Дараалсан үхлүүд Японы боксыг мөхөх, сэхэхийн уулзварт хүргэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 27

Хэрвээ эрс шийдэмгий зөв өөрчлөлт хийхгүй бол Японд боксын спорт хямралд орж, ойрын жилүүдэд мөхөж ч магадгүй байдалд ороод байна. Энэ талаар тус улсын Боксын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Цүёоши Ясүкочи мэдэгджээ.

Наймдугаар сарын 2-нд Токиогийн Коракүэн ордонд болсон тулаанд Шигэтоши Котари, Хиромаса Үракава нар тархины хүнд гэмтэл авч, хэд хоногийн дараа нас барсан юм. Хоёр боксчин хоёулаа 28 настай байлаа. Энэ аймшигт явдал Дэлхийн боксыг цочроож, Японы бокст ирээдүй бий эсэхэд эргэлзэхэд хүргэсэн юм. Цаашид ийм аймшигтай, эмгэнэлтэй явдал гаргахгүйн тулд үндсэн шалтгааныг олж илрүүлж, ямар арга замаар явахаа тогтох ёстой болоод байна.

 

 

“Хэрвээ бид байдлыг сайжруулахгүй юм бол спортын энэ төрөл манай улсад оршин тогтнохоо больж магадгүй. Спортын салбарынхан үүнийг өөрчилж чадахгүй бол ажлаа өгөөд явах ёстой. Шилжилтийн хэцүү үе гэдгийг би ойлгож байна. 100 гаруй жилийн түүхтэй спорт устаж үгүй болж ч мэдэхээр боллоо. Өдөр бүр бид энэ тухай бодож, гарц гаргалгаа хайж байгаа” гэж Ясүкочи мэдэгдэлдээ дурджээ.

Японы боксын хүрээнийхэн хүнд байдлаас хэрхэн гарах талаар ярилцаж, зарим зүйлийг өөрчлөхөөр шийдэж буй бололтой. Үүнд хамгийн түрүүнд жингээ түргэн хасахын тулд шингэн их алддагийг болиулах хэрэгтэй гэж үзжээ. Шингэн их алдсанаар тархины болон бусад гэмтэл авах магадлал ихэсдэг гэж үзсэн байна.

 

 

Есдүгээр сар гэхэд Боксын Холбооныхон тодорхой шийдэл, гарц олж, түүнийгээ танилцуулах ёстой болсон. “Хүн амиа алдана гэдэг хамгийн том айдас. Хэрвээ энэ айдсыг мэдрэхээ больчихсон юм бол боксоор хичээллэх хэрэггүй. Боксын спортын салбарт ажиллах хэрэггүй. Зарим нь бокс бол угаасаа эрсдэлтэй спортод тохиолдлын үхэл байдаг гэх гээд байх шиг. Ингэж бодохыг бид зөвшөөрөхгүй. Байнга тохиолдоод байгаа зүйлийг тохиолдлынх гэж үзэх ёсгүй. Үндсэн шалтгааныг олж, үр дагаврыг бодож тооцох ёстой” гэж Ясүкочи мэдэгджээ.

 

 

Котари, Үракава нарын үхлээс өмнө 2023 оны 12 дугаар сард Шинжиро Шигеоко тулааны үеэр ухаан алдаж, тархиндаа яаралтай мэс засал хийлгэсэн. Одоо ч ухаан ороогүй хэвээр байгаа. Ясүкочигийн цохон тэмдэглэснээр удаа үхлүүдийн дараагаар Японы бокс мөхөх, сэхэхийн уулзвар дээр ирээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top