Д.Тогтохсүрэн: Ерөнхий аудитороор шинэ хүн томилох чигтэй байгаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа  АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн олонх нь дэмжсэн. Бүлгийн хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм. 


-АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийн ажлын туршлага хуулийн шаардлага хангаж байгаа юу?

-АТГ-ын даргыг томилох асуудлыг хуульд тодорхой заасан байгаа. Хууль хяналтын байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан байна. З.Дашдаваа, Ж.Батсайхан нарын хувьд 20-25 жил цагдаа, тагнуул, АТГ-т ажилласан. Хоёрдугаарт, эдгээр хүмүүс сүүлийн таван жил улс төр, намын үйл ажиллагаанд оролцоогүй гэж үзээд Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэрийг нь оруулж ирсэн. Үндсэндээ хуульд нийцсэн эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцаж нягталдаг.

-АТГ-ын өмнөх даргын бүрэн эрхийн хугацаа дууссан, дуусаагүй гэх маргаан байдаг. Энэ талаар тодруулна уу?

-Авлигын эсрэг хуулийн 21.1-д АТГ-ын дарга, дэд даргын томилгооны хугацаа зургаан жил гэж заасан. 21.5-д АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн 21.1-д заасан хугацааг дуустал үргэлжилнэ гэсэн байгаа. Энэ хуулиар бол Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-нд дуусгавар болсон гэж үзэж байгаа. Дэд дарга Ц.Нямдоржийн хувьд хугацаа дууссан, өөрөө ажлаа өгөх хүсэлт гаргасан. Иймээс 21.5-аар бүрэн эрх нь дууссан гэж үзээд дараагийн хүмүүсийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

-Ерөнхий аудиторын асуудлыг МАН-ын бүлэг хэзээ хэлэлцэх вэ?

-Ерөнхий аудиторын асуудлыг ирэх лхагва гаригт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Үүний дараа шаардлагатай гэвэл бүлэг хуралдана. Энэ долоо хоногт багтаан УИХ шийдвэрлэнэ.

-Түдгэлзүүлсэн аудиторыг томилох уу, эсвэл шинэ хүн томилох уу?

-Шинэ хүн томилох чиглэлтэй байгаа. Ер нь ЖДҮХС-гийн зээлтэй хамаарал бүхий компани нь холбогдсон албан тушаалтнууд бүгд хариуцлага хүлээсэн. Тиймээс ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой гэдгээр нь үргэлжлүүлж томилохгүй, шинэ хүн томилох саналтай байгаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу?

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудал хаврын чуулганы төлөвлөгөөнд байгаа. Үндсэн хууль зөвшилцлөөр явах ёстой. Тиймээс улстөрийн намууд, сөрөг хүчинтэй зөвшилцөх, УИХ-ын гишүүдэд танилцуулж, тэдний дэмжлэгийг авах олон үйл ажиллагаа байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top