30 жилийн өмнө шоронгоос гармагцаа Тайсоны үзүүлсэн 89 секундын шоу

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 21

Эдүгээгээс 30 жилийн өмнө Индианагийн шоронгийн №992335 дугаарт ялтныг сулласан юм. Тэр ялтан бол Майк Тайсон байлаа. Хүчингийн хэргээр гурван жил хоригдсон Төмөр хочит Майк Тайсон. 20-хон насандаа мэргэжлийн гурван холбооны бүсийг бэлхүүсээрээ хэнэггүйхэн ороосон домогт тулаанч.

Тайсон суллагдсан сургаар хэзээ тулаан хийх, хэнийг рингэн дээр нам цохиж, цус нөжтэй нь холихыг бокс сонирхогчид төдийгүй жирийн хүмүүс хүртэл тэсэн ядан хүлээсэн гэвэл зэрлэг мэт хэрнээ үнэнд нийцнэ.

 

 

Майк Тайсоны өрсөлдөгчөөр Питер Макнилиг сонгожээ. 36 тулаанд ялж, 1 ялагдсан сүржин гэмээр замналтай. Гэвч тэр сүржин замналынх нь ихэнх өрсөлдөгчид нь даржин тамирчид. Тиймээс ч Питер Макнили хэмээх цагаан арьстай, хэл амтай залууг хэрхэн балбуулахыг л харах гэж ордонд олон хүн цугласан юм.

Макнили ч энэ шоу үзүүлбэрт хувьд нэмрээ хангалттай оруулсан. Цагаан арьст залуу өнгөтэй арьстай, хүчингийн хэрэгтэн Майк Тайсоны эсрэг гээд бодоход л орой руу нэг юм орж байгаа биз. Өнгө, утгыг хүртэл сайтар бодож тооцсон энэ тулаан ердөө 89 секунд үргэжилсэн.

 

 

Макнили хэвлэлийн бага хурал дээр баахан хөөрүү үг хэлсэн шигээ тулааны эхэнд цовхорч дэгдэж очоод, цохих гэж оролдсон ч удалгүй болох юм болдгоороо болж Тайсоны төмөр нударганы амтыг мэдрэн нугдайн уналаа.

Хачирхалтай нь тулааныг цааш үргэлжлүүлэх боломж байсан атал Макнилигийн талынхан яг 89 дэх секунд дээр тулааныг зогсоов. Хожим хэвлэлд гарсан мэдээллээр бол Макнилиг 90 секундын дотор ялагдана гэж өөрсдийнх нь хүмүүс ихээхэн хэмжээний мөрий тавьчихсан байсан юм билээ. Хэдийгээр батлагдаагүй ч гэлээ багийнхан нь яагаад 90 секундэд хүргэлгүйгээр тулааныг дууссанд тооцуулахаар сандран гүйлдсэн нь үүнтэй холбоотой байж мэдэх юм.

 

 

“Тэр эргэн ирээ” гэсэн ганц мэссэжийг л Дэлхий даяар дуулиантайгаар цацах гэсэн энэ тулааныг ордонд хэн хэн очиж үзсэн гэж бодно? MGM Grand ордонд тэр орой Мадонна, Николас Кэйж, Дэнзел Вашингтон, Жим Керри, Памела Андерсон, Эдди Мэрфи мөн Доналд Трамп ч морилон саатсан. Хэрхэн Макнилиг эрлэгт золиос болгон өргөж буйг үзэхээр овоорон шахцалдан цугласан нь тэр.

 

 

“Тайсон өмнө нь хэзээ ч байгаагүй олныг нэг дор цуглуулж чадсан юм. Хүүхэн наймаалагчдаас тэрбумтан хүртэл, хар тамхины наймаачнаас Зөвлөхүүдийн танхимын дарга хүртэл олон алдартан тулааныг ирж үзсэн. Олон нийтийг өөртөө татаж, ордонд авчирч чадсанаараа Майк маш их бардамнаж, бахархаж байлаа. Түүнээс хойш ч би тийм цугларалтыг хараагүй л байна” хэмээн спортын тайлбарлагч Жим Грэй өгүүлжээ.

 

 

Тэгэхэд Тайсон 29 настай байлаа. Мэдээж, шоронд сууж, бэлтгэл цалгардаж, 20-тойгийнхоо хурд, чадварыг алдсан ч гэлээ Тайсон бол Тайсон.

“Үнэндээ тэр тулаан ширүүн тэмцэл гэхээсээ үзүүлэн тоглолттой төстэй. Бокс сонирхогчид, телевиз үзэгчид, хэвлэл мэдээллийнхэнд зориулсан тулаан биш. Энэ бол цэвэр мөнгөний тулаан байсан. Мөн Тайсон өөр хэн нэгнийг цустай нь хольж, нам цохихыг харах гэсэн улайрсан олны цуглаан болсон” гэж тулааныг тайлбарласан Стив Альберт ярьсан байна.

 

 

Тайсон 89 дэх секундэд өрсөлдөгчөө нокаутаар ялчихаад 25 сая ам.доллар өвөртөлсөн юм. “Хамгийн хялбар аргаар олсон мөнгө нь тэр болов уу” гэж Стив Альберт нэмж өгүүлжээ. Тулааныг шууд үзүүлэх эрхийг телевизүүдэд 96 сая ам.доллароор зарсан юм билээ. АНУ-д л гэхэд энэ тулааныг 1.52 сая хүн гэртээ захиалан зурагтаараа үзсэн гэсэн тоо гарч байв. 1995 онд аль аль нь байгаагүй тоо л доо.

 

 

“Жинхэнэ домогт тамирчид юу хийх, ямар байгаагаасаа үл шалтгаалан үргэлж бусдыг өөртөө татаж чаддаг. Майк одоо ч энэ чадвараа алдаагүй. Жэйк Полтой хийсэн тулааныг сана л даа. Тайсон бол хамгийн аугаа домог ч гэлээ хүмүүсийг татдаг гол чанар нь юу гэхээр тэр жирийн хүн. Сайн муу, сайхан муухай бүхнийг үзсэн, шийтгэгдэж, өршөөгдөж үзсэн, ялж ялагдаж үзсэн түүнийг яг шоронгоос гарсных нь дараа энэ тулааныг хийлгэсэн. Хүмүүс хуй салхинаас айдаг ч гэлээ хэрхэн эрчлэхийг нь харахыг хүсдэгтэй л адил” гэж Жим Грэй одоо дурсаж байна.

 

 

Питер Макнилигийн хувьд ч гэсэн хамгийн хялбар аргаар амьдралдаа барьж үзээгүй, бүр төсөөлж ч үзээгүй их мөнгөө олсон юм. Дараа нь барих төдийд үйрдэг жигнэмэг гэх мэт янз бүрийн рекламд тоглож, нэмж овоо их мөнгө олсон.

Майк Тайсоны энэ тулаан хүмүүс ширүүн тэмцлийг бус харин зүгээр шоуг ч үзэхийн тулд их мөнгө төлж болохыг Дэлхий нийтэд ойлгуулан харуулсанд тооцогддог. Тайсоны нээсэн замаар дараа дараачийн олон шоу урган гарч ирсэн. Тайсон яллагдаж, хоригдож, үзэн ядагдсан ч гэлээ ид гарч ирж байх үеийнх шигээ олныг татсан хэвээрээ гэдгээ ч харуулж чадсан.

 

 

“Би Тайсонд хайртай. Үргэлж хайртай байсан. Яагаад гэвэл тэр миний мэдэх хамгийн шударга тамирчин. Дутагдалтай тал ихтэй гэдгээ өөр андахгүй мэднэ.  Алдаа гаргавал өөрөө өөрийгөө даачихна. Бусдыг алдаандаа буруутгадаггүй занд нь би дуртай. Тэгээд бас өчигдрийнхөөсөө илүү болохын төлөө өнөөдөр хөдөлмөрлөж, маргаашдаа тэмүүлдэгт нь хайртай” гэж Жим Грэй тэмдэглэн хэлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top