Б.Догмид: Монгол хүнд нэг мөнхийн өвчин байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 21

Ардын уран зохиолч Балжирын Догмид гуайтай арваад хоногийн өмнө таарахдаа хоёулаа нэг ярилцлага хийхээр тохирсон юм. Ярьснаараа өнгөрсөн баасан гаригийн үдээс өмнө 25 дугаар суваг телевизийг зорилоо.  Монголын богино өгүүллэгийн мастер гэж өргөмжлөгдсөн түүний тухай хөрөг нэвтрүүлэг хийж буй учир сайхан хар өнгийн хослол өмсжээ. Нял шял үггүй, шулуухан яриатай тэрбээр “За, хаана сууж ярилцах уу?” гэснээр бид хоёр нам гүмхэн нэг лоунжийн буланд очиж тухаллаа.
 

-25 дугаар сувгийнхан таны амьдралын замналаар баримтат кино хийж байгаа юм уу?

-Ерөнхийдөө тиймэрхүү. Тэгж хэлж болно. “Би” гээд нэвтрүүлэг байдаг шүү дээ. Тэрийг л үгүй хийсэн учир нөхөж хийж, фондондоо архивлах гэж байгаа улс шиг байна.

-Гэхдээ нэвтрүүлгээ шууд цацна биз дээ?

-Цацна цацна. Цацалгүй яахав.

-Та одоо 70 хүрсэн үү?

-80 хүрчихээд байхад чинь.

-Тэгж хэлэхээргүй толиотой харагдах юм...

-Д.Цоодол бид хэд чацуу шүү дээ.

-Та 1962 онд...

-62 онд Санхүүгийн техникумд орсон байхгүй юу.

-Та Монголын утга зохиолын ирээдүйн талаар ямар бодолтой явна вэ?

-Үнэнийг хэлэх гэхээр хэцүү шүү дээ. Энэ зөнөг өвгөн юу гээд байгаа юм гэнэ.

-Гэхдээ та одоо үгээ хэлэхгүй бол өөр хэн үгээ хэлэх юм бэ?

-“Үхэхээсээ өмнө үнэнийг хэлэхгүй бол хохь чинь” гээд миний том нийтлэл гарсан үзсэн үү? Чи тэрийг үз.

Одоо чинь төвлөрөл гэдэг юм багасчихсан юм байна. Төвлөрөл гэж би байшин барилга, хашаа хороо барихыг хэлж байгаа юм биш. Уран бүтээлч хүн ухаан санаагаа төвлөрүүлж, цэгцэлж, нэг юман дээр ухаанаа ширгээж, уралдуулж, тэрнийхээ бүр цаана нь гарах гэдэг. Гол гарах гэж байгаа хүн ямар нэг арга боддог биз дээ, тийм ээ? Хувцастайгаа гарах юм уу, хувцасаа тайлаад гарах юм уу, завиар гарах юм уу? Түүн шиг тийм юм байхгүй болж. Уран бүтээлдээ хайнга хандаж байна гэж би хэлэх гээд байгаа юм. Гар хурууныхаа үзүүрээр хурдан түргэн бичээд, хурдан түргэн алдаршаад, хурдан түргэн мөнгө олоод, санасан бодсоноо биелүүлэх гэх болж. Уран бүтээл тийм биш байхгүй юу. Уран бүтээл гэдэг чинь маш өндөр босготой. Хатуу. Намайг 20 хэдтэй юм бичээд сонин хэвлэлээр гараад ирэхэд надтай адил бичээд, олон түмэнд танигдсан бараг 100-гаад залуу байлаа. Одоо 50 жилийн дараа харахад тэднүүсээс минь их цөөхөн нь үлдсэн байна.

1969 онд Дархан хотод Зүүн таван аймгийн зөвлөгөөн болоход Налайхаас С.Пүрэв, Ж.Дашзэгвэ, С.Лочин, Төв аймгаас Д.Цоодол, н.Ринчэндорж, Сүхбаатар аймгаас Жагдалын Лхагва дөнгөж хойноос сургууль төгсөөд ирчихсэн.Дорноговиос Ж.Дансранжав багш намайг дагуулж очиж байлаа. Дархан хот чинь бараг 10, 20 зохиолчтой. Тэгээд Улаанбаатарынхан гээд бөөн залуус байсан.
 


-Та 20 хүрэх төдий насандаа л “Залуучуудын үнэн” сонинд зохиолоосоо нийтлүүлж байсан юм билээ. Тэгэхэд тийм залуу зохиолч яаж бүтээлээ тэгж нийтлүүлж байв?

-Главлит гэж утга зохиол хянах газар маш нарийн юм байлаа. Зүгээр гар хурууны үзүүрээр бичсэн юмыг шууданд хийгээд явуулчихад хэвлэчихнэ гэж байхгүй.

-Та өөрөө уулзаад нийтлүүлсэн юм уу?

-Үгүй үгүй, надад тэгж Улаанбаатар явж байдаг бололцоо байхгүй. Зам явах бичиг юм албан томилолт гэж бичиж өгнө. Тийм бичиггүй хүнийг хүлээж авдаггүй, явуулдаггүй. Тэрбайтугай вагоны тийз ч бичдэггүй байсан үе. Юм хатуу байлаа шүү дээ.

-Хатуу байжээ...

-Тийм. Хоёр сумын хоёр залуу хоорондоо танилцах гэтэл сум сумынх нь дарга нар хүнээ өгөхгүй гээд, нөгөө хоёр чинь хүүхэдтэй болсон ч хоёр өөр нэгдэлд, хоёр өөр газар малаа маллаад л, хоёр өөр айл явж байгаад 50, 60 хүрсэн хойноо нэг гэртээ орж байх жишээтэй. Тийм байсан үе байхгүй юу.

-Тухайн үеийн залуус тийм шийдвэрийг эсэргүүцнэ гэж байхгүй юу?

-Юу? Юун эсэргүүцэх. Даргынхаа өөдөөс эгц харахгүй. Бид нар даруулгатай байсан. Хэмжээгээ мэддэг байхгүй юу. Одоо ардчилал гээд энэ анархизм шиг болгоод, хүн бүр өөрийгөө бүхний дээгүүр тавьдаг.  Хэмжээгээ мэдэхээ больчихжээ. Одоо хүн бүр УИХ-д нэрээ дэвшүүлж буйг чи харж байгаа биз дээ. Ямар ч боловсролгүй, огт бэлтгэгдээгүй, төрийн байгууллагад ганц өдөр ч ажиллаж үзээгүй хүн гишүүн болж байна. Огт чадахгүй хүн онгоц барина гэж явахтай ижил.

-Өнөөдөр хүссэн нь ном бичиж хэвлүүлж байна. Үүн дээр юу боддог вэ?

-Олон хүн зохиол бичиж буй сайн тал бий боловч тэр дунд ёс суртахуун, гоо зүй байхгүй. Хүүхэд залуусын тархи толгойд хогийн юм чихсэн хүмүүс бас олон. Одоо энэ хошин шогийнхон гээд хогийн юмнууд гарч байна. Монголын хошин урлаг ийм байх ёсгүй.

Хуучнаар нэг төсөөл дөө. Бидструпын зургууд ямар сонирхолтой байв. Тайлбар байхгүй. Хүн бүр инээмсэглээд эхнээс нь үзээд байдаг байсан. Чаплины хийсэн дуугүй кинонууд. Хошин урлаг гэдэг тийм юм байхгүй юу. Тэрнээс манайхан шиг нэг юм хэлээд л өмд рүүгээ гараа хийдэг, бөөр бөгс, хөнжил гудас ярьдаг байж болохгүй. Энэ бол цаанаасаа шавхагдчихсан хүмүүсийн л ажил. Шавхагдана гэж угаасаа цаанаа юм байхгүй. Хуурай худаг шиг болчихсон. Сөнөсөн галт уулын тогоо шиг болчихсон.

Авъяасгүй хүн адал явдал бичдэг гэдэг үг байдаг. Адал явдал бичих амархан. Нэг албан байгууллагын сэйф ухаад, мөнгийг нь аваад явчихсан. Хойноос нь хэдэн цагдаа барин барин алдаад л, хичнээн дэвтэр бичсэн ч болно.

Уран зохиол, урлаг гэдэг ямар байх ёстой юм бэ? Урлаг бол гоо зүй. Амин судас нь гоо зүй, ёс суртахуун. Бид нар чинь үртэй хүүхэдтэй, ханьтай ижилтэй, нутаг устай, ардаа ах дүүтэй улсууд.

Догмид өнөөдөр хөнжил гудасны тухай, хоёр хүний секс, хөгийн юм биччихээд яаж хүүхдүүддээ очих юм бэ. Тэгээд юмыг дандаа буруу талаас нь хийнэ. Хонины холбоог буруу талаас нь хөвөх гэж байгаа юм шиг буруу талаас нь юмыг хардаг хүмүүс байна. Одоо өнцөг гэх нэг юм яриад байна. Нэг их олон өнцгөөс хардаг гэнэ. Тэр өнцгөөс нь харахаар тийм байдаг гээд л... Хаанаасаа ч өнцөг гэж олоод сонсчихсон юм. Миний өнцгөөс харахад л гэнэ. Чи бид хоёр чинь академи биш биз дээ. Чи бид хоёр дээд сургууль биш биз дээ. Чи бид хоёрын өнцөг гэж ямар үхсэн үлий нь байдаг юм. Үнэхээр сайхан юмыг бол таашааж харна. Муухай юмыг үзэн ядаж харна. Буруу хэлсэн юмыгаа аль өнцгөөс харснаас болно гэж олгойтдог байхгүй юу. Аль болох сайхан талаас нь харах хэрэгтэй.
 


-Та Жагдалын Лхагва гуайн талаар ярилцлага болгондоо шахам дурдсан байдаг. Найзаасаа хойш их ганцаарддаг болсон юм уу гэх бодол төрж байсан...

-Би бичсэн шүү дээ. Жагдалын Лхагвагаас хойш би ганцаардах байтугай 3, 4 дүгээр хороолол эзэнгүй, хүнгүй болсон юм шиг санагддаг болсон гэж.

Монголын сэтгүүлзүйд тэрний орон зайг бөглөх хүн байхгүй. Ж.Лхагва, Лочин, Балдорж, А.Даваасамбуу, Ж.Барамсай, Ш.Цэрэнпил нар шиг юм гаргаж байгаа хүн байна уу? Гэхдээ одоогийн сэтгүүлчдийг хүний хөрөг бичсэнгүй, эссэ бичсэнгүй гэж буруутгаж болохгүй.

Манай сэтгүүлзүйд хүүхнүүд голдуу байна шүү дээ. Тэд нар жинхэнэ эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэдгийг хийж чадаж байна. Энэ луйварчин хулгайчдын юмыг эд нар олж ирээд байгаа байхгүй юу. Өнөөдөр зохиолчоос илүү сэтгүүлч үнэтэй, ард түмэндээ хэрэгтэй байна. Ард түмнээ өмгөөлж хамгаалж, үнэнийг нээж байгаа. Хар хөшигний цаана байгаа бузар булай бүгдийг харуулж байгаа юм чинь сайн, муу хэлэгдээд байгаа хэдэн хүүхнүүд. Эд нар бүгдээрээ сайн байна.

-Та бас сонинд ажиллаж байсан. Таны бичсэн нийтлэлүүдээс энэ нь их дөнгүүр болчихсон юм гэж үнэлдэг нь юу байна?

-Өө зөндөө. Би долоо хоногт л нэг хадаас бичдэг байсан. Цоодол, Жамъян ах бид гурав бол долоо хоногт л нэг хадаас бичиж байлаа. Хадаас гэдэг чинь асуудал дэвшүүлсэн өлгөцийг хэлж болно. Олныг шуугиулсан гоё нийтлэлийг хэлж болно. Хүний тухай гоё хөрөг бичиж болно. Дандаа улс төрийн юм биш шүү дээ. Хамгийн их хүний таашаал авсныг л хэлж байгаа юм.

Миний гайгүй бичсэн юм зөндөө. Гоц гэж хэлэх нь юу юм. Б.Лхагвасүрэнгийн хөргийг би үнэхээр бас чинээнд нь тулгаж л бичсэн юм байна лээ.
 

 

-Хэдийд бичсэн хөрөг вэ?

-40 жилийн өмнө бичсэн. “Дорнын эгшиглэнт алтан аялгуу” гэсэн нэртэй. Тэрнийг надаас хүмүүс байнга нэхэж байдаг. Уран бүтээлчийн хөргийг яаж бичих тухай бараг загвар байхгүй юу, наадах чинь. Би өөрийгөө магтаж байгаа юм биш.

-Л.Түдэв гуай таныг сургуулиасаа хөөгдчихсөн байхад Содном гуайд хэлээд, эргүүлж авчирсан гэдэг. Яагаад танд тийм их хайртай байсан юм бол?

-Би сургуулиасаа хөөгдөөгүй л дээ. Эдийн засгийн дээд сургуульд сурч байгаад гуравдугаар курсээс дургүй хүрээд... Долоон жил ажиллачихсан хүн гэдэг чинь жаахан муусайн бацаануудтай хамт шинээр санхүүгийн сургуульд эдийн засгийн хичээл заалгаад сууна гэдэг надад уйтгартай.

Би тэгээд “Дөнгөж 10 төгсөөд ирсэн энэ жаахан бацаануудтай хамт, би одоо 27 настай хүн. Эднүүс 17, 18-тай. Би хурга дагасан хуц биш ямар” гэж хэлсэн. Тэгээд ч би Аймгийн санхүүгийн төв байгууллагад улсын төсвийн нарийн ширийнийг хийж байсан хүн багшийн зааж буйг бүрэн биш юм гэхэд бүдүүвчээр мэддэг байсан байхгүй юу. Төгсөөд би хэзээ ч эдийн засагч, нягтлан бодох хийхгүй гэдгээ мэдэж байхгүй юу. Би тэртэй тэргүй зохиолч юм чинь. Зохиолоо л хийнэ. Би уг нь мэргэжилдээ дуртай л даа. Манай Санхүүгийн техникумаас Ц.Гайтав гэж аугаа хүн төрлөө. Бэгзийн Явуухулан гэж тэр аугаа хүн төрлөө. Доржийн Гармаа гээд мундаг зохиолч төрлөө. Ардын жүжигчин Нямын Цэгмэд, “Ардын элч” кинонд тоглодог дуучин Цэвэлсүрэн гэж гайхамшигтай хүн. Манай жинхэнэ бэлэгдэл болсон Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр гээд гайхамшигтай бөхчүүд төрлөө. Одоо санхүүгийн сургууль төгссөн 40 гаруй зохиолч байна. Тоотой эрт ноцолдсон хүний толгойны эргээс эрт гардаг юм байна гэж хүртэл би бичиж байсан.

-Тэгвэл та өөрөө л сургуулиа орхиод явчихсан хэрэг байх нь?

-Тийн, хөөгдөж туугдсан юм байхгүй. Хичээлдээ муудаад хасагдчихсан юм байхгүй.
 


-Тэгээд Л.Түдэв гуай дуудсан юм уу?

-Дуудахаар барах уу. Улаанбаатарт архи уугаад олдохгүй. Хаяг адресгүй, утасгүй. Ямар тухайн үед гар утас гэж байх биш. Жагдалын Лхагва бараг зар тарааж байж намайг олсон байхгүй юу. Тэгээд намайг аваачаад, Л.Түдэв дарга гялс албан бичиг төлөвлөөд, дор нь цохуулаад, дээр нь тамга дараад, гарын үсэг зураад “Энэ Догмидыг чи алдчихалгүй гараас нь хөтөлж яваад их сургуулийн ректор Д.Содном дээр аваачиж, энэ бичигтэй хамт тушаа” гэж Ж.Лхагвад үүрэг болгосон юм. Тэр бичиг дээр нь юу гэж байсан гээч? “Манай маргаашийн их утга зохиолын ачааны хүндийг үүрэлцэх авъяастай цөөхөн залуусын нэг энэхүү Б.Догмидын Их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангид шалгалтгүйгээр оруулж, суралцуулахыг хүсэж байна. Монголын Зохиолчдын Хорооны дарга Л.Түдэв” гэчихсэн байсан. Тэгээд тэнд би гурван жил суугаад бас гэнэт дургүй хүрэхгүй юу. Би чинь угаасаа бага сургуульд байхдаа гуравдугаар ангиас сургуулиа хаяад гарсан хүн. Их сургуульд ирээд хаяад, дараа нь дахиад  хаяад...

-Яагаад дургүй хүрсэн гэж?

-Би их сургуулийн монгол хэлний анги төгсөөд юу болох вэ? Нэг сэтгүүлч болно. Багаар бодоход. Өөр гэвэл монгол хэл, уран зохиолын багш болно. Хэнд хэрэгтэй юм бэ? Захын хүн энийг хийнэ. Гэхдээ би авъяасандаа сагаад гараад явчихсан ч юм биш. Би ер нь хичээлд суух дургүй хүн байсан юм билээ, одоо бодоход. Суугаад хүний яриа сонсох тэвчээр байхгүй юм уу, дургүй.

-Зохиолч хүн ямар байх ёстой вэ? гэсэн асуултад “Модон бөгстэй байх ёстой” гэж нэг зохиолч хариулсан байсан. Сайн суудаг байх ёстой гэсэн утгыг хэлсэн шиг билээ. Та хэр сайн суух уу?

-Суухын хувьд бол сууна шүү дээ. Цаг наргүй, ядарч цуцахыг мэдэхгүй сууна. Өдий насанд хүрсэн ч гэсэн одоо хүртэл сууна.

-Та бичсэнээ хэр их засдаг вэ?

-Засна. Эргээд харахад үсрээд явчихсан юм байдаг. Эргээд харна. Толгойд байгаа юм цаасан дээр буухад үзэг гүйцэхгүй хаягдчихдаг. Толгой, ширээ хоёрын хооронд 40 сантиметр гэж бодоход энд байгаа юм тэнд буухад үзэг гүйцэхгүй юм хаягдчихдаг.

Хөгжим шиг л юм явчихаж байгаа байхгүй юу. Толгойдоо байгаа юмыг ноотлож буулгахад хурд хэрэгтэй.

Бодлыг хүний гар яаж гүйцэх юм бэ. Зохиолч хүнд тийм юм зөндөө гарна. Энийг хүмүүс ойлгохгүй, худлаа өөрийгөө магтаж, онгироож, хөөрөгдөж ярьж байна гэх биз. Хамгийн хурдан юм чинь бодол байхгүй юу.

-Ямар хүн зохиолч болдог талаар Дарма Батбаяр гуай бичсэн байдаг. “Гудамжинд гуйлга гуйж суугаа хүнийг хараад энгэртээ гараа хийснээ хоосон гэдгээ мэдээд, гараа гаргаж чадахгүй байсаар дэргэдүүр нь өнгөрч байгаа хүн л зохиолч болдог” гэж хэлсэн байдаг юм билээ. Та юу гэж боддог вэ?
 


-Д.Батбаяр бол хүн талаас нь хэлсэн байна. Зохиолч гэдгийг хүмүүс их хялбарханаар ойлгож байна. Тэр байтугай “Надад өгүүллэг бичихийг заагаад аль” гэх хүн байдаг байхгүй юу. Би зааж болно оо. Гэвч байгалийн өгөгдөл, төрөлхийн авъяас байх ёстой. Тэрнээс би зохиолч болъё гэснээрээ болчихгүй. Өөрийгөө нээнэ гэж нэг юм байдаг.

-Та өөрийгөө төрөлхийн авъяастай гэдгээ хэзээ мэдэрсэн бэ?

-Тэрийг чинь багш нар тодруулна.

-Хэн гэдэг багш тодруулж өгсөн бэ?

-Баянхонгорын П.Лувсанцэрэн гэдэг багш маань. Горькийн нэрэмжит Утга зохиолын сургууль төгссөн. Залуу зохиолчдын зөвлөлийн дарга байсан мундаг хүн.  “Нар шингээгүй” гэж гоё өгүүллэг нь байдаг. П.Лувсанцэрэн багш маань тодруулсан гэж хэлж болно.

-Горькийн нэрэмжит сургууль гэснээс таныг хоёр ч удаа тийш явуулах гэтэл “Архинаасаа гарчихаад ир” гэсэн гэдэг юм билээ. Үнэхээр тийм явдал болж байсан уу?

-Үнээн үнэн. Зохиолчдын Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлөөр орсон. Би тийм их алдартай архичин биш байхгүй юу. Зүгээр л нэг архи уудаг.

-Уухаараа хэрэг хийчих гээд байдаг юм уу. Эсвэл хүний нүдэнд их өртөөд байдаг юм уу?

-Би Аймгийн гүйцэтгэх захиргаанд санхүүгийн ажил хийж, улсын төсвийн мөнгөний өнцөг булан дээр улаан харандаа бариад сууж байсан хүн яахаараа архичин байдаг юм.

-Яагаад тэгээд таныг тэгж хэлсэн юм бол?

-Аминдаа олны танил болчихсон байхгүй юу. Энэ юм бичдэг юм чинь архи уудаг гээд л тэр. Миний урдуур дайраад л Горькийн утга зохиолын сургуульд явчихсан улсууд зохиол бичээгүй. Өөрсдөө амьд үхсэн нь ч мэдэгдэхгүй. Хаана яваа нь ч мэдэгдэхгүй. Ганц өгүүлбэр бичиж чаддаггүй хүмүүс 10 дугаар анги төгсөөд л явж байсан шүү дээ.

-Тэгэхээр бас харамсалтай л юм тэ?

-Харамсалтай. Нийгэм хохирч байгаа байхгүй юу. Улсын зардлаар таван жил сураад л дуусаа.

-Д.Нацагдорж гуайг гудамжинд гарчихсан байсан гэдэг юм билээ?

-Тэрийг манай ахмадууд бүгдээрээ мэддэг, ярьдаг байсан. Албан ёсоор ярьсан хүн л байхгүй болохоос. Нацагдоржийг алсан хүн тодорхой л байхгүй юу.

-Замаасаа зайлуулж байна гэсэн үг үү?

-Монгол хүнд нэг мөнхийн өвчин байна. Атаархал. Өөрөөсөө илүү хүнд дургүй. Бүх салбарт энийг харж болно. Хуучин ч байсан. Одоо ч байна. Цаашид ч байна.

-Харин ч өөрөөс нь илүү хүн байвал баярламаар юм...

-Худлаа, тийм юм байхгүй. Олон юман дээр харж байна. Гэхдээ хүн бүр тийм биш.

-Эмэгтэйчүүдийн дотор атаархал байдаг юм гэж бодоход эрчүүдийн дунд байна гэхээр муухай санагдах юм.

-Атаархлаар барах уу. Хүнийг замаасаа зайлуулдаг хэсэг бүлэг мэргэшсэн хүмүүс байна. Бүр захиалгаар зайлуулдаг. Чи бидэн шиг дундаж амьдралтай ийм хүмүүс дээр мэдэгдэхгүй байгаа байхгүй юу. Жоохон дээшээ өрвийгөөд гараад ирвэл хусуулна. Хоёр ижил бүтээгдэхүүн хийдэг компани байхад нэг нэгэндээ дуртай байх уу? Байхгүй. Түүнтэй л адил.

-Зарим хүмүүс уухаар онгод ордог гэдэг л юм билээ. Та өөрийгөө яаж хөглөдөг вэ?

-Уран бүтээлч хүн өөрийгөө хөглөнө гэж байдаг. Би нэг зохиолын санаа оллоо гэж бодъё. Тэрнийгээ бичихийн тулд яах вэ? Шил архи авах ёстой биш байхгүй юу. Өөрийгөө хөглөнө, номхотгоно, ариусгана. Өөрийгөө ариусгана гэж нэг юм байна. Тэр нь яадаг гэхээр хүмүүстэй муудахгүй, уран зураг үзнэ, сайхан хөгжим сонсоно. Үр хүүхэд, гэр орондоо эвсэг сайхан байна. Тэгээд өөрийгөө хөглөнө.

-Сайхан хүүхэн бас нөлөөлөх үү?

-Сайхан хүүхэн оролдохгүй, эргүүлэхгүй. Сайхан хүүхэн харж таашаал авна. Сайхан кино үзнэ. “Дөлгөөн дон”-ы Аксиньяг харж сэтгэлээ хөглөнө. Тэрнээс гараад нэг орос хүүхэн барьж авна гэсэн юм байхгүй. Орж ирсэн хөгийг л бариад авах хэрэгтэй. Үүлэн сүүдэр шиг, тог цахилгаан шиг орж ирж байгаа юмыг хурдан түргэн цаасан дээр буулгахгүй бол дайраад л өнгөрдөг. Тэрнээс байгаад л байдаг юм биш. Хоногийн өмнө, цагийн өмнө бичсэн юм шал өөр байхгүй юу.

-Та хурдан тэмдэглэж авдаг гэсэн үг үү?

-Гудамжинд бичиг харандаа гаргаад бичиж авахгүй ч гэсэн залуу байсан болохоор тархи толгой сайн байж. Тархи толгойдоо бичээд авчихна.

-Горькийн нэрэмжит сургуульд яваагүй нь болсон юм гэж өөрийгөө тайвшруулдаг гэж ярьсан байсан...

-Ерөөсөө миний үеийнхнээс, цөөнхийн хүрээнд ярьж байна шүү. Өөрийнхөө зэрэг зиндаанд ярьж байгаа хэрэг шүү. Тэрнээс бүх залуусыг хэлж байгаа юм биш. Нямсүрэн бид хоёр л үлдсэн байхгүй юу.
 

 

-Данзангийн Нямсүрэн гуай юу?

-Тийн.

-Д.Нямсүрэн гуай бас яагаад үлдчихэв?

-Хөдөө байсан. Дэмжих хүн байхгүй. Д.Нямсүрэнг Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар хоёроос өөр дэмжих хүн байхгүй.

-Хавчдаг тал байсан байх нь уу?

-Би социализмыг муу хэлдэггүй. Гэхдээ социализмд нэг ой гутмаар юм байсан. Догмид санхүүгийн техникум төгсөөд очлоо, 550 төгрөгийн цалинтай. Би тэнд 5 жил ажиллалаа. Цалин нэмэхгүй. Гэтэл Эдийн засгийн дээд сургууль төгссөн нэг хүүхэд ирлээ. Тэр 750 төгрөгийн цалинтай. Яагаад?

-Яагаад?

-Дээд сургуулийн дипломтой. Ажил амьдралын дадлага юу ч байхгүй. Юмыг дипломоор хэмжиж байсан. Дипломтой хүн бол усан тэнэг байсан ч хамаагүй. Одоо бол хүн бүр дипломтой болсон доо. Одоо дипломын хэрэг ч байхгүй. Америкийн дээд сургууль төгсөөд ирвэл хаашаа байдаг юм гэхээс. Олон хувийн сургууль төгссөн хүмүүс юу хийж байна...

-Сургууль гэснээс та хэдэн хүүхэдтэй вэ?

-3, 4 хүүхэдтэй. Ач, гуч зөндөө байна.

-Таныг залгаад бичих хүн байна уу?

-Байхгүй ээ байхгүй. Бөхөөс бөх л гардаг юм байна. Зохиолчоос зохиолч гардаггүй юм байна.

-Нээрээ зохиолчоос зохиолч гарсан тохиолдол цөөн үү?

-Цоодолын Хуланг л хэлэхгүй бол өөр хүн байхгүй.

-Цоодолын Хулан гэснээс хоригдсон хэргийнх нь тухай та юу боддог вэ?

-Би яаж мэдэх юм. Өмгөөлж хамгаалах гэж байгаад сүүлдээ буруутаад, өөрөө бараг байцаагдах шахуу юм болсон.

-Тэгсэн үү?

-Миний нэг том бичлэг байгаа. Өнөөдөр Ц.Хулан бид хоёрт хулгайлах юм үлдээгүй. Бүгдийг нь энэ луйварчингууд авчихсан. Хөрөнгийн бирж дээр аваачаад зарчихсан гэж хэлсэн юм. Тэгсэн чинь тэр улсуудаа гаргаад ир гэсэн.

-Техникумд байхад Ж.Мөнхбат аварга танай багш байсан юм уу?

-Биднийг Сангийн аж ахуй авч явсан юм.
 

 

-Та хоёр ямар харилцаатай байсан бэ? Та аваргыг хэр зэрэг мэдэх вэ?

-Бүр их ойр биш л дээ. Би ямар улсын шигшээд хамт байсан биш. Мөнхбат бидэнд ямар олон жил сараар хичээл заасан ч биш. Гэхдээ сүүлдээ бид хоёр их сайхан найзалсан. Надтай бол онцгой л найз байсан. Яагаад гэхээр би зохиол бичдэг учраас... Мөөеө чинь зохиолд дуртай хүн шүү дээ.

-Сангийн аж ахуйд хамт байхад ямар байв?

-Нэг майханд сар гаруй хонож өнжөөд, наймдугаар сард цас ороод... Бид нарын гутал хөлдөж хононо. Өглөө хөл орохгүй болчихдог учраас гутлаа өвөртөлж унтдаг байлаа.

-Хөлдөөхгүй гээд үү?

-Тийн, хөлдөөхгүй гээд. Би говийн хүн, галуу ганганаад буцаад байдаг. Цас будраад байдаг. Хангай гэдэг чинь ёстой хогийн газар байдаг юм байна гээд.Тэгээд бид хэд мод хийсэн байхгүй юу. Манай говьд бол мод гэж байхгүй. Аргаль л түлнэ. Модны тухай ойлголт байхгүй. Хангайн хар мод гэдэг чинь 7, 8 үе гарна. Хоёр метрээр хөрөөднө. Машины кузовт тааруулж хөрөөднө. Бүдүүн хар модны уг гэдэг чинь хоёр хүн гараа алдлаад тэврээд хүрэхгүй. Хоёр метр ч гэлээ аймаар хүнд, цул ус. Бид нар 16, 17 настай хүүхдүүд. Бид машинд гаргах гэж мод хөндөлдүүлж тавиад, дээрээс хоёр нь чангаагаад, дороос 3, 4 нь түлхэж байж гаргана. Гаргасан хойноо троссоор даруулна. Тэгэхэд Мөөеө тэр бүдүүн хар модыг чинь ташаалдаад машин дээр шидчихнэ. Машин овгосхийгээд, бараг нум нь хотосхийж байгаа юм. Жолооч нь “Энэ тэнэг хар хүн ханаас ирсэн юм. Машин хэмхэлчихлээ” гэнэ. Мөөеө чинь бидэн дээр бэлтгэл хийдэг байсан юм билээ. Орой ажил тараад 60 хүүхэд жагсаад зогсоочихож байгаад л барилдана. Тэгэхэд мань эр улсын заан цолтой. Хавар нь юм уу, зун нь спартакиад болоод улсын заан цолоор шагнагдсан. Тэрийг нь бид хэд мэдэхгүй шүү дээ. 60 хүүхдийг шидээд байна, шидээд байна.

-Унана гэж байхгүй юу?

-Яаж унах юм бэ? Өөрийгөө тушуулчихдаг байсан. Хөлөө ойрхон тушуулчихна.

-Чөдөрлөчихсөн юм шиг л үү?

-Тийн, олсоор боолгоод. Тэгж бидэнтэй барилдана. Тэгэхгүй бол хангал азарга шиг аваад шидчихнэ. Өдөртөө нэг хонь гаргана. Толгой , өвчүү, дөрвөн шийрийг хуйхлаад чаначихна. Тэгээд түрүүлсэн бөх иднэ гэнэ. Мэдээж, түрүүлсэн бөх Мөнхбат л байж таарна шүү дээ. Ха ха. Тэгээд бидэнд чих, тагнай, шийр өгдөг.

-Та тэгэхэд хэр дээгүүр барилдах уу? Бас л лагс биетэй харагддаг.

-Мөнхбатын гарт бол юу өртөх вэ дээ. Тэгж бид хоёр танилцсан. Дараа нь би захиа бичиж өгч байлаа.

-Ямар захиа?

-Тэрнээс хойш хоёр жилийн дараа билүү, би сааданд ном уншаад сууж байтал Мөөеө бэлтгэлийн цамцтай гүйж яваатай таарсан юм. Бөөн баяр уулзаад “Би нэг хүүхэнд дурлачихлаа. Захиа бичээд өг” гэсэн. Ямар хүүхэн гэсэн “Сэрэлт” киног үзсэн үү? Тэрэн дээр хонины бэлчээр дээр дуулдаг хүүхэн гэдэг юм. Дуурийн театрын дуучин Янжинжавыг хэлж байгаа хэрэг.

-Тэгээд та юу гэж бичив?

-Шүлэглээд, Пушкин, Дарь.Нацагдоржийнхоос оруулаад

Анх чамайг харсан

Алтанхан хормоо мартахгүй... гээд бичсэн дээ...
 


...Үүгээр бид хоёрын яриа өндөрлөх тийшээ хандлаа. “Телевизээр дандаа дуулаад байвал хүмүүс залхана шүү дээ, ямар Адарсүрэн биш” гэж хэлээд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт маань өндийлөө. Замаараа бид хоёр Өндөр гэгээний үзэсгэлэнг сонирхож явсаар Төрийн ордны уулзвар дээр гар барилцаад хоёр тийшээ саллаа. Б.Догмид гуай ногоон гэрлээр хойш алхахынхаа өмнө “Одоо очоод амрахгүй шүү дээ. Сууна” гэсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
У(103.212.119.167) 2025 оны 04 сарын 27

Сайхан хүмүүстэй хийсэн час хийсэн ярилцлага болжээ. Энэ аугаа хүнтэй нэгэн цагт амьдарч зохиол бүтээлийн талаар нь ярилцана гэдэг том хувь тавилан шүү.

1  |  0
Зочин (66.181.189.224) 2025 оны 04 сарын 27

Ямар сайхан ярилцлага вэ. Цаашаа үргэлжлэхгүй юм байх даа гэж бодогдлоо. Ахмадуудынхаа үгийг ингэж үлдээх нь хойч үед хэрэгтэй шүү

1  |  0
Монгол хүн(66.181.161.233) 2025 оны 04 сарын 25

Гоё юмаа.Бүр цаашаа үргэлжлээд байгаасай гэмээр ярилцлага болжээ.Энэ аугаа хүний бодол оюунд ямар энгийн бөгөөд гайхамшигтай зүйлс оршин байгаа болоо.Ухаан бодол нь цэгцэрсэн ийм хүмүүстэй ярилцаад тэднээс ухаарал аваад сууж байх ч сайхан шүү.

0  |  0
Зочин (59.153.87.61) 2025 оны 04 сарын 25

Монголчуудад нэг л өвчин бий. Тэр нь тэнэгрэл

1  |  0
Alt(66.181.178.122) 2025 оны 04 сарын 24

Тэгээд 3 юм уу 4 хүүхэдтэй юм уу?

0  |  0
Alt(66.181.178.122) 2025 оны 04 сарын 24

Тэгээд 3 юм уу 4 хүүхэдтэй юм уу?

0  |  0
Ахмад хүн(103.212.162.175) 2025 оны 04 сарын 27

Цөөрч, бүр ховордож яваа агуу авъяастнуудын нэг мөн шүү. Урт насалж удаан жаргаарай

2  |  0
Архаг инженер (202.126.90.239) 2025 оны 04 сарын 24

Манай үеийн авъяаслаг ховорхон зохиолчдын нэг уран өгүүлэмжийн нэрт мастер Танд эрүүл энх байж урт насалж удаан жаргалтай амьдрахыг ерөөе..

0  |  0
Эмч(202.126.90.1) 2025 оны 04 сарын 23

Догмид, Бадарч,Лхагвасзрэн нартай нэг цаг үед амьдарч аврагуудыг уншиж ухаарч амьдарсан бид азтай хүмүүс шүү ... Эрхэм зохиолчдоо эрүүл энх урт наслаж улам ихийг бүтээн туурвихын ерөөе дэвшүүлье.

0  |  0
zochin(203.91.119.130) 2025 оны 04 сарын 23

Б.Догмид гуайн зохиолууд , ярилцлагыг нь эрж хайж уншдаг даа. Танд эрүүл энхийг хүсье.

1  |  0
Зочин(202.9.46.3) 2025 оны 04 сарын 23

Сайхан ярилцлага бна. Эрхэм зохиолчид эрүүл энхиыг хүсье. Урт насалж удаан жаргааоай

1  |  0
Ахмад нэгэн(202.55.188.90) 2025 оны 04 сарын 23

Ховорхон авьяастай жинхэнэ Монгол эр хүн тэнд урт насалж удаан жаргахыг ерөөе

1  |  0
Хэнтий аймгаас(202.9.46.183) 2025 оны 04 сарын 23

Б.Догмид бол арай л дэндүү бичдэг хүн дээ.\nБүр яаж ч явж байсан сэргээгээд өгнө.\nОлон жил уншлаа.\nБүр эрж уншина.\nҮгүйлдэг юм....\nУрт наслаарай

1  |  0
Ard(66.181.178.232) 2025 оны 04 сарын 23

Saihan yariltslaga boljee\nDogmid guaid eruul Enkh, az jargaliig husiy

0  |  0
Хүн (66.181.190.129) 2025 оны 04 сарын 23

Гоё хууч байна амтархан уншлаа баярлалаа урт наслаарай

3  |  0
Сүрэнн(64.119.31.186) 2025 оны 04 сарын 23

Их зохиолч танд урт удаан жаргалтай наслахыг хүсэн ерөөе

1  |  0
Зочин (202.9.41.6) 2025 оны 04 сарын 23

Чин үнэнийг уншаад чихнээ чимэгтэй ухаанд уяатай сайхан бүтээлүүдийнх нь хэсэг хэсгээс санаанд бууж кино үзэх шиг болов.

1  |  0
Уншигч(202.126.91.86) 2025 оны 04 сарын 23

ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬE. ОДОО Ч САЙХАН НИЙТЛЭЛ БИЧДЭГ СЭТГҮҮЛЧ ҮГҮЙ БОЛЖДЭЭ.

2  |  0
Зочин(202.9.41.9) 2025 оны 04 сарын 23

Жинхэнэ билэг танхай авьяасаараа аархаж аагиж яваа хүн дээ ах минь. Тандаа эрүүл энх саруул сайхныг хүсье

2  |  0
Зочин(103.212.117.202) 2025 оны 04 сарын 23

Үнэхээр сайхан зохиолч бидэнтэй хамт байгаад баярлах бахархах.

1  |  0
ИРГЭН(66.181.183.104) 2025 оны 04 сарын 23

Одоо Монгол улсад зохиол бичиж мөнгө олох, алдарших санаатай хүмүүс их болсон!!! Ккк Гэхдээ хүн сонирхох юм байхгүй!!! Ккк Жинхэнэ зохиолчид гэдэг чинь социализмын үеийн зохиолчид байжээ! Нүдэнд харагдаж гарт баригдатал бичдэг хүмүүс байжээ!!! Гүйээ тэр роман туужууд бол ярих юмгүй бүтээлүүд гардаг байжээ!

6  |  0
Наран(66.181.185.191) 2025 оны 04 сарын 23

Гоё ярьжээ.

2  |  0
Зочин(66.181.182.55) 2025 оны 04 сарын 23

Ийм сөйхан хүмүүсийн дурсамж ярилцлагыг нэгтгэж ном болгох ....хүн бна уу.

5  |  0
shand (103.212.117.52) 2025 оны 04 сарын 22

shal hudlaa medemhiirsen ooriigoo oloogui hotsrogdson ovgon

0  |  6
Ха ха(95.82.67.66) 2025 оны 04 сарын 21

Ардың нэрээр алдартай зохиолч нар бий. Д.Цоодол, П.Бадарч гуай гээд зөндөө ш дээ. Тэд маань их дурсамжит цаг үед үргэлж туурвиж, бүтээж л байсан даг. Сүүлийн үеийн Алдын цолтон зохиллчид гэгдэж буй хар халтуурчдыг ч мэдэх юм ба. Ац нэг л явц муутай даг. Дан ганц намын магтуугаар, матаасаар авсан сдаа гахай!нууд.

0  |  0
DR. ADITYA(102.89.83.19) 2025 оны 04 сарын 22

Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.\nАнагаах ухааны салбарт 28 гаруй жилийн туршлагатай бид танд мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэл ханамжийг баталгаажуулж байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал яаралтай шаардлагатай байгаа өвчтөнүүд байгаа тул таны шуурхай хариу үйлдлийг маш их үнэлж байна

0  |  1
Гайхалтай(103.57.95.219) 2025 оны 04 сарын 21

Үнэн билиг танхай хүмүүсийн охь доо!

2  |  0
Хахах(66.181.180.228) 2025 оны 04 сарын 21

Ямар мэдлэггүй ац нь ярилцсан юм бэ, ном сугавчлаад уншдаггүй нэг их мэдлэгтэй царайлсан ”яруу найрагч” сэтэртэй нөхөр ярилцсан уу

0  |  1
007(103.57.94.58) 2025 оны 04 сарын 22

Одоо цагт ховордсон сайхан хүн дээ, сайхан бүхнийг хүсье эрхэм зохиолчд.

4  |  1
Зочин(202.179.25.119) 2025 оны 04 сарын 21

Амжилт

2  |  0
Бадам(103.57.95.248) 2025 оны 04 сарын 22

Сайхан ярилцлага байна, амжилт хүсье!

4  |  0
А(202.55.191.194) 2025 оны 04 сарын 22

АГУУ ХҮН

3  |  1
Сүрэн(202.21.104.2) 2025 оны 04 сарын 22

Эрхэм ахтай дүүгийн минь хийсэн ярилцлага өвөрмөц сайхан болжээ. Чухам үнэнийг цөөн үгээр гаргажээ.

4  |  0
Close menu