Тавдугаар сарын 14-ний өдөр Францын Канн хотноо дэлхийд нэр хүндтэй 72 дахь удаагийн Каннын кино наадам нээлтээ хийлээ.
Энэ сарын 25-ны хүртэл үргэлжлэх 72 дахь удаагийн Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг энэ жил анх удаа Латин Америк гаралтай, Мексик улсын найруулагч, “Birdman”, “Revenant” киноны зохиолч Алехандро Гонзалес Инярриту тэргүүлж байгаа юм. Наадамд 21 кино өрсөлдөж байна. АНУ-ын найруулагч Жим Жармушын найруулсан уран зөгнөлт инээдмийн “Үхэгсэд үхдэггүй” киногоор нээгдсэн Каннын наадам Францын найруулагч Оливье Накаша, Эрик Толедано нарын “Онцгой хүмүүс” нийгмийн сэдэвтэй инээдмийн киногоор хаалтаа хийхээр болжээ.
Кино наадмын хүндтэй шагнал болох “Алтан дал модны мөчрийг” Францын алдарт жүжигчин, найруулагч агсан Ален Делон нөхөн хүртэх нь тодорхой болоод байгаа билээ. Энэ жилийн наадмын нээлтийг Францын жүжигчин Эдуард Баэр хөтөлсөн юм. Ингээд кино ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадмын түүх болон наадмын талаарх сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.
КАННЫН КИНО НААДАМ БИЙ БОЛСОН НЬ
Франц улсын боловсрол, урлагийн сайд Жан Зейн 1932 онд олон улсын кино наадам бий болгох санаачилга гаргажээ. 1938 онд Венецийн кино наадмын гол шагналуудыг Лени Рифеншталийн “Олимп”, Гоффредо Алессандринигийн “Нисгэгч Лучано Серра” /зураг авалтад нь Италийн дарангуйлагч Бенито Муссолинигийн хүү Витторио оролцсон/ Герман, Итали кинонууд авсан нь Венецийн кино наадамтай өрсөлдөх, улс төрийн хувьд бие даасан олон улсын кино наадмыг бий болгох Францын хүсэл зорилгын илэрхийлэл байв. Олон улсын кино наадмыг зохион байгуулах газраар Канныг сонгож, анхны наадмыг 1939 онд хийхээр төлөвлөж байсан ч Дэлхийн хоёрдугаар дайн эхэлснээр энэ санаачилга биеллээ олтол хэдэн жилийг хүлээх шаардлагатай болов.
АНХДУГААР НААДМЫН ТҮҮХ
Анхдугаар Каннын кино наадам 1946 оны есдүгээр сарын 20-нд нээлтээ хийсэн түүхтэй. 1948 болон 1950 онд санхүүгийн хүндрэлээс болж өнжсөн тус наадам 1950-иад оны эхээр хэдийнээ нэр хүндтэй болсон байлаа. Зөвхөн энэ наадамд зориулж 1949 онд Канн хотын далайн эрэг дагуух Круазет өргөн чөлөөнд Наадам, хурлын ордон байгуулсан байна. (Шинэ барилга 1983 онд ашиглалтад орсон). 1951 оноос эхлэн кино наадмыг найм, есдүгээр сард болдог Венецийн кино наадамтай давхцуулахгүйн үүднээс хавар зохион байгуулдаг болжээ. Харин 1959 онд Каннын кино наадмын хүрээнд олон улсын киноны үзэсгэлэн худалдаа зохион байгуулснаар энэхүү арга хэмжээ кино ертөнц, Европын киноны бизнесийн хамгийн нэр хүндтэй, хамгийн хүсэн хүлээдэг баяр болжээ.
1960-аад онд наадмын үндсэн хөтөлбөрт “Кино шүүмжийн олон улсын долоо хоног /1962 оноос хойш/”, “Найруулагчдын хоёр долоо хоног” /1969 оноос хойш/ нэртэй бие даасан хоёр арга хэмжээг нэмж оруулсан аж. 1968 оны тавдугаар сард Францад оюутны жагсаал цуглаан ид өрнөх үед Жан Люк Годар, Франсуа Трюффо зэрэг шүүгчид болон алдартай найруулагчид кино наадмыг цуцлахыг шаардсан байна. Кино наадмын оролцогчид оюутны жагсаалыг дэмжих эсэх тал дээр санал зөрөлдсөн тул тухайн үеийн Францын ерөнхийлөгч Робер Фавр ле Брэ кино наадмыг цуцлах шийдвэр гаргаж, тэр жил Каннын наадам хугацаанаасаа өмнө хаагдаж, шагнал гардуулсангүй. 1972 онд уралдаанд оролцох бүтээлийг өөр зарчмаар сонгон шалгаруулах болов. Өмнө нь оролцогч орон өөрсдөө шалгаруулдаг байсан бол 1972 оноос эхлэн наадмын удирдлага сонгон шалгаруулах үүрэг хүлээжээ. Орчин цагт Каннын кино наадамд бүрэн болон богино хэмжээний уран сайхны кинонууд өрсөлдөж байна. Гол шаардлага нь наадам болохоос 12 сарын өмнө бүтээгдсэн, зөвхөн тухайн улсын дэлгэцнээ гарсан байх, өөр кино наадмуудад оролцож байгаагүй гэсэн шаардлага тавьдаг болсон аж.
2002 онд Олон улсын Каннын кино наадам нэрээ “Каннын наадам”-аар сольжээ. Энэхүү арга хэмжээний үеэр төрөл бүрийн семинар болдог бөгөөд 2003 оноос эхлэн “Олон улсын тосгон” нээгдэж, оролцогч улс орнууд өөрсдийн павильонд үндэсний кино урлагаа танилцуулан сурталчлах болсон юм. 2004 оноос эхлэн мөн “Каннын сонгодог” нэртэй хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүний хүрээнд дэлхийн улс орнууд киноны тухай баримтат кино үзүүлдэг болжээ.
ШАГНАЛУУД
1946-1954 болон 1964-1974 онуудад Каннын кино наадмын гол шагнал нь “Гран-При” байв.
Өдгөө энэ шагнал нэр хүндээрээ хоёрт ордог. Харин 1955-1963 онуудад болон 1975 оноос хойш наадмын гол шагнал нь Алтан дал модны мөчир болжээ. Шагналын өнөөгийн дизайныг Францын эмэгтэй зураач, Люсьен Лазон 1997 онд гаргасан байна. Алтан дал модны мөчрийг 24 каратын алтаар урлаж, болор суурин дээр байрлуулсан байдаг. 2017 онд тус наадмын 70 жилийн ойд зориулан Алтан мөчрийн дизайнд бага зэрэг нэмэлт оруулж, алтан навчны ирмэгийг шүүдрийн дуслыг санагдуулам очир эрдэнээр чимэглэжээ. Алтан дал модны мөчир, Гран-При шагналаас гадна наадмын үндсэн хөтөлбөрийн шүүгчид шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг найруулагч, шилдэг оператор болон шүүгчдийн нэрэмжит шагналуудыг гардуулдаг.
Үүнээс гадна, уралдааны бус хөтөлбөрийн хүрээнд “Онцгой үзэл санаа”, “Синефондасьон”, “Алтан камер” шагналыг өвөрмөц шийдэлтэй кино болон залуу найруулагчдад гардуулдаг байна. Каннын наадмын шагналыг хоёр удаа нийт найман найруулагч хүртэж байв. Эдгээр нь Альф Шеберг (Швед; 1946, 1951), Фрэнсис Форд Коппола (АНУ; 1974, 1979), Билле Аугуст (Дани; 1988, 1992), Эмир Кустурица (Серб; 1985, 1995), Сехэй Имамура (Япон; 1983, 1997), ах дүү Жан-Пьер и Люк Дарденн (Бельги; 1999, 2005), Михаэль Ханеке (Австри; 2009, 2012). Шилдэг эрэгтэй гол дүрээр Марлон Брандо, Марчелло Мастроянни, Жек Николсон, Жерар Депардье, Хавьер Бардем зэрэг жүжигчин шалгарч байсан бол шилдэг эмэгтэй гол дүрийг шагналыг Жульетта Мазина, Софи Лорен, Изабель Ажани, Хелен Миррен, Мерил Стрип зэрэг одууд хүртэж байжээ.
ТӨСӨВ
Каннын кино наадмын төсөв нь 20 сая евро байдаг байна. Францын төрийн сан, Канн хотын төсөв болон кино наадмын албан ёсны түнш болох томоохон компаниуд наадмын төсвийг нь бүрдүүлдэг уламжлалтай.
УДИРДЛАГА, ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Каннын наадмын ерөнхийлөгчийн албыг 2014 оны зургадугаар сарын 1-нээс хойш Францын “Canal+” телевизийн ерөнхий захирал асан Пьер Лексюр хашиж байгаа бол гүйцэтгэх захирлаар Лионы их сургуулийн тэргүүн Тьерри Фремо ажиллаж байна.
Шүүгчдийн бүрэлдэхүүнийг Каннын наадмын удирдлагуудын шийдвэрээр томилдог байна. Кино наадмын шүүгчдийн тэргүүнээр БернардоБертолуччи (Итали), МартинСкорсезе (АНУ), ЛюкБессон (Франц) зэрэг найруулагчид ажиллаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )