МАРГААШ: Улаанбаатарын замын хөдөлгөөнийг БҮРЭН ХААНА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

Улаанбаатар хотод 2019 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлагыг зохион байгуулж байгаа.

Үүнтэй холбоотойгоор МАРГААШ буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 07:00-09:30 цагийн хооронд Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг болон хотоос гарах, орох чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хаана.

Замын хөдөлгөөн хаасан хугацаанд (07:00-09:30 цагт) нийтийн тээвэр явахгүй ба зөвхөн онцгой байдал, цагдаа, түргэн тусламжийн болон зөвшөөрөл авсан хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.

Замын хөдөлгөөнийг нээх үеэр Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтыг хийж, хяналт тавьж ажиллана. Энэ үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул тухайн өдөр иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. (Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба)


Зарлан мэдээллийн дуут дохио маргааш 08:00 цагт нийслэл даяар дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 аюулгүйн талбайн байршилд иргэд дээрхи хугацаанд цугларч, нүүн шилжих дадлага сургуульд хамрагдах юм.

Иргэдийн түр цугларах аюулгүйн талбай, гамшгийн зарлан мэдээллийн дуут цамхаг болон дадлага сургууль зохион явуулах цэгийн байршлыг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн орон зайн мэдээллийн системд зураглан харуулж байна. 
 

АЮУЛГҮЙН ТАЛБАЙН БАЙРШЛЫГ ГАМШГИЙН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМД ЗУРАГЛАН ХАРУУЛЪЯ
 

Эх сурвалж: ОБЕГ, Орон зайн мэдээлэл, технологийн тасаг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top