хаана үзлээ гэж гайхан төөрч будилж байж арай л гэж танилаа шүү дээ. За гэрт орооч дээ, яагаад гадаа зүгээр зогсоод байгаа юм бэ. Намайг бас танихаа байчхав уу, гэж хэлээд хөхрөв.

Цэмбэлсүрэн Жамцыг хоймортоо урин цай идээ дөхүүлэх зуураа:

-За та минь хаанаас хаа хүрч явна даа. Нутаг хаана байна гэж асуугаад эргэнэг дээрээсээ нэрмэл архи бололтой цайран данхтай юм авч, зуухныхаа таган дээр тавив.

–Гэр хотод оо... Нас ахихаар хүн их хачин болдог юм байна. Гэнэт нутгаа санаад, багын та бүгдтэйгээ уулзмаар санагдаад хүрээд ирлээ. Хот орон газар олон жил сууж, унааны нуруун дээр гаралгүй удсан болоод ч тэр үү, морины явдалд хамаг бие агсагдаад сандарч л ирлээ шүү. Бүх юм, гэрт гадаах чинь нүдэн дээр ил харагдаж байхад чамаас амьдрал ахуй чинь сайн уу гэж ямар асуултай биш. Чи ч багынхаа л нэг ийм инээд муутай, эрх охин байсан тэр л янзаараа, хэвээрээ шив дээ.

–Яах вэ, эрүүл агаарт мал дагаж явсных ч юм уу одоохондоо гайгүй л байна. Олон жил нэгдэл, нийгмийн мал маллаж, хоёр нарны хооронд борви бохис хийх завгүй ховоо татаж, мал усалснаас болоод хөл жаахан муудсан. Манай энд булаг шанд, задгай ус ховор болохоор насаараа л худаг татлаа. Чи ч малаас эрт хөндийрч, төв суурин газар бараадсан болохоороо хөдөөний амьдрал, мань мэтийгээ бараг мартсан биз дээ гэж гомдлын үг хаялаа.

–Мал маллахгүй ч мах иддэг нь хэвээрээ болохоороо би гэдэг хүн өглөө оройдоо хөдөө нутагтаа нэг их мал хөрөнгөө орхичхоод ирсэн хүн шиг радиогоор цаг агаарын мэдээ байнга сонсож, хур бороо сураглаж байдаг амьтан. Чамайг улсын аварга болсныг чинь дуулаад өөрөө аварга болчихсон юм шиг баярлаж л суулаа.

 –Төр, түмний буянаар хэдэн хүүхдээ бараадаад нутагтаа би боломжийн л амьдарч байна. Мал олонтой болохоороо хүүхдүүдтэйгээ нэг хотонд байтугай нэг бэлчээр, нэг нутаг усанд багтахгүй болдог юм байна. Өсөөд үржээд байгаа буянт малыг яалтай билээ. Би багаасаа малд хайртай байсан болохоороо энэ зарим нэг хүмүүс шиг өм цөм үрээд, зараад байж чаддаггүй. Хуультай юм болохоор нь улсын бэлтгэлд л тушаах юм даа. Одоо харин урин дулаан цаг болохоор сургуулийнхаа амралтаар ач, гуч нар маань ирээд ойрын хэд хоногтоо хөлөө жийгээд сууж байна.

–Эмэгтэй хүн гэхэд намайг бодвол чи ч ануухан, толиотой байна. Дахиад гэрлэсэн ч оройтохооргүй байгаа юм биш үү.

Гэрийн эзэгтэй тас тас инээж:

-Нүгэл гэм, цаашаа! Чиний нүдэнд л тэгж харагдаад байгаа биз. Чи ч багаасаа, сургуульд байхаасаа л намайг зүгээр байлгадаггүй, тоглох шоглох хоёрын аль нь ч мэдэгддэггүй хачин хүүхэд байсан. Одоо бас өдий насыг насалчхаад ядарсан намайгаа нүглийн нүдээр харж байгаа юм биш биз дээ гэж хэлээд хөхөрснөө дунд гарын мөнгөн аяганд архи мэлтэлзүүлэн хийгээд Жамцад барив. Халуун архины ааг хамар сэтлэм сэнхийж нүүр нь хөлөрч, нүд нь манантаад явчих шиг боллоо. Жамц архинаас болгоомжтойнхон хоёр балгаад аягатай архиа дахин сэргээснээ гэрийн эзэгтэйд эргүүлэн барьж:

 -Идээ эзнээ таньдаггүй юм. Удаж, удаж уулзсаных нэг сайн балгаадах надаас гэрэвшиж, болгоомжилсны хэрэггүй. Миний гадна бие өвгөрч, хөгширсөн ч дотор сэтгэл маань хүүхэд насных бараг хэвээрээ шүү. Хар бор ажил хийхгүй, бичиг цаас шагайгаад зүгээр суусаар хуян шар усандаа баригдаад ирэхээр жаран нас гэдэг жаргах ч завгүй бололтой. Тэгээд энэ жил нутагтаа ирж, чамтай уулзангаа овоо толгой дээр гарч нүдний хараа, малгайн утаагаа сэргээе гэж бодсон юм. Гарсан ч, орсон ч дөрвөн хананы дунд суусаар байгаад гэрийн өвгөн болж дууслаа. Би Зөвлөлтөд цэргийн сургуульд явчихаагүй бол чамтай суух байсан юм.

–За Жамц минь бүх юм болдгоороо болоод өнгөрсөн хойно тийм худлаа юм яриад яах вэ. Чамайг чинь сургуулиа төгсөөд Орос эхнэр дагуулж ирсэн гэж л манай нөгөө хэд (нэг ангийнхан) эвэртэй туулай үзсэн юм шиг нэг хэсэг шуугилдаад чимээ намдсан. Одоо тэр авгай чинь байгаа л биз дээ.

–Байхгүй ээ, аль эрт нутаг руугаа буцаад явчихсан. Орос эхнэр овчарик нохой хоёр хүнд хань болдоггүй гэдэг нэг талдаа үнэн бололтой.

–Чи хүний охин үрийг тэр хол газраас дагуулж ирчхээд одоо болсон хойно нохойтой зүйрлэж байхдаа яадаг юм бэ.

–Муу хэлэх нь биш, үнэн нь тэр юм чинь яах билээ. Орос бүсгүй хүн чинь тавь хүрэв үү, үгүй юу нутаг ус, гэр орноо санаад сэтгэл нь шилрээд сууж байж чадахгүй болдог юм билээ. Монгол хүний эхнэр болж ирсэн цөөнгүй Орос авгай нар бие биеэ уруу татаад ер нь ихэнх нь нэг л өдөр нүүдлийн шувууд шиг нутаг буцацгаасан.

–Хүүхдүүд чинь байгаа биз дээ.

–Эхийгээ дагаад явцгаасан... Нас жаахан танагтайсан бол нутаг усандаа та бүхнийгээ бараадаад, илүү дутуу тавилгагүй дөрвөн ханатай гэр барьчхаад, номхон морины нуруун дээр суугаад хонь мал дагаад л явж баймаар байх юм. Мөнгө хөрөнгө яах вэ, санаа зовоод байх юм байхгүй. “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэдэг шиг дутагдаж гачигдаад байх юм алга. Бусдын жишгээр л амьдраад байж болмоор санагдах юм. Сүүлийн үед иймэрхүү юм бодогдоод чамтай уулзъюу гэж зориод хүрээд ирлээ.

–Та чинь хүний санаанд оромгүй ямар сонин юм ярьдаг хүн бэ, би чиний амнаас ийм үг унана чинээ бодсонгүй ээ. Хүнийг нутагтаа ирье гэж байхад хэрэггүй ээ, битгий ир гэж ямар хэлэлтэй биш өөрөө л мэдэхгүй юу дээ. Чам шиг төв суурин газар олон жил сууж идээшсэн хүнд хөдөө мал маллаж амьдрах ч амаргүй шүү дээ. Салхи шуурга, ган зудаас гадна өвөл гэж нэг цагаан сахалтай, цагаан дээлтэй цагаан өвгөн хүрээд ирнэ. Түүнийг ирэхээс өмнө амжиж өвс хадлангаа авч, өвөлжөө бууцаа сийлж, хашаа хороо, худаг усаа засаж, аргал хорголоо түүхээс эхлээд ажил ч ундарна шүү дээ.

–Тэр яах вэ, хар багаасаа ямар хийж сураагүй ажил биш гэж Жамц үгээ зөөж ядсан аа:

-Шулуухан хэлэхэд чамайг зөвшөөрвөл танай хаяанд ирээд буучих санаатай байгаа шүү гэвэл Цэмбэлсүрэн:

-Хүүе яана аа, хүн амьтан дуулбал юу гэх бол... Эр, эм, эхнэр, нөхөр мөн үү, биш үү гээд элэг доог хийгээд байвал хаашаа харж үхдэг билээ... хүмүүсийн ам хэлнээс гадна, хүүхдүүдээсээ айж ичиж, орох байх газраа олохгүй болвол яана. Энэ олон хүний ам хэцүү шүү дээ Жамц минь.

– Чи бид хоёр ямар эхнэр нөхрөөсөө салаад суучихсан биш. Хэнээс, юунаас айж ичиж, хавчиганаж амьдрах юм бэ. Эр эм хоёр гэнэ үү, эмээ өвөө хоёр гэнэ үү өөрсдөө л мэдэг л дээ. Хүний амьдрал богинохон шүү дээ. Насны эцэст аяга цайгаа хувааж уух хань ижил хэн бүхэнд хэрэгтэй шүү дээ. Бусдын зовлонг мэдэхгүй амьтад өөрсдөө хөгшрөхгүй, үхэхгүй юм шиг дэмий, тэнэг юм яривал ярьж л байг. Цэмбэлсүрэн залуу хархүүгээс захидал авсан жаахан охин шиг нүдээ тормолзуулан инээмсэглэж:

-Жамц аа, чи ойрд амсаагүй шимийн архинд халаад хамаг юм аа яагаа ч үгүй эрт ярьчих гээд байгаа юм биш үү. Ийм юмыг архи дарсан дээр хамаагүй ярьдаггүй юм шүү дээ.

–Би хааяа бага сага балгадаг ч гэсэн архинд толгойгоо мэдүүлсэн ам султай хүн биш ээ. Хэдийнээс хэлний үзүүр дээр торолзоод байсан хэдэн үг, хэлье гэсэн ээ л хэлж байна. Энэ хэдэн үгийг чамд хэлэх гэж тэртээ газраас зорьж ирсэн юм гэж өгүүлээд Цэмбэлсүрэн өөд хариу нэхсэн янзтай удаан ширтэв.

Хүний нас ахисан ч нүд нь огтхон ч хөгширдөггүй болохыг Цэмбэлсүрэн олж харлаа. Үрчлээ суусан аньсага сормуусандаа нэгээхэн бээр дарагдаагүй залуу азарганых шиг гал нь дүрэлзсэн сэргэлэн бор нүд түүний өөдөөс ширтэж байв.

–Чи бид хоёр ямар анх удаа танилцаж байгаа бие биеийнхээ ааш занг мэдэхгүй залуу хүмүүс биш эргэлзэж тээнэгэлзээд байлгүй энэ асуудлыг газар дээр нь согтуу хүмүүс муушиг тоглож байгаа юм шиг “харанхуйгаар” тас гээд шийдчих ёстой бус уу.

–Чи ч бүхнийг нөгөө цэргийн даргынхаа тушаадаг, командалдаг зангаар шийдчихдэг болохоороо надад тушаагаад тулгаад байх шиг санагдах юм. Гэвч би цэргийн хүн биш болохоороо “Тушаал ёсоор гүйцэтгэе” гэж хэлж чадахгүй. Зүгээр л чиний яриаг сонсож л сууна. Ний нуугүй хэлэхэд, насаараа шахуу Орос эхнэрийнхээ хоол цайнд дассан хүн хөдөө амьдарч чадах уу.

–Би ямар шоронд орсон биш амьдрахгүй гээд яах юм бэ.

–Хотод надаас өөр цайны чавганц олдохгүй байна гэж үү.

–Би тийм юм эрж хайж явсангүй. Бүх юмны урдуур л Цэмбэлсүрэн чи ганцаараа тас дайраад ороод ирсэн болохоор иймээ тиймээ, илүү дутуу юм бодох зав ухаан надад үнэндээ байсангүй.

-Залуудаа ам нээлгүй чив чимээгүй яваад өгсөн байтлаа одоо болохоор өдий олон жилийн дараа ийм хачин юм ярьж байдаг чи мөн сонин хүн ээ.

–Сонин хачин юм ямар барагдах биш дээ. Хүн ер нь өөрийгөө хэн болохыг таньж амжилгүй байсаар хорвоогоос буцдаг бололтой. Би чамд сайн болсноо хэлж амжилгүй мангартаж явсаар хүний эхнэр болгосондоо одоо хүртэл харамсдаг.

–Та намайг үнэхээр боддог байсан юм гэж үү.

–Бодохоор барахгүй, сэтгэлтэй болчихсон байсан юм билээ. Яагаа вэ, наймдугаар анги төгсдөг хавраа сургуулийн гадаа чамайг үнсэж байгаад аавд чинь харагдсанаас хойш би танайхнаас, бараг нохойноос чинь хүртэл айж ичдэг болчихсон юм. Тэр гайтай өдөр би тооныхоо шалгалтыг онц өгчхөөд онгироод солиорч явтал чи надад нэг их хөөрхөн харагдаад баярлахдаа чамайг өөрийн эрхгүй үнсээд хамаг юм орвонгоороо эргэчихсэн юм аа.

 –Ярих юм аа олж ядсан юм шиг өвгөн, эмгэн хоёр болчхоод ийм ч юм хөөрөлдөж суух ч гэж дээ. Манай айлын хоёр залуу, хүүгийн маань хэдэн хүүхэдтэй хамт хонь услахаар ус руу явцгаасан. Цай ундыг нь эртхэн чанахгүй бол оройтох нь гэж хэлээд Цэмбэлсүрэн гадагш гарч, гадаа тавьсан зуухаа галлан тогоо тавьж цай чанахаар ус хийх нь сонсогдов. Тэрбээр орж ирээд мөрөн дээр тохсон эрээн алчуураа авч орон дээр тавьсан аа:

-Би хоёр туслах малчинтай болсон. Саяхан айл гэр болсон эхнэр, нөхөр хоёр. Саалийн үнээ, таргийн хэдэн хонь, ямаа тастаж өгсөн. Ирэх хавар бойжуулсан төлийнхөө хагасыг ажлын хөлсөндөө авцгаана биз. Гэтэл “Нийслэл хүү” та минь бас туслах малчин болох санаатай хүрээд ирсэн байдаг. Яадаг шуу юм билээ, гээд инээмсэглэв. Нар баруунаа ташаад сэрүүн орж орой болсон хойно та одоо овоо толгой дээр гарах гэж яараад яах вэ дээ. Морь, биеэ амрааж хоноод өглөө эртхэн мордож, Цагаан чулуутын худаг дээр надтай хамт очиж ховоо татаж, хонь услалцана биз. Арван жингийн ховоо даахуйц болсон тахлай насандаа чи бид хоёр өдөржин эзэнтэй эзэнгүй, ангаж цангасан адуу малд ус татан өгч:

“Олом нь үгүй дайлан ус нь

Онгоцоо дүүрээд мэлтэрнэ

Орчлонгийн амьтан цөм

Эндэл үгүй жаргаасай...” гэж дуулдаг байснаа мартаагүй л биз дээ. Хүний нас богинохон ч газар дэлхий гэдэг мөнх юм. Чи биднээс хойш хэдэн зуу, мянган жил улиран одсон ч цагаан чулуутын усны баруун дэнж дээрх хот балгадын хана хэрэм шиг хэдэн хөгнөө цагаан чулуу байдгаараа байж л байх биз гэж бодоход мөнх бусын хорвоод мөнхрөх юм шиг сайхан санагддаг юм гэхэд Жамцын нүд сэргэн:

-Нутаг усандаа ирэх сайхан юм аа. Маргааш Цагаан чулуутынхаа усан дээр очиж, шүд хага ташим хүйтэн уснаас нь цангасан адуу шиг баахан залгилъя байз, сэтгэл бүр хөдөлчихлөө. Шөнө хурдан өнгөрч, маргааш бушуухан болоосой гэж өгүүлээд Жамц дуран барин гадагш гарав.

***

Жамцыг өглөө нойрноос сэрэхэд Цэмбэлсүрэн аль эрт цайгаа чаначхаад уудалж байлаа. –Сайхан нойрсов уу, гэснээ Цэмбэлсүрэн танай хотын боловсон хүмүүс чинь өдөртөө гурав мэндэлдэг заншилтай улс гэсэн өглөөний мэнд хүргэе гэснээ Жамц руу инээмсэглэн харж:

-Та гуай ч томоожихгүй өвгөн юм аа. Нүгэл болно, болохгүй, хэрэггүй, гэсээр байтал шөнө өвөрт орж ирээд хамаг ор дэр сандаагаад хэлэхийн аргагүй хэрэг тариад сүйд хийчих юм. Одоо би хүний нүүр байтугай бурхныхаа өөдөөс харахаасаа ч эмээж байна гэж хэлээд буруу харав. Би ийм, иймээ тиймээ болчихсон хүнийг хэн гэж дуудах юм бэ. Яадаг ч байсан өвгөн минь айлын хүүхдүүд орж ирэхээс өмнө босож, өөрийнхөө орон дээр очиж хэвт гэж хэлээд гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөхөөр шанага, халбага барин гадагш гарав.

...

Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Балжирын Догмидын бүтээлүүдээс zindaa.mn амралтын өдөр бүр зохиогчийн эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Эрхэм зохиолчдоо эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье!

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NEWS(197.211.63.73) 2025 оны 05 сарын 11

Элон Маск бизнес, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, газар тариалан, оюутны зээл, автомашины зээл гэх мэт салбарт хөрөнгө оруулах сонирхолтой иргэдэд 1%-ийн хүүтэй 152,000 ам.доллараас эхлэх зээлийг санал болгож байна.\nХэрэв та өргөдөл гаргах хүсэлтэй байгаа бол Канадын Олон Улсын Банктай (IBC) албан ёсны цахим шуудангийн хаягаар нь холбогдоно уу: info@ibcunit.com\n

0  |  0
NEWS(197.211.63.73) 2025 оны 05 сарын 11

Элон Маск бизнес, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, газар тариалан, оюутны зээл, автомашины зээл гэх мэт салбарт хөрөнгө оруулах сонирхолтой иргэдэд 1%-ийн хүүтэй 152,000 ам.доллараас эхлэх зээлийг санал болгож байна.\nХэрэв та өргөдөл гаргах хүсэлтэй байгаа бол Канадын Олон Улсын Банктай (IBC) албан ёсны цахим шуудангийн хаягаар нь холбогдоно уу: info@ibcunit.com\n

0  |  0
NEWS(197.211.63.73) 2025 оны 05 сарын 11

Элон Маск бизнес, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, газар тариалан, оюутны зээл, автомашины зээл гэх мэт салбарт хөрөнгө оруулах сонирхолтой иргэдэд 1%-ийн хүүтэй 152,000 ам.доллараас эхлэх зээлийг санал болгож байна.\nХэрэв та өргөдөл гаргах хүсэлтэй байгаа бол Канадын Олон Улсын Банктай (IBC) албан ёсны цахим шуудангийн хаягаар нь холбогдоно уу: info@ibcunit.com\n

0  |  0
NEWS(197.211.63.73) 2025 оны 05 сарын 11

Элон Маск бизнес, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, газар тариалан, оюутны зээл, автомашины зээл гэх мэт салбарт хөрөнгө оруулах сонирхолтой иргэдэд 1%-ийн хүүтэй 152,000 ам.доллараас эхлэх зээлийг санал болгож байна.\nХэрэв та өргөдөл гаргах хүсэлтэй байгаа бол Канадын Олон Улсын Банктай (IBC) албан ёсны цахим шуудангийн хаягаар нь холбогдоно уу: info@ibcunit.com\n

0  |  0
Close menu