Ялалтын баяр: Дайны тухай орчин үеийн 7 кино

2019 оны 05 сарын 09

Ялалтын баярын үеэр телевизийн ихэнх суваг дайны тухай кино гаргадаг уламжлалтай. Гэхдээ үнэнийг хэлэхэд бараг цээжлэх шахсан хуучны кинонууд голчилдог нь нууц биш. Тиймээс та бүхэнд Ялалтын баярт зориулан, дайны тухай орчин үеийн шилдэг долоон киног толилуулж байна.

“Franz + Polina” (2006)

“Франц + Полина” кино герман цэрэг, орос бүсгүй хоёрын дурлалын түүхийг өгүүлнэ. 1943 онд СС-ийн цэргүүд Беларусийн нэгэн тосгонд ирнэ. Тэнд Франц хэмээх шинэ цэрэг гэрийн эзний охин Полинад дурлана. Фашистууд тосгоны иргэдийг бүгдийг нь алах тушаал авахад Франц даргаа алаад Полинатай хамт зугтдаг. Ийнхүү тэдний адал явдал эхэлнэ. Энэ кино маш олон шагнал авсан.

“Тhe Boy in the Striped Pyjamas” (2008)

Энэ кино таныг уйлуулна гэдэгт итгэлтэй байна. Хорих лагерийн захирагчийн хүү, Шмуэль хэмээх еврей хүү хоёрын нөхөрлөлийн түүх. Герман хүү торны цаана юу байдгийг огт мэдэхгүй. Гэхдээ тэр өөрөө тэнд очих болно.

“The Priest” (2009)

Аугаа их Эх орны дайны үеийн Псков хотын Үнэн алдартны сүмийн үйл ажиллагааг харуулжээ. Хамба лам Александр Ионин Германы түрэмгийллийн үед ард түмний сүсэг бишрэлийг хэрхэн хадгалж үлдэх вэ гэж сэтгэлээ чилээнэ.

“Pearl Harbor” (2001)

Энэ киног тайлбарлах хэрэг байхгүй биз ээ. Найруулагч Майкл Бэйн энэ бүтээл дэлгэцэнд гараад л олон сая үзэгчийн зүрхийг эзэмдсэн. 1941 оны 12 дугаар сарын 7-нд болсон япончуудын довтолгоог гол дүрийн баатруудын хайрын гурвалжинтай хамт үзүүлжээ.

“The Pianist” (2002)

Гол дүрийн баатар бол Польшийн хөгжимчин Владек. Германчуудад баригдсан ч тэр  хорих лагерьт очилгүй зугтаж амжина. Ингээд хотод нуугдан амьдарч, амьд үлдэхийг хичээнэ. Польшийн алдарт төгөлдөр хуурч Владислав Шпильманы намтраас сэдэвлэн бүтээсэн энэ кино гурван “Оскар”-ын шагналтай.

“Schindler's List” (1993)

Энэ киног шинэ, орчин үеийн бүтээл гэж хэлж болохгүй ч дайны тухай шилдэг киноны жагсаалтад заавал багтах ёстой кино. Олон мянган еврей хүний амь насыг аварсан герман бизнесмэн Оскар Шиндлерийн тухай өгүүлдэг. Бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээжээ.

“Anna's War” (2018)

Эцэг эхээ алдан, энэ дэлхийд цор ганцаар үлдсэн бяцхан охин. Германууд тосгоноос явтал бараг бүтэн хоёр жил тэр пийшин дотор нуугдан амьдардаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(66.181.184.170) 2019 оны 05 сарын 09

Бизнесмэн Оскар Шиндлер бол чех хүн байсан юм билээ. Герман хүн биш. Буруу орчуулсан байна.

0  |  0
Top