Төмөр хочит Майк Тайсон саяхан сошиал хаягтаа Цагаан Тайсоны зургийг дэлгэн толилууллаа. Хиймэл оюун ухаанаар бүтээсэн энэхүү цагаан Тайсон түүний 33 сая дагагчийн сонирхлыг тэр даруй татаж, 500 мянга гаруй лайкаар агшин зуурт мялаалгасан юм.
Майк Тайсон одоо 58 настай. 20 насандаа мэргэжлийн боксын хүнд жингийн Дэлхийн аварга болж, хамгийн залуу аваргын өндөр суудалд заларсан. Харин 21 насандаа мэргэжлийн гурван холбооны аваргын бүсийг гурвууланг нь зүүж, алдар нэрээ улам цуурайтуулсан домогт, шуугиант од билээ.
Тэгвэл түүний нийтэлсэн Цагаан Тайсоны зургийг интернэт хэрэглэгчид хэн нэгэнтэй их төстэйг дурдсан ч яг хэн гэдгийг нь нэрлэж чадахгүй гэсэн удсан байна. Эцэстээ Брок Леснартай төстэйг олж тогтоожээ.
“Маоригийн шивээстэй Брок Леснар л байна шүү дээ” гэж нэгэн тулаан сонирхогч бичсэнээр хамгийн залуудаа 25 настайдаа мэргэжлийн бөхийн аварга болсон алдартай тамирчинтай үнэхээр төстэй байгааг бусад нь ч олж харжээ. Леснар бол мэргэжлийн бөхөөс гадна мөн холимог тулаанч, мөн америк хөлбөмбөгийн тамирчин, булчин шөрмөс нь зангирсан Тайсонтой адил од.
“Хэрвээ Тайсон, Леснар хоёр хүүтэй болсон бол...” нэгэн интернэт хэрэглэгч бичсэн нь олны инээдийг хүргээд авчээ.
Цагаан биш жинхэнэ Майк Тайсон ойрын хугацаанд дахин тулаан хийж магадгүй байгаа. Жэйк Полтой үзэлцээд 16 сая ам.доллар халаасалсан түүний дараагийн өрсөлдөгч нь Федор Эмельяненко байж болох талаар APL-ийн ерөнхийлөгч Алимжан Бектаев саявтархан мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )