Нэтфликс: “Sanctuary” киноны сүмоч Шизүүчи ярьж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 22

Сүүлийн үед Netflix-д амжилт олсон япон цувралын нэг нь Sanctuary кино. Мэргэжлийн сүмо бөхийн найраа, ар тал, нууц хэсгийг ил тод харуулсан бүтээл гэж шинжээчдээс өндөр үнэлэлт авсан энэ кинонд зодог тайлсан олон сүмоч дүр бүтээсэн юм. Өнгөрсөн тавдугаар сарын 4-нөөс гарч эхэлсэн энэхүү цуврал таван өдрийн турш Netflix дэх шилдэг япон киноны жагсаалтыг тэргүүлж, Netflix-ийн долоо хоногийн Шилдэг арван киноны зургаад орсон юм. Хамгийн сонирхолтой нь энэ кино зөвхөн бөх сонирхогчид төдийгүй жирийн үзэгчдийг ч амтандаа оруулж чадсан. Одоо тэд киноны дараагийн хэсгийг тэсэн ядан хүлээж байна. Монголчууд ч энэ киноны талаар олон нийтийн сүлжээгээр ихээхэн ярилцаж байгаа билээ.

Киноны гол баатар буюу сөрөг талын этгээд нь Шизүүчи хэмээх сүмоч. Түүний дүрийг бүтээсэн Сүми Хироки бол цагтаа жюүрёод Хишёофүжи нэрээр барилдаж байсан бөх. 193 см өндөр, 260 кг жинтэй. Гол баатар Эннотой бүх талаар сөргөлдөх бөгөөд кино дээр нэг ч үг дуугарахгүй. Ингээд Сүми Хирокитой Никкан Спорт сонины сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг толилуулж байна.

- Sanctuary кино үзэгчдийн сонирхлыг их татлаа. Таны хувьд ямар өөрчлөлт гарав?

-Гудамжаар алхаад явж байхад хүмүүс таньдаг болсон. Сүмо барилдаж байсан үеэс илүү олон хүн мэддэг, мэндэлдэг болж байна. Инстаграм, тиктокоор хүмүүс “Та Шизүүчи мөн үү” гээд л орж ирдэг болсон. Кино дээр бараг ярьдаггүй ч жинхэнэ амьдрал дээр би чалчиж өгнө шүү дээ. Шизүүчигийн хацар дээр том сорви байдаг даа. Хүмүүс тэр сорвийг жинхэнэ эсэхийг мэдэх гэж их асуудаг. Инстаграмын дагагч мянган хүнээр нэмэгдсэн нь бүгд гадаад хүмүүс. Харин твиттер 2000 хүнээр нэмэгдсэн нь япончууд байлаа.

-Киногоо үзээд төрсөн сэтгэгдэл?

-Тавдугаар сарын 4-нөөс дэлхий дахинд цацагдсан. Би нэлээд хойно үзсэн. Үнэхээр гайхалтай сайхан кино болжээ. Барилдааны дүр зураг, сүмо дэвжээний байдал гээд яг жинхэнэ сүмогийн ертөнц шиг болсон байна лээ. Уур амьсгалыг ч яг гаргаж чаджээ. Гадаа гудамжинд хүмүүс намайг таньдаг болсон гэдэг нь тэд сүмо бөхөд сонирхолтой болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл сүмо сонирхогчдын тоо энэ киногоор нэмэгдсэн. Орчин цагт спортын маш олон төрөл байгаа тул хүүхэд багачуудад сонголт их болсон. Харин манай киногоор сүмо болох хүсэлтэй залуусын тоо нэмэгдсэн бол би их баяртай байх болно.

-Шизүүчигийн дүрд жүжигчний сонгон шалгаруулалтад тохирох хүн байхгүй их хэцүү байсан гэсэн. Харин та ирээд бие хаа, байдал төрх гээд яг таарсан гэлцэх юм.

-Үнэн. Гэхдээ анх зохиолыг нь унштал миний тоглох баатар бараг үг хэлэхгүй юм. Үг яриа байхгүй гэхээр нүүрний хөдөлгөөн, царайны өөрчлөлтөөр сэтгэлээ илэрхийлнэ гэсэн үг. Ёстой хэцүү юм байна гэж анх бодож байлаа.

-Гол баатар мөртлөө юм ярьдаггүй.

-Тоглоход үнэхээр хэцүү. Найруулагч байнга нүдний харц чинь биш байна, доогуур хар гэж үглэж байлаа. Шизүүчи барилдах үедээ инээвхийлэх ч жирийн үед бараг сэтгэлийн хөдөлгөөнгүй, чимээгүй залуу. Барилдах үеийн аймшигтай Шизүүчи, тайван амгалан Шизүүчи хоёрын ялгааг гаргах хэцүү байлаа.

-Энэ кинонд зодог тайлсан олон сүмоч оролцлоо. Харин бусад жүжигчид бие хаагаа бэлтгэх, булчингаа чангалах гэж их дасгал хийсэн гэсэн.

- Ганц хоёр жил зүтгээд ч жинхэнэ бөхтэй адил биетэй болох хэцүү. Жүжигчид маань өдөр бүр сүмогийн дасгал хийгээд л ажиллаж эхэлсэн. Энкүгийн дүрийг бүтээсэн Ишигава Шёохэй бие нь бараг сүмоч шиг болж ирсэн. Санданмэ зиндааны сүмоч шиг л болсон. Ер нь энэ киноны жүжигчин, зураг авалтын багийнхан бүгд нэг сүмо дэвжээнд амьдарч байгаа мэт санагдаж байсан. Найруулагч маань ояката багш мэт.

-Бэлтгэл, барилдааны дүрс үнэхээр гайхалтай байсан. Олон жилийн дараа түлхэх, алгадах мэх хийхэд ямар байв?

- Би чинь барилдаж байсан хүн. Хамаг чадлаараа түлхвэл хүн гэмтээнэ. Харин манай зарим жүжигчин сүмо бэлтгэлийн зураг авалт дээр жинхнээсээ мөргө гэж надаас гуйж байлаа. Эннотой барилдаж байгаа хэсэгт бараг үнэнээсээ барилдсан. Надаас өөр хүн байсан бол тэр дайралтыг нь тогтоож дийлэхгүй, гэмтэх байсан биз. Ер нь бүгд нэг баг болон ажилласны үр дүнд ийм сайхан кино бүтээлээ гэж бодож байна.   

-Шизүүчи бол хэнд ч ялагдашгүй бөх. Та зодог тайлаад 6 жил өнгөрсөн ч дүрдээ ороод дахин барилдмаар санагдаагүй юу?

-Санагдсан шүү. Шизүүчи макүшитад дэвштлээ 30 дараалан ялдаг. Би ч гэсэн барилдаж байхдаа гэмтлээс эргэн ирээд Чиёошёомад ялагдталаа 22 дараалан ялж байсан. Шизүүчи гэдэг дүрээрээ мэргэжилд барилдсан бол хэр хол явах байсан бол гэж бодогдсон.

-Сүмо барилдаж байсан хүний хувьд энэ киноны хамгийн сонирхолтой хэсэг юу вэ?

-Эхнээсээ л сүмо дэвжээний хөшигний ардах амьралыг харуулж байгаа нь хамгийн сонирхолтой. Дан эрчүүд хамтдаа амьдардаг нийгэм. Ояката багшийн гэргий гэсэн ганцхан эмэгтэй бий. Би 15 настайдаа сүмо дэвжээнд элссэн хүн. Үнэхээр ийм явдал болж байсан шүү гэж бодонгоо үзэж суулаа. Энья гэдэг сүмоч гардаг даа. Яг над шиг санагдсан. Цолтой байснаа гэмтлийн улмаас макүшитад унана. Би ч гэсэн өвдөгний гэмтлээр доошоо унаад дараа нь цолтой бөхчүүдтэй тааралдахдаа атаархан хардаг л байлаа. Өөртэйгээ зүйрлээд үзэхэд үнэхээр сонирхолтой байсан.

-Мэргэжлийн сүмочид шүүмжлэх байх гэж санаа зовних зүйл байв уу?

-Барилдаж байсан хүний хувьд тэд юу гэх нь их сонирхолтой байлаа. Нэг цолтой бөх надад “Чи барилдаж байсан үеийнхээсээ илүү хүчирхэг болжээ” гэж бичсэн байсан. Хоёрдугаар хэсэг хэзээ гарах бол, Шизүүчи цаашдаа яах бол гэж асууж байгаа хүн маш олон байлаа.

-Хацарны сорви, Эннотой хийх тэмцэл гээд дараагийн ангиудыг хурдан үзмээр байна шүү.

-Хүмүүс Рюүкокү дэвжээний Рюүки яах бол гэж их сонирхож байгаа. Мэдээж миний хацарны сорви, Шизүүчи яагаад ярьдаггүй юм бол, багадаа ээжээ алдаад яаж сүмоч болсон юм бол гээд олон асуултны хариуг дараагийн ангиас үзээрэй.

-Киног үзэж амжаагүй байгаа хүмүүст хэлэх үг?

- Netflix хэмээх асар том байгууллагын дэлхийн шилдэг арван кинонд багтсан бүтээл шүү дээ. Сүмо мэддэггүй хүн ч үзэж байгаа. Хүмүүст хэлэхэд үзээд дэмий болж, хэрэггүй үзлээ гэж хэлэх хүн гарахгүй. Үзсэн нь дээр шүү гэж шууд хэлмээр байна. Сүмо төдийгүй хүн гэдэг амьтны зан чанар, хүний мөсний талаар өгүүлнэ. Хүний сэтгэлийг уяраах түүх, үйл явдал ихтэй.

-Та зодог тайлаад ямар ажил хийж байна вэ?

-Би хүнс, хоолтой холбоотой ажил эрхэлдэг. Хоолны газартай. Харин ирэх есдүгээр сард Холливудын кинонд гарна. Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-д нээлтээ хийсэн John Wick: Chapter 4 кино есдүгээр сард Японд нээлтээ хийх юм. Цаашдаа үг ярьдаг баатрын дүр бүтээх хүсэлтэй. Кино салбарт эрэлттэй жүжигчин болох сон гэж боддог. Ийм том биетэй жүжигчин ховор тул намайг уриарай гэж найруулагч нарт хэлмээр байна.

Сүми Хироки – 1989 оны долоодугаар сарын 14-нд Кобэд төрсөн. Накамүра дэвжээнд 2005 оноос барилдаж эхэлсэн.  2007 оны Нагоя башёд нэрээ Хишёофүжи болгож сольсон. 2011 оны Намрын тэмцээнд жюүрёод дэвшсэн. 2017 оны нэгдүгээр сард зодог тайлсан. Нийт 234 даваа, 197 унаатай. 2018 онд АНУ-ын мэргэжлийн бөхийн WWE холбооны тэмцээнд орж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.233) 2023 оны 09 сарын 01

гоё кино шүү яах бол гэж шимтсээр бгаад дуусгасан

0  |  0
Top