Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ дагуу өнөөдөр /2019.04.25/ нийслэлийн иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг түр цуглах 111 талбайд явуулсан билээ.
Зарлан мэдээллийн 60 дуут цамхагаар дамжуулан Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио нийслэл даяар 08:00 цагт дугарлаа. Дуут дохион дуунаар бүх иргэн орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд цуглах ёстой байв. Гэсэн ч энэ удаагийн сургалтад иргэд төдийлөн идэвхтэй хамрагдсангүй, цөөн тоогоор цугласан байв. Тэдний зарим нь сургалт болно гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэлгүй байгаагаа хэлж байлаа. Мэдээлэлтэй нэг нь ирээгүй ч байж болох. Үүнд иргэдийн өөрсдийн идэвх, оролцоо маш чухал юм. Харин ОБЕГ-аас нүүн шилжих дадлага сургуульд нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцсон гэдэг мэдээллийг өглөө.
Дадлага сургуулийн үеэр Онцгой байдлын болон эмнэлэгийн байгууллагын алба хаагчид гамшгийн үед хэрхэх тухай мэдээлэл бүхий танилцуулга материалыг хангалттай бэлтгэсэн байв.
Мөн үеэр гамшгийн үед, газар хөдлөлтөөр "СУУ, НУУГД, ХҮЛЭЭ" буюу иргэд ямар бэлтгэл хангасан байх, юуг анхаарах талаар тун хэрэгтэй мэдээллийг өөрсдийн үзүүлэн сургалтаар өглөө. Тухайлбал, “Өрхйин бэлэн байдлын багц”-д зайлшгүй хэрэгцээтэй ямар зүйлсийг багтаах, тэдгээрийг хэрхэн хэрэглэхийг зааварчилсан. Жишээлэхэд, сонин болон нимгэн гялгар уутыг ашиглан аяга хийх, сонингоор биеийн дулааныг хэрхэн хадгалах талаар зааж, танд яагаад шүгэл заавал байх хэрэгтэй вэ гэдгийг нарийн тайлбарлан үзүүлсэн. Мөн эмнэлгийн ажилтнууд иргэдийн даралтыг үзэж, зөвлөгөө өглөө.
Нөгөө талдаа дадлага сургуулийн үеэр иргэд бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэх ёстой байсан нь чирэгдэлтэй, дараалал үүсгэсэн асуудал болж байгааг иргэд ярьж байлаа. Гамшгийн сургалт бүртгүүлэх тэмцэл болж өргөжсөн талаар иргэдийн дийлэнх нь шүүмжилж байсан юм.
Гамшгийн сургуулилтын үеэр иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
Иргэн н.Лувсанжамц: Дээр үед гамшгийн сургалтыг зохион байгуулахдаа иргэдийг хөдөө газар руу аваад явчихдаг байсан. Миний хувьд Яармагт амьдардаг байлаа. Тэнд байгууллагуудад гамшиг болсон үед хоргодох байртай байдаг байсан. Одоо бол орох газар байхгүй байна, бөөнөөрөө “мажийвал” яах юм болж байна.
БЗД-ийн 14-р хорооны Өрхийн эмнэлгийн сувилагч Отгонцэцэг: Эмнэлгийн байгууллага бол гамшгийн үед бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, бэлэн байх ёстой. Яг өнөөдрийн хувьд ОБЕГ-аас нэр дурдсан хүмүүс энэ сургуульд оролцож, ямар нэгэн гамшгийн үед гарын доорх материалаар хэрхэн тусламж үзүүлэх тараар иргэдэд мэдээлэл өгч байна. Жишээ нь, иргэн та түлэгдсэн бол түлэгдсэн талбай том байвал яаралтай эмнэлэгийн тусламж авах хэрэгтэй. Түлэгдэлт бага бол хамгийн түрүүнд түлэгдэлт дээр ус асгах хэрэгтэй. Хоёрдугаарт, тайван байж, эмнэлгийн тусламжаа дуудна. Мөн гар хугарсан үед чиг тавьж бооно. Хэрвээ тухайн иргэн нэлээн хугаралттай, хөдлөх боломжгүй байвал чигийг нь шууд хувцас дээр нь барин боож өгнө гэх мэт яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй.
Иргэн н.Бат-Эрдэнэ: Социолизмын үед “Иргэний хамгаалалт” гэж арга хэмээ зохион явуулдаг байсан. Сүүлийн 30-аад жил гамшгийн үед хэрхэх талаар иймэрхүү иргэдийг олноор нь хамруулсан арга хэмжээ явуулж байгаагүй. Газар хөдлөлтийн чичирхийлэл их байгаа манай эх оронд ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа төр засаг, онцгой байдлын газар зөв зүйтэй ажил хийж байна. Ингэж хүмүүсийг сургаснаар өөрсдийгөө гамшгаас хамгаалах зохих мэдлэг авч байна.
Иргэн н.Болд: Өнөөдрийн сургуулиар нэгдүгээрт, аюулгүй, цуглах газраа тогтоож өгсөн. Хоёрдугаарт, гамшгийн үед хүн өөрөө яах ёстой вэ, газар хөдлөлтийн үед хүн хамгийн түрүүнд доошоо суух ёстой, түлхэхгүй, ярихгүй гэсэн мэдээллийг өглөө. Дээрээс нь гэр бүлийн гишүүдээ хянах бусдадаа туслах гэх мэт гамшгийн үед яах ёстой талаар, мөн гал түймрийн үед байрнаас гарахдаа цахилгаан хэрэглүүдээ салгах, лифт ашиглахгүй байх болон цаасаар аяга хийх зэрэг мэдээллийг авлаа. Иргэдэд энэ төрлийн сургалт зохион байгуулах нь зүйтэй. Гэхдээ ингэж нүсэр, төвлөрсөн маягаар хийх нь зохимжгүй. Үүнийг хэсэгчилсэн байдлаар, тодорхой зорилтот бүлэгт зориулсан богино хугацаатай үр ашигтай сургалт хийх системийг бий болгох ёстой. Тэгэхгүйгээр массаар зохион байгуулах нь үр ашиг муутай, чирэгдэл ихтэй байна. Хот даяараа л ажил зогсож байна. Хүүхдүүдэд, насанд хүрсэн хүмүүст, суурин газар шилжин ирж байгаа иргэдэд гэх мэтээр стандартчилахгүй бол болохгүй. Дараагийн нэг асуудал байгаа нь зохион байгуулалт муу байна. Зөвхөн бүртгүүлэхийн тулд маш урт дараалал үүсгэж байна.
ИРГЭНИЙ БЭЛЭН БАЙДЛЫН ЦҮНХЭНД ЗАЙЛШГҮЙ БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛС
Бичиг баримт, гэрийн хаяг, цэвэр ус, удаан хадгалах боломжтой хүнс, сонин, нийлэг уут, цаас харандаа, скоч, наалддаг тууз, бээлийн, алчуур, дулаан хувцас, радио, гар чийдэн, нөөц зай, шүгэл, эмийн сан, лаа, шүдэнз.
Сэтгэгдэл ( 2 )
Zugeer neg surguuliltan deer zohion baiguulaltgui udirdlagaar hangaagui emh zambaraagui medeelelgui baisan. Jinhene huchtei gazar hudul asuudal uusvel OBEGazar ami amia bodooroi geed hayad yavah yum shig zurag haragdlaa. Gal garsan Tsasan nurag uussen Nisdeg tereg unasan Gal tuimer garsan iim ued avrah ajillagaa yavuulj baihiig medeh yum. Uuniig Avrah Angi gedeg yum. Oncgoi Baidliin Erunhii Gazar bol bolzoshgui ayulaas uridchilan sergiileh gol uuregtei.Ene uurgee uhamsarlaagui huneer ug baiguullagiig udirduulsan yum bish uu tamini ee yana daa
МАШ МУУ ШАЛ ДЭМИЙ АЖИЛ БОЛЖЭЭ УУЛ НЬ САЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН БОЛ ҮР ДҮНТЭЙ БОЛОХ БЛАА . ОНЦГОЙНХОН МЭРГЭЖИЛИЙН БАЙЖ ЧАДСАНГҮЙ БИДЭНД ЮУ СУРГАСАНГҮЙ ХУДЛАА ШОУДСАН БНА ХАЙРАН ХӨРӨНГӨ ХОТЫН ДАРГАА БИДНИЙ МӨНГӨНӨӨС ГАРГАСАН БАЙХ ДАА ЧААВААС