Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан өнөөдөр (2019.04.30) 11 цаг 42 минутад эхэлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй танилцлаа.
Энэ талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг билээ. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт”, “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”, “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” гэсэн үндсэн 6 сэдвийн хүрээнд боловсруулсан гэдгийг онцлов.
Хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Г.Элбэгсайхан, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал, Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Дамдинцэрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Сэтгэгдэл ( 0 )