“Планет” шагнал авсан эмэгтэй зохиолчийн ард гурван эрэгтэй байжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

Нэг сая еврогийн мөнгөн шагналтай Испанийн уран зохиолын “Планет” шагналыг хүртсэн Испанийн эмэгтэй зохиолч Кармен Мола нууц нэрийн ард гурван эрэгтэй зохиолч нуугдаж байжээ.

Хэд хэдэн алдарт туужийн зохиолчийн нууц шагнал гардуулах ёслолын үеэр задарсан байна. Түүхэн “Араатан” триллер зохиолд олгосон шагналыг гардаж авахаар түүний жинхэнэ зохиогчид болох Агустин Мартинес, Хорхе Диас  болон Антонио Мерсеро нар хүрэлцэн иржээ.

“El Mundo” хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэд нууцлаг байсан үеэ санаж байна гэжээ.

“Нууц нэрээр зохиол бичихэд их хялбар байсан. Тууж хэвлэгдэн гарсны дараа өөрийнхөө амьдралаар амьдарч, аливаа шүүмжлэлийг хүлээн авахад ч амар байсан” гэж Хорхе Диас ярьжээ. Антонио Мерсерогийн хэлснээр, тэдний нууц хэзээ нэгэн цагт илчлэгдэнэ гэж мэддэг байсан тул дэлхий дахинд ил гарах тухай шийдвэр гаргахад нь нөлөөлсөн гэнэ.

“Араатан” туужийн үйл явдал 1834 онд холерын тахалд нэрвэгдсэн Мадрид хотод өрнөдөг байна. Кармены өмнөх бүтээлүүдийн нэгэн адил “Араатан”-д ч хэрцгий үйл явдал их гардаг байна. Эл бүтээл ирэх сарын 4-нд уншигчдын гарт очих гэнэ.

Испанийн уран зохиолын “Планет” шагнал 1952 онд бий болж, испани хэлээр гарсан шилдэг хэвлэгдээгүй зохиолд өгдөг байна. Энэ нь “Надал” шагналын адил Испанид хамгийн нэр хүндтэй шагналуудын нэгт тооцогддог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top