ТУЛААНЫ ӨМНӨ | Н.Төгсцогтын ТӨГС амжилтын түүх

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга Гэри “Бага” Рассельтай IBO холбооны дэлхийн аварга, Монголын боксчин “King Tug” Нямбаярын Төгсцогт 2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр тулалдана. Тулаан АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын 10 000 хүний суудалтай “PPL Center” спортын ордонд болох юм.  Гэри Рассель-Н.Төгсцогт нарын энэ тулаан тухайн өдрийн гол тулаан нь бөгөөд Америкийн үндэсний хэмжээний томоохон ТВ болох SHOWTIME шууд дамжуулах юм. Тулаан эхлэхэд 2 хоног үлдсэн энэ цаг үед түүний өмнөх 11 тоглолтын түүхийг эргэн сануулж байна.
 


Анхны өрсөлдөгч Габриел Брекстон

Түүний эхний өрсөлдөгч нь Габриел Брекстон байв. АНУ-ын Виржиниа мужийн Ричмонд хотноо төрсөн тэрбээр 2013 онд мэргэжлийн боксын ертөнцөд оржээ. Гэхдээ мэргэжлийн боксын замнал нь манай тамирчин шиг байгаагүй. Н.Төгсцогттой тулалдахаас өмнө 11 удаа ялагдаж, ердөө хоёрхон л удаа ялалт байгуулаад байсан юм. 2015.03.13. Н.Төгсцогт мэргэжлийн боксын ертөнцөд анх удаагаа рингэнд гарав. Тэр өрсөлдөгчөө хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авч, тийм ч сул өрсөлдөгч биш гэдгээ зарлан тунхагласан. Түүний анхны өрсөлдөгч Н.Төгсцогтод ялагдсанаас хойш ялалтын бараа хараагүй юм.  

Тулаан 2: Мануел Рубалкава

Түүний хоёр дахь тулаан нь Мексикийн боксчин Мануел Рубалкава байлаа. Мэргэжлийн боксын рингэнд 2012 оноос тулалдаж эхэлсэн тэрбээр Н.Төгсцогттой тулалдах үедээ 14 тулалдаж, ердөө хоёр л ялалт байгуулсан байв. Нэг ёсондоо замналын хувьд эхний өрсөлдөгчтэй нь төстэй. Хоёр дахь өрсөлдөгчөө буулгаж авахад Төгсөөд тийм ч их хугацаа шаардагдсангүй. Эхний үеийн сүүлийн минутад техникийн илт давуугаар яллаа. Н.Төгсцогтын хоёр дахь өрсөлдгөч түүнд ялагдсаныхаа дараа хоёр жилийн туршид ялалтын баяр тэмдэглэхгүй байсаар 2017 оноос хойш ялалт байгуулсан түүхтэй.

Тулаан 3: Артуро Бадилло

Н.Төгсцогтын гурав дахь өрсөлдөгч Артуро Бадилло өмнөх өрсөлдөгчдийг нь бодвол амжилт, ялалтаар хамаагүй илүү нэгэн байв. Мексикийн Тихуана хотод төрсөн тэрбээр Н.Төгсцогттой тулалдах үедээ 21 удаа ялалт байгуулж, ердөө долоон удаа хожигдоод байв. Мэргэжлийн бокстой 2007 оноос амьдрал, замналаа холбож байсан Артуро Бадилло замналынхаа эхний 17 тоглолтод дараалан ялалт байгуулж, бокс сонирхогч, мэргэжилтнүүдийн анхааралд өртөж байсан тамирчны нэг. Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнд хөл тавьснаасаа хойш ийнхүү таван сарын дотор гурав дахь тулаанаа хийсэн нь энэ болсон юм. Н.Төгсцогт 2015.08.27-нд болсон тулаанд гурав дахь өрсөлдөгчөө гуравдугаар үед буулган авч, дараалсан гурав дахь ялалтаа байгуулсан юм.

Тулаан 4: Педро Мело

Дөрөв дэх өрсөлдөгч болох Педро Мело өмнөх тулаанчдыг бодвол үг ихтэй, цөс ихтэй нэгэн байв. Мексикийн тулаанч Педро Мело түүнтэй тулалдахаас өмнө “Н.Төгсцогтыг гуравдугаар үед буулгаж авна. Миний туршлага түүнийхээс илүү” гэж мэдэгдэж байв. Мэргэжлийн боксын рингэнд 2009 онд хөл тавьснаасаа хойш тэр дараалсан ялалт байгуулж байгаагүй гэхэд зоригтой мэдэгдэл хийсэн нь энэ. Н.Төгсцогттой тулалдах үедээ 15 удаа ялж, 11 удаа ялагдан, хоёр удаа тэнцээд байжээ. 2015.12.03-ны өдөр болсон тулаанд өөрийнх нь хэлснийг өөр дээр нь хэрэгжүүлж, манай тамирчин гуравдугаар үед техникийн илт давуугаар өрсөлдөгчөө буулгаж авсан юм.
 


Тулаан 5: Хуан Руйз

Н.Төгсцогтын тав дахь өрсөлдөгч нь Хуан Руйз байв. Тэр бол амжилт, ялалт, замналын хувьд өмнөх өрсөлдөгчдөөс хамаагүй илүү, хатуу самар байлаа. Ирээдүйн дэлхийн аварга гэж үнэлэгдэж байсан тэрбээр АНУ-ын Паномрама хотод төржээ. Мэргэжлийн боксын ертөнцөд 2000 онд хөл тавьснаасаа хойш 24 удаа дараалан ялалт байгуулж, нэр алдраа цуурайтуулаад байлаа. Энэ удаад мэргэжлийн боксын мэргэжилтнүүд Н.Төгсцогтыг ялалт байгуулж чадахгүй гэж дүгнэж байсан нь гашуун үнэн. Хоёр боксчны тулаан 2016.05.05-ны өдөр болоход мэргэжилтнүүдийн бодол буруу байсныг батлан харуулав. Өмнөх дөрвөн тулааныг бодвол Н.Төгсцогт нэг раунд илүү тулалдаж, дөрөвдүгээр раундтай золгосон. Тэрбээр өрсөлдөгчөө дөрөвдүгээр үед хүнд цохилтоор буулган авсан юм. Энэ тулаанаас хойш Хуан Руйз тулалдахгүй байсаар мэргэжлийн боксоос зодог тайлж буйгаа зарласан билээ.

Тулаан 6: Рафаел Вазкез

Түүний зургаа дахь учраа нь мэргэжлийн боксын ертөнцөд оройтож хөл тавьсан ч хашир туршлагатай Рафаел Вазкез байв. Пуэрто Рикод төрсөн тэрбээр 33 насандаа буюу 2010 онд мэргэжлийн тулаанаа хийж байжээ. Н.Төгсцогттой тулалдах үедээ хожигдол гээчийг ердөө хоёрхон л удаа мэдэрч байсан чадварлаг боксчин. 2016.07.15-нд хоёр боксчны тулаан болоход үр дүн олны таамаглаж байснаас тэс ондоо болж өнгөрөв. Н.Төгсцогт өрсөлдөгчөө ердөө нэг минут 24 секундын дотор буулган авсан юм. Нэгдүгээр үед гурван удаа хүнд цохилтод оруулж техник, илт давуугаа олон хүнд харуулсан нь энэ байлаа. Хашир туршлагатай гэгдэх Рафаел Вазкез энэ тулааны дараа зодог тайлахаар шийдсэн билээ.

Тулаан 7: Херман Мераз

Н.Төгсцогтын долоо дахь учраа нь Мексикийн тулаанч Херман Иван Мераз байв. Түүний хувьд мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш Мексикийн иргэншилтэй дөрөв дэх тулаанчтайгаатулалдах болсон нь энэ юм. Херман Мераз 2005 онд мэргэжлийн боксын рингэнд хөл тавьсан, хашир туршлагатай тулаанч байлаа. Н.Төгсцогттой тулалдах үедээ 55 удаа ялалт байгуулж, 39 удаа ялагдан, нэг удаа тэнцсэн үр дүнтэй байсан юм. Н.Төгсцогт түүнийг буулгаж авахад олон раунд тулалдах шаардлага байсангүй. Ердөө эхний үеийн төгсгөлд хүнд цохилтоор буулгаж авав. Херман Мераз тулааны дараа зодог тайлахаар шийдсэн ч хоёр сарын дараа мэргэжлийн бокстоо эргэн ирсэн.

Тулаан 8: Жхон Хемино

Түүний найм дахь учраа нь Филиппин улсын харьяат Жхон Хемино байв. Түүний хувьд мэргэжлийн боксын рингэнд тулалдсан анхны ази өрсөлдөгч нь байлаа. Өмнөх тулаанчдыг бодвол үе тэнгийн, 1992 оны тулаанчид. 2009 онд мэргэжлийн боксын рингэнд хөл тавьснаас хойш 15 удаа ялалт байгуулан, долоон удаа хожигдож, нэг удаа тэнцсэн амжилттай байлаа. 2017.02.25. Энэ удаагийн тулаан хоёр боксчны хувьд маш хүнд тулаан болж өнгөрсөн. Тэд 10 раундын турш хүч үзсэн. Хоёр тулаанч харилцан бие биенийгээ хүнд байдалд оруулж, боксын ур чадвар, ажиллагааг цугласан олонд харуулсан юм. Ур чадвар, хөлс, хүч шалгасан тулааны эцэст 10 дахь раундад Н.Төгсцогт өрсөлдөгчөө буулгаж авлаа. Тулааны дараа Хеминогийн багийнхан шүүлт будлиантай болсон тул дахин тулаан зарлах ёстой гэж мэдэгдэж байсан юм.
 


Тулаан 9: Хармонито Дела Торре

Н.Төгсцогт мэргэжлийн боксын ес дэх тулаанаа АНУ-ын Завьер Мартинезтай хийх байсан ч тодорхойгүй шалтгааны улмаар тулаанд оролцох боломжгүйгээ зарласан юм. Хэдийгээр түүний дэвжээнийхэн нурууны бэртэл байсан гэж мэдэгдсэн ч одоо хүртэл эргэлзээтэй хэвээр байна. Ямар ч байсан нэгэнт товлогдсон тулаан болох ёстой тул өрсөлдөгчийг нь өөрчлөн, Филиппинийн харьяат Хармонито Дела Торретой ес дэх тулаанаа хийхээр болсон. Энэ удаагийн өрсөлдөгч нь Н.Төгсцогттой адилхан амжилттай, халгиж цалгисан тулаанч байлаа. Манай тамирчинтай тулалдах хүртлээ 19 тулаанд дараалан ялалт байгуулаад байв. 2017.11.19. Хоёр тулаанчийн тоглолт болох ёстой цагтаа болов. Шижигнэсэн амжилттай өрсөлдөгчөө Н.Төгсцогт ердөө хоёрдугаар раундад л хүнд цохилтоор буулгаж авав. Хоёрдугаар үед өрсөлдөгч нь хоёр удаа хүнд цохилтод орсон гэхээр тоглолтын дүн нь бараг тодорхой байсан гэхэд болно. Хармонито Дела Торре түүнтэй тулалдсанаасаа хойш тулаан хийхгүй байсаар жилийн ойн дээрээ буюу 2018 оны арванхоёрдугаар сард тулалдсан ч мөн л ялагдал хүлээсэн билээ.

Тулаан 10: Оскар Эскандон

King Tug Н.Төгсцогтын ээлжит өрсөлдөгч Оскар Эскандон байв. Тэр одоогоос арван жилийн өмнө мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьснаасаа хойш 25 удаа ялж, гурван удаа ялагдал хүлээгээд байсан юм. Нэгэн цагт дэлхийн аваргын бүсийн төлөө өрсөлдөж, IBO-н бүс ч хүртэж явсан тэрбээр энэ удаад Н.Төгсцогттой тулсан. Н.Төгсцогт ялалт байгуулахад ердөө гурван раунд л хангалттай байсан. Тэрбээр энэ удаагийн тулаанд өрсөлдөгчөө дөрвөн удаа хүнд цохилтод оруулж, тав дахь дээрээ булган авснаар итгэл төгс ялалт байгуулсан юм. Халз тулаад ялагдсан Оскар Эскандон зодог тайлж магадгүй тухайгаа цухуйлгаж байсан ч тулаанаас хойш ердөө дөрвөн сарын дараа дараагийн тулаанаа хийсэн ч ялагдал хүлээсэн юм.

Тулаан 11: Клаудио Марреро

2019.01.27. Хаан Төгсөө мэргэжлийн боксын 11 тулаанаа мөн л ялалтаар үргэлжлүүлэв. Н.Төгсцогтын 11 дэх өрсөлдөгч нь Бүгд найрамдах Доминикан улсын харьяат Клаудио Марреро байв. Тэр 1989 онд Санто Доминго хотноо төрсөн. Таван настайгаасаа тулааны спортоор хичээллэж, 10 наснаасаа сонирхогчдын боксын төрөлд олон улсын тэмцээнд орж эхэлсэн. Сонирхогчдын боксын спортод гаргасан хамгийн том амжилт нь 2007 оны Пан Америкийн наадмаас хүртсэн мөнгөн медаль. Сонирхогчдын боксоор төдийлөн амжилт гаргаагүй Клаудио Марреро 2009 онд энэ төрлөөс зодог тайлж, мэргэжлийн боксоор хүч үзэхээ олон нийтэд зарлажээ.  Түүний мэргэжлийн боксын замналын эхний тулаан нь 2010 оны есдүгээр сарын 18-нд төрсөн нутаг Санто Доминго хотноо болсон ба нутаг нэгт боксчин Хуан Карлос Росариотой тулалдаж, өрсөлдөгчөө техникийн илт давуугаар буулган авч байжээ. Мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьснаас хойшхи эхний гурван жилдээ ялагдал амсаагүй. Нийт 14 дараалан ялалт байгуулсны 12-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авсан. IBO-н бүсийг хоёр удаа хүртэж байсан туршлагатай тулаанч байв.

Barclays-д цугласан 300 гаруй монголчууд уухай хадаан дэмжихэд King Tug итгэл алдалгүй бүтэн 12 үе тулалдаж, ялалт байгуулсныг эргэн саная.
 


Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн бокст 11 тулаан хийсний хоёр нь л шүүгчдийн шийдвэрээр бүтэн 10-12 үе тулалдаж, дийлэнх нь гуравдугаар үед шийдэгдсэн гэхээр түүний ур чадварыг бэлхнээ харуулах биз ээ. Хоёр тамирчин жингээ үзүүлж, хэвлэлийн бага хурал зарлах үеэс л "тулалдаж" эхэлсэн.

Хэвлэлийн бага хурлын үеэр энэ тоглолтын дүр зураг ерөнхийдөө тодорхой болсон гэхэд болно. IBO холбооны бүсийг өмнө нь хоёр ч удаа эзэмшиж, WBC холбооны бүсийн төлөө хоёр ч удаа гарч байсан Клаудио Марреро хэвлэлийн бага хурлын үеэр сандрангуй байв. Харцаа хоёр ч удаа буруулж, хөмхийгөө бага зэрэг зуусан нь түүний нууж байсан айдсыг ил болгосон юм. Мэргэжилтнүүд тэдний тулааныг бүтэн 12 үеийн турш үргэлжилнэ гэж таамаглаж байсан бол Монголын боксчид зургаагаас наймдугаар үед шийдэгдэнэ гэж таамаглаж байв. Шүүгч эхлэх дохиог өгмөгц хоёр тамирчин рингэн дээр бодсоноо хийх гэж байгаа нь илт байлаа.

Хэн хэн нь биенээ ажсаар эхний гурван үе дууссан. Энэ хооронд манай тулаанч өрсөлдөгчөө эвгүй байдалд оруулахуйц хэд, хэдэн удаа оновчтой цохилт хийснээр тулааны хувьд илүү, ялах бүрэн боломжтой гэргээ мэдэрч, сэтгэл зүйн хувьд давуу болж ирсэн. Улмаар тоглолтын наймдугаар үе хүртэл үндсэндээ манай тамирчин илүүрхсээр байлаа. Есдүгээр үед дутуу гэдгээ мэдэж байсан Клаудио Марреро илүү идэвхтэй байх гэж хичээсэн боловч нэг л болж өгсөнгүй. Аравдугаар үед шүүгч хоёр тамирчин хэтэрхий ойртсоныг мэдрэн салгах үед Клаудио Марреро цохисон нь торгуулах үндэс болов. Торгуулсныхаа дараа Марреро хэт их шатаж, улмаар Н.Төгсцогт цэнэсэн байдалтай тулааныг үргэлжлүүллээ. 10-12 дугаар үед техникийн хувьд илүү гэдгээ, илүү их бэлтгэл хийсэн гэдгээ нотолж, шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулж чадсан юм.

 

 

Ийм 11 тулаан, ийм 11 ялалтыг монгол хүү Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд бүтээжээ. Түүний King Tug хэмээх шинэ нэр дэлхийд цуурайтах болтугай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zial-д(202.126.89.164) 2020 оны 02 сарын 06

ха ха яасан авгай чинь Төгсөөд дуралчихсан уу. чи ч ёстой азгүй гөлөг юм даа. зүгээр үхээч малаа

0  |  0
Zial..(66.181.161.34) 2020 оны 02 сарын 09

Pyaz...

1  |  0
Top