КАННЫН КИНО НААДАМ | Өрсөлдөх кинонуудаа зарлалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй, зэрэглэл өндөрт тооцогддог Каннын кино наадам энэ жил тавдугаар сарын 14-нд эхлэхээр болж, сонгогдсон кинонуудаа зарлалаа.

Энэ жилийн нээлтийн киногоор найруулагч Жим Жармушийн "Үхдэлүүд үхдэггүй" (The Dead Don't Die) кино шалгарчээ. Энэ жилийн Каннын кино наадмын өрсөлдөөнт хэсгийн ерөнхий шүүгчээр Мексикийн алдарт кино найруулагч Алехандро Гонсалес Иньярриту ажиллахаар болжээ.

Кино наадмын өрсөлдөөнт хэсэгт олон орны нийт 18 кино сонгогдсон. Сонирхуулбал, Найруулагч Бон Жүн О- "Шимэгч" (Parasite), Терренс Малик- Нуугдмал амьдрал (A Hidden Life), Педро Альмодовар- Өвдөлт ба бахдал (Pain & Glory), Жим Жармуш- Үхдэлүүд үхдэггүй (The Dead Don't Die) зэрэг кинонууд сонгогджээ. Чухам аль кино нь Каннын кино наадмын дээд шагнал болох "Алтан дал мод"-ыг хүртэх нь сонирхол татаж байна. 

Энэ жилийн тухайд найруулагч Бон Жүн О үзэгч, өрсөлдөгчдийн анхаарлын төвд байгаа юм. Тэр бол Өмнөд Солонгосын хамгийн алдартай триллер киноны мастер билээ. Түүний "Эх" (Mother), "Аллагын дурсамж" (Memories of Murder) кинонууд хамгийн алдартайд тооцогддог. Найруулагч Бон Жүн Оны эргэн ирэлт болох "Шимэгч" (Parasite) кино фенүүдэд нь хүлээлт үүсгээд байгаа байх. 
 

Энэ жилийн Каннын кино наадамд дэлхийн шилдэг арт найруулагч нар чуулж буй нь мянга мянган кино сонирхогчдын анхаарлын төвд байгаа юм. 72 дахь удаагийн Каннын кино наадам тавдугаар сарын 14-25-ны хооронд зохион байгуулагдана.

Мөн сонирхуулахад, Францын шинэ давалгааны үеийн гол найруулагч, дэлхийн кино урлагийн нэгэн тод эмэгтэй найруулагч Аньес Варда таалал төгсөөд удаагүй байгаа билээ. Эрхэм найруулагч эмэгтэйд хүндэтгэл үзүүлэн  27 насандаа түүний хийсэн "La Pointe-Courte" киноны зураг авалтын үеийн гэрэл зургийг 2019 оны Каннын наадмын постер зургаа болгон сонгожээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top