“KING TUG“-ийн тулаан хойшиллоо, Расселлийнх ч мөн адил

2019 оны 04 сарын 23

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

Мэргэжлийн боксын IBO (International Boxing Organization) холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин , сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа ирэх тавдугаар сард хийхээр товлож байсан ч зургадугаар сард болж хойшлогдлоо.

2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын рингэнд анх гарснаасаа хойш “KING TUG” буюу Төгсөө маань 11 удаа тулалдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд үүнээс 9-д нь өрсөлдөгчөө КО буюу нокаутаар ялсан билээ. Хамгийн сүүлд Төгсцогт маань өнгөрөгч нэгдүгээр сарын 26-нд WBC холбооны хагасхөнгөн жин буюу 57,2 кг-ийн дэлхийн аваргын төлөө тулалдах эрхийн төлөө хоёр ч холбооны дэлхийн аварга болж байсан Доминиканы боксчин Клаудио Маррерог ялсан төдийгүй, IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон билээ.

Түүнээс хойш түүнийг WBC холбооны хагасхөнгөн жингийн дэлхийн аварга АНУ-ын боксчин “Бага” Гэри Рассельтай тулалдана гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Гэвч “Мистер” хочит “Бага” Рассель энэ дөрөвдүгээр сарын 27-нд дэлхийн аваргын цолоо хамгаалах тулааныг Испанийн 33 настай боксчин, “The Sensation” хочит , цагтаа бас IBF холбооны дэлхийн аварга болж байсан, WBC-ийн чансаагаар жиндээ гуравдугаарт бичигдэж буй Кико Мартинезтай хийх тухай өмнө нь бид мэдээлсэн.

Рассель-Мартинезийн тулаан ч мөн адил хойшлогдон тавдугаар сарын 18-нд Нью Йоркийн Брүүклин дэх Barclays Center-т явагдахаар боллоо. Яг энэ ордонд манай Төгсцогт хамгийн сүүлд тулаанаа хийж, IBO холбооны дэлхийн аварга болсон билээ.

Энэ жил 30 настай Гэри Рассель 2015 онд дэлхийн аварга болсноосоо хойш ердөө гуравхан тулаан буюу жилд нэг л тулаан хийж ирсэн. Нийтдээ мэргэжлийн бокст 30 тулаан хийхдээ ганц л удаа ялагдсан амжилттай. Цөөхөн тулаан хийдгээсээ болж багагүй шүүмжлэлд өртдөг Рассель энэ жил 2-3 тулаан хийнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. Тухайлбал 4 юмуу тавдугаар сард дэлхийн аваргын бүсээ хамгаалах нэг тулаан, дараа нь 7 дугаар сард WBA холбооны дэлхийн аварга , Мексикийн Лео Санта Крузтай хоёр холбооны аваргын бүсээ нэгтгэх тулаан , оны өмнө бас нэг тулаан хийх бодолтой гэж хэлсэн удаатай.

Тиймээс ч жиндээ чансаагаар нэгд бичигдэж, дэлхийн аваргын төлөө эрхийн төлөө тулалдаанд ялалт байгуулсан манай Төгсөөг Расселль өрсөлдөгчөөрөө сонгоно гэж бүгд хүлээж байсан билээ. Гэвч мэргэжлийн боксын ертөнцийн бичигдээгүй хуулиар зөвхөн Дэлхийн аварга л өрсөлдөгчөө сонгох, тулаанаа товлох эрх эдэлдэг. Тэр ч ёсоор “Мистер” Расселль манай “King TUG”-ийг бус Мартинезийг энэ удаа сонгож байгаа бололтой. Төгсөөг дэлхийн аваргын төлөө тулалдах эрх авахаас өмнө Кикотой тулалдахаар тохирсон байсан гэсэн мэдээлэл ч бас бий. Тэгэхээр түүнийг шууд буруутгах, Төгсөөгөөс “айсан, зугтсан, бултсан” гэх боломжгүй юм.

Тэртэй тэргүй дэлхийн аварга боксчин тулаан хийлгүй удвал тодорхой хугацааны дараа холбоо (холбоо болгон өөр өөр дүрэм журамтай) дэлхийн аваргын цолыг хураах, эсвэл холбооноос хэнтэй тулалдахыг нь зааж “шахаанд оруулдаг” учраас Гэри Рассель-Төгсцогтын халз тулаан хэзээ нэг цагт болж л таарна. Наана нь хэн нэг нь ялагдчихгүй бол шүү дээ.

Төгсөөгийн тулааныг зохион байгуулдаг Premier Boxing Champions promotion мөн манай хүнд энэ жил гурваас цөөнгүй тулааныг зохион байгуулна хэмээн мэдэгсэн бололтой. Энэ бүгдээс дүгнэвэл он дуусахаас өмнө Рассель-Төгсцогт гэсэн тулааныг харж магадгүй л юм.

Нэгэнт энэ удаа Рассель Мартинезтай тулалдах нь тодорхой болсон болохоор "King TUG” Төгсөө хэнтэй тулалдах нь хамгийн сонирхол татаж байгаа.

Маш олон таамаг байгаагийн дотор Кубын боксчин Юриоркис Гамбоагийн нэр ч байгаа юм. Сонирхогчдын боксоор Олимпийн аварга болж байсан Гамбоа нь 2007 оноос хойш мэргэжлийн бокст орж,"Гуантанамогийн хар шуурга" хочтойгоор мэргэжлийн рингэнд 31 тулаан хийхдээ 29 удаа ялж(17 КО), хоёр удаа ялагдсан амжилттай. Энэ жил 37 настай Гамбоа WBC, WBA, WBO, IBF гээд мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй дөрвөн холбооны дөрвүүлэнд нь өөр өөр жинд дэлхийн аварга болж байсан боксчин. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрөгч 11 дүгээр сард тулалдсан. Одоогоор таамаг төдий буй ч хэрвээ Төгсцогт-Гамбоа гэсэн тулаан болбол ёстой л "галзуу" тулаан,жинхэнэ сорилго болно доо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Юриоркис Гамбоа(66.181.161.85) 2019 оны 04 сарын 24

За энэ чинь л харин жинхэнэ эвгүй гар байна даа.

2  |  0
Top