Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно-2019” өдөрлөгийг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн иргэдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж байдаг нарийн төвөгтэй ажлыг хийдэг. Бидний үйл хэрэгт хамгийн хүндрэлтэй байгаа нэг асуудал бол иргэдийн хууль эрх зүйн боловсролын түвшин хангалтгүй, энэ талаар мэдлэг мэдээлэл байдаггүй явдал юм. Тиймээс өнөөдрийн үйл ажиллагааг нийслэлээс дэмжиж хамтран оролцож байна. Нийслэлээр овоглодог, энд цугласан хуулийн мэргэжлийн ажилтан, албан хаагч та бүхэнд өнөөдрийн энэ ажилд тань амжилт хүсье” гэлээ.
Хуульчид өөрсдийн үндсэн ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна олон нийтийн сайн сайхны төлөө үнэгүй зөвлөгөө өгөх замаар хуульчийн мэргэжлийг сурталчлах, нийгмийн хөгжил дэвшил болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зөв мэдлэг, мэдээлэл олгох өндөр ач холбогдолтой өнөөдрийн өдөрлөг зохион байгуулагдаж байгаа гэдгийг Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан онцолж хэлэв.
Өдөрлөгийн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, Шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм. Мөн Татварын ерөнхий газраас Татварын шинэ хууль, тогтоомжийн талаар танилцуулга мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өр төлбөргүй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгоно. Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын хууль, тогтоомж болон “Нийгмийн даатгал” аппликэйшнийг танилцуулж байна. Мөн Монголын Нотариатчдын танхим, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч байв.
Сэтгэгдэл ( 0 )