Мэргэжлийн боксын домогт тамирчин, Дэлхийн аваргын зургаан бүсийн эзэн, Хөдөлгүүр хэмээх хочит Алехандра Оливерас 47 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тухай эмгэнэлт мэдээ цацагдлаа.
Аргентины жижигхэн тосгон Эль-Карменд төрж өссөн ч Дэлхийн эмэгтэйчүүдийн мэргэжлийн боксын шавыг тавьсан домогт тамирчин цус харваж эмнэлэгт 14 хоносны дараагаар өнгөрсөн даваа гаригт амьсгал хураажээ.
Мэргэжлийн таван өөр жинд Дэлхийн аваргын зургаан бүсийг хүртсэн анхны тамирчин Оливарес зөвхөн Латин Америкийн төдийгүй Дэлхийн боксын нэгэн цагийн гол нүүр царай байсан юм.
2005 онд мэргэжлийн боксын рингэнд анх гарсан Оливерас дараа жил нь Мексикт Жеки Навасыг ялж, Дэлхийн аваргын бүсийг анх зүүжээ. Үүнээс хойш таван жинд аварга болсноор Гиннесийн номд хоёр ч удаа нэрээ мөнхөлсөн.
15 настайдаа ээж болсон Оливерас хамтран амьдрагчдаа байнга зодуулж, олон удаа хүчирхийлэлд өртсөний дараагаар тэвчихээ больсноор тамирчны замыг сонгох шийдэлд хүрсэн гэдэг.
“Зодуулж залхаад би гэдсэнд нь ганц цохиохдоо өөрийгөө маш их хүчтэй гэдгээ мэдэрсэн. Тэндээс хүүгээ тэврээд гарсан чигтээ шинэ амьдралын зам мөрийг хөөж, мэргэжлийн бокс руу орсон” хэмээн тэрээр өгүүлж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )